Гэр бүлээсээ сална гэдэг амьдралд бууж өгч байна гэсэн үг

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Гэр бүлээсээ сална гэдэг амьдралд бууж өгч байна гэсэн үг

НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн жендерийн мэргэжилтэн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэр бүл судлаач Н.Золзаяатай ярилцлаа.

-Таны бичсэн “Эрхэмсэг ганган амьдрахуй” нэртэй номыг уншаад ярилцъя гэж бодсон юмаа. Ийм ганган нэртэй ном бичсэн хүний хувийн амьдрал яагаад ч юм бас "ганган" юм шиг санагдаад болохгүй юм.

-Хүний амьдрал чинь хөгтэй  явдал, дурсамж, туршлага, бүтэлгүйтэл, аз амжилтаар дүүрэн шүү дээ. Миний амьдрал яг л тийм. Эгэл бөгөөд зөв сонголт дээр суурилсан амьдралаа бичсэн номын минь хувьд бол бусдад сургамжтай болов уу гэсэн зүйлүүдээ санал бодлоо  хуваалцах үүднээс номондоо оруулсан юм. Би хувь хүнийг номтой зүйрлэх дуртай. Илэн далангуй бичих л юм бол хүн бүрийн  амьдрал адал явдалтай роман гэсэн үг. Харин тэр роман хэр сонирхолтой, хэр зузаан үүх түүхтэй байх вэ гэдэг нь тухайн хүнээс хамаарах байх даа. Алдарт С.Удвал зохиолчын нэг сайхан шүлэг санаанд байдаг юм.

Ойлгоход ярвигтай ном гэнэлээ би

Олдоход жирийн нэгэн билээ би

Ойлгосон хойноо хэрэгтэй ном байхсаан

Олдсон хойноо саламгүй нөхөр байхсаан…

Ном маань хүнд хэрэгтэй байж чадаж байвалболлоо гэсэн үг. Энэ бол хүсэл зорилгын маань биелэл болно. Өөртөө талархана.

-Олон улсын том байгууллагад ажилладаг хүн цаг заваар ямар байдаг юм бол? Тэр тусмаа гэр бүлийн асуудал гэдэг ярвигтай зүйл шиг.

-НҮБ-д төсөл дээр эрхэлж байгаа ажил  маань ачаалалтай ч чөлөөт цагаараа өөрийн хүсэл сонирхлоо  гүйцэлдүүлэхийг хичээдэг. Тэгээд ч гэр бүл судлал бол миний мэргэжил. Зорилго нэгт нөхдийнхөө хамт эмэгтэйчүүдийн байгууллагад сонгуульт ажил хүлээгээд зүтгэж  явна. Төрсөн нутаг Архангай аймгийнхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажилласан он жилүүд  надад том сургууль болсон. Охид хүүхнүүд, тэднийхээ гэр бүл тойрсон асуудлыг бүрэн ойлгож авсан. Анхан шатны байгууллагаас нь эхлээд 90 жилийн түүхтэй дээд байгууллага нь болох Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр дахь удаагаа  сонгогдон ажиллаж байна.

-Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэж байна гэж ярих юм. Яг юунаас болоод байдаг юм бол?

-Мэдээж гэр бүл салалтын шалтгаан өөр өөр. Ажиглаж байхад ихэнх гэр бүлийн салж байгаа байдал нь маш өнгөцхөн шалтгаанаар, ялимгүй зүйлд гомдож тунирхсанаасаа болоод байна. Ер нь бол асуудалгүй гэр бүл гэж байхгүй л дээ. Харин тулгарч байгаа асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэж, бэрхшээлийг хэрхэн давж гарч байгаагаар тухайн гэр бүлийн мөн чанар хэмжигдэх байх. Бие биендээ бууж өгөхгүй гэсэн хатуу байр суурь баримтлаад байх явдал хосуудад ажиглагдаж байна. Ялангуяа залуу эмэгтэйчүүд бүх юмыг мэдэж дийлэх гэсэн хандлагатай байдаг. Юм өөрийнх нь санаснаар байхгүй болохоор стрессдэж  бухимддаг. Тэгээд уурлаж бухимдсан үедээ юу ч хамаагүй хэлж орхидог. Тэгтэл эрэгтэй хүн тэр хэлсэн үгэнд нь эмзэглээд, бөөн гомдол гутрал тээгээд яваад байдаг. Хэд хэдэн удаа муухай үг сонссон хүн нэг өдөр архи балгасан үедээ том дуугарч нөгөө бухимдлаа буруу илэрхийлдэг. Ингээд л нөгөө гал дээр тос нэмэхийн адил хосуудын харилцаа нь муудаж дэвэрдэг тал байна. Залуус ер нь харилцаан дээрээ л алдаа гаргаж байна. Харилцаа гэдэг маань зөвхөн үг яриа биш. Бие биендээ хандаж байгаа хандлага, хайр халамж, бие биенийхээ төлөө хийж байгаа зүйлүүд, хоёр талын эцэг эхтэйгээ харилцаж байгаа байдал, тэгээд бэлгийн харилцаа гээд олон зүйлээс хамаарна.

-“Дарга уурлахаараа хална гэдэг, эхнэр уурлахаараа сална гэдэг” ийм хэлц үг гарсан байна. Үнэний ортой болов уу? Та юу гэж бодож байна?

-Жаахан муудалцаж ам муруйхаараа л сална гэж дуугардаг эмэгтэйчүүд байнаа. Ер нь бол салах л байсан юм бол яах гэж гэрлэсэн юм бэ гэж би зарим залуу гэр бүлд  хэлдэг юм. Сална гэдгийг нөхрөө айлгах, дийлэх арга хэрэгсэл болгоод байгаа тал ажиглагдаж байна. Амьдралд заавал дийлж амьдрана гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Харин ч буулт хийж амьдарвал амьдрал нь амьдрал болох байх. Буулт хийнэ гэдэг нь хэн сул дорой нь бууж өгч байгаа хэрэг биш, харин ч хэн ухаантай нь буулт хийдэг гэдэг. Тэгээд ч амны билгээс ашдын билэг гэсэн ардын үг бий. Юм л бол сална сална гэж хашгираад байвал нөгөө бурхан тэнгэр чинь, энэ хүн  салах дуртай байгаа юм байна, хөөрхийд тус больё гээд ёсоор нь болгоод өгөх магадлалтай. Сүүлийн үед далд ухамсар, нууцын онол гэж их ярих болсон. Энэ нууцын хуулиар бол үг амьтай гэдэг шүү дээ. Тэгээд ч гэр бүлээсээ салж байна гэдэг нь асуудлаа шийдвэрлэж байгаа хэрэг биш юм. Харин асуудлаа шийдвэрлэхийн оронд хурдхан салаад амьдралд бууж өгч байна  гэсэн үг. Гэр бүлээ аврах биш бүтээж босгосон амьдралаа бусниулж байгаа хэрэг. Би хэдэн жилийн өмнө судалгааны ажлаар салсан гэр бүлүүдтэй ярилцлага хийж байсан юм. Тэгэхэд тэдний дийлэнх нь гэр бүлээсээ салсандаа харамсдаг тухайгаа ярьж байсан. "Жаахан л тэссэн бол  салахгүй байж болох байсан байна. Бидэнд  яагаад битгий сал гэж хэн нэгэн хэлж зөвлөөгүй юм бол" гэж харуусан ярьцгааж байсан. Хүний эхний амьдрал гэдэг сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээдэг. Ямар нэг хэрэгцээ шаардлагын дагуу биш, жинхэнэ сэтгэл зүрхээрээ, амьдрал үзээгүй гэнэн цагаанаараа бүх зүйлийг сайхнаар төсөөлж гэрлэдэг.

Гэтэл амьдрал дээр тэр үнэт зүйлийнхээ төлөө тэмцээгүй байдаг. Нөгөө хайр сэтгэл яасныг бүү мэд. Сүүлд нь л харамсдаг. Харамслаа гээд цаг хугацааг буцаах биш. Салалтаас болж нэг хүүхэд нь хадмынд нь, нөгөө нь өөрийнх нь эгч дээр, нөхөр нь салаад аль нэг тийшээ яваад алга болсон гэх мэт. Бүгдийг ингээд ийш тийш нь самраад хаячихаж байна. Сүүлд нь асар их харамсалд автахгүйн  тулд амьдралынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Тэмцье гэтэл яах, юу хийх ёстойгоо мэдэхгүй байж болно. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гэр бүлийн зөвлөгөө өгдөг газрууд, мэргэжлийн хүмүүс байдаг болсон. Ном хэвлэл, мэдээлэл ч арвин болсон байна.

-Нөхөр нь зодож хүчирхийлээд байвал яах вэ? Салахгүй гээд бууж өгөөд байх уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл бол өөр асуудал. Та бид хоёр  зайлшгүй биш, ноцтой биш шалтгааны улмаас гэр бүлээсээ салж байгаа тухай яриад байна л даа. Түрүүн би салсан гэр бүлүүдтэй ярилцлага хийсэн гэж хэлсэн. Тэднээр жишээ авахад, тэдний дотор гэр бүлийн хүчирхийллээс болоод зайлшүй шалтгаанаар салсан гэр бүл байгаагүй. Гэр бүл салсны дараа харин ч тэд маш эмзэг байдалруу шилждэг юм байна. Ганцаараа болчихсон хүн чинь  гэр бүлийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөж дураараа шөнө орой гарч орох нь ихсэж, архи дарс уух, дэл сул явах, бусдын хараанд өртөж олзлогдох, зөвхөн биеийн хэрэгцээний дагуу  бэлгийн замбараагүй харилцаатай болох, өвчин эндэгдэлд өртөх магадлалтай болдог. Үүнээс үзэхэд гэр бүлтэй байна гэдэг нь  хувь хүн хамгаалалттай байна гэсэн үг.  “Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг дээ. Ямар ч хань ижилтэй хүн бие биендээ захирагддаг. Энэ нь өөрөө эргээд хамгаалалт болдог.Хосууд дандаа бие биенийгээ муу юмнаас хамгаалж байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд их зөнч. Муу юмыг сэтгэл зүрхээрээ, зөн совингоороо урьдчилж мэдчих гээд байдаг талтай.

-Та их сонирхолтой юм ярьж байна. Хосууд харилцаан дээрээ алдаа гаргаж байна гэж та хэллээ. Бэлгийн харилцааны талаар ч  дурьдлаа. Бэлгийн харилцаа гэр бүлд чухал харилцаанд тооцогдох уу?

-Чухал байлгүй яахав. Миний хувьд бэлгийн харилцааг хүний харилцааны л нэг хэлбэр гэдэг талаас нь  судлах гэж оролдсон юм. Судалгаагаар маань эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн харилцаанд хандах хандлага гэх мэт хэд хэдэн онцлог өвөрмөц зүйлүүд  гарч ирсэн. Энэ судалгааныхаа ажлыг би номондоо оруулсныг өөрөө харсан байхаа. Номондоо би илүү дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан байгаа. Ер нь бол бэлгийн харилцаа хосуудын хооронд байдаг нандин харилцаа гэж боддог. Тэр бүр хэн нэгэнтэй хуваалцаад байдаг харилцаа биш. Тэр утгаараа бэлгийн харилцаанд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм болов уу . Бэлгийн харилцааны үед хайрын, асар их тайвшралын  бодис ялгардаг гэж зарим судлаач эрдэмтэд нотолсон байдаг. Тэр нь эргээд хосуудын хайрыг бэхжүүлэх, эвлэрүүлэх, гэр бүлээ бат тогтвортой байлгах үндэс болж өгдөг гэж би үздэг. Тэгэхээр гэр бүлүүд бэлгийн харилцаандаа анхаарч, бие биендээ тохируулж зохицуулах, улам илүү суралцах хэрэгтэй гэж зөвлөж  байна. Бэлгийн харилцааг  бидэнд анхнаас нь  зааж өгөөд байдаг багш, эцэг эх гэж байхгүй шүү дээ. Энэ бол яах аргагүй хосуудын байгалийн бөгөөд амьдралын нөхөн үржихүйн сургууль. Хүний бие физиологийн үндсэн хэрэгцээний нэг. Гэр бүл болсон хосууд бие биенийхээ хэрэгцээг хангах эрхтэй. Албаны хэллэгээр бол  үүрэг хариуцлага. Хайнга хандахын аргагүй харилцаа.

-Таны судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс бэлгийн харилцаандаа хандах хандлага нь ямар байдаг гэж гарсан бэ?

-Хүмүүн бид байгалиасаа бие физиологийн хувьд  ялгаатай бүтээгдсэн учраас эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсээр ялгагддаг нь тодорхой. Хосууд бие биенийхээ тэр ялгаатай байдал, бусад онцлог шинжийг нь ялгаж харах л их чухал юм. Тэгтэл тэр ялгаатай өөр байгаад байгаа байдлыг нь ялгаа,онцлог гэж харахгүй нөгөөгийнхөө буруу, дутагдал гэж хараад бие биенээ буруутгаад байх тал ажиглагдаж байна. Нэгнийгээ буруутгахаар нөгөө хүнд нь биеэ өмөөрөх, өөрийгөө хамгаалах хариу урвал үүсдэг. Үүнээс л гэр бүлийн хэрүүл зөрчил үүсдэг. Тэгэхээр хосууд бие биенийгээ таньж мэдэх, тэр байтугай өөрийгөө ч таних тал дээр учир дутагдалтай байна. Ялангуяа үерхэж байгаа хосууд  дор хаяж нэг жил, цаашлаад хоёр жил үерхээсэй. Дөнгөж үерхээд хэдхэн сар болоод хүүхэдтэй болчихож байна. Ийм үед бие биенийгээ таних ямар ч боломжгүй. Угтаа бол хосууд бие биеийнхээ гаргаж байгаа зан авир, үйлдэж байгаа үйлдэл, аливаад хандаж байгаа хандлага зэргийг нь ажиглах, амсхийж дүгнэж үзэх, тайвнаар нөхцөл байдлыг эргэцүүлэх хэрэгтэй. Тэгээд өөрийн ажиглаж дүгнэсэн зүйл дээрээ тулгуурлаад ямар аргаар хоорондоо харилцах вэ гэдгээ бодох ёстой. Энэ бол бас нэг талаараа амьдралын ухаан юм. Тэгэхгүй бол сохор дурлалаар, эсвэл завгүй, ажил гэж гүйгээд, бие биенийгээ хайхрахгүй яваад л байх юм бол нэг  мэдэхэд салах сарних дээрээ тулчихсан байх жишээтэй. Бэлгийн харилцааны хувьд бол эрэгтэй хүнд биеийн хүсэл давамгайлж байхад, эмэгтэй хүнд сэтгэлийн хүсэл давамгайлж байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүст яах аргагүй ийм  ялгаатай хүсэл сонирхол бий. Харин бие биенийхээ хүсэл сонирхлыг мэдэж таних, зохицох, өөрийнхөө хүслийг хязгаарлах, нөгөөгийнхөө хүсэл сонирхлыг хүндэтгэж үзэх шаардлагатай болж ирж байгаа юм. Биеийн болон сэтгэлийн ийм хосолмол шинжтэй байдлаа илэн далангүй ярилцах, огт ичиж зоволгүй асуух, бие биедээ санаа бодлоо илэрхийлэх боломж олгох  зэргээр хүчин чармайлт гаргах зэрэг нь хамгаас чухал.

-Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Гэхдээ насны тухай ярилцмаар байна. Ингэхэд гэр бүлийн асуудалд нас хэр нөлөөлдөг бол?

-Би 47-той, за бараг 48 хүрэх гэж байна даа. Юуг нь нуух вэ дээ,ил харагдаж байхад. Ер нь бол 40 нас хамгийн гоё нас шиг санагддаг. Хүний амьдрал ахуй тэгширсэн, оюун бодол цэгцэрсэн, бие организмын хувьд яг л сайхан үе шиг санагддаг. Гэхдээ би насанд нэг их ач холбогдол өгдөггүй.  Хэдэн настай юм шиг амьдрах вэ гэдэг нь тухайн хүний сэтгэлгээнээс  л хамаарах байх. Хорьтой гучтай  мөртлөө тавьтай жартай юм шиг намба суусан байхыг алийг тэр гэхэв, тавь жар хүрчихээд залуу хүн шиг гялалзаж явахыг  ч алийг тэр гэхэв. Миний хувьд бол өөрийгөө залуу сэтгэлгээтэй гэж  боддог. Яагаад бидний үеийнхэн хайрлаж дурлаж, бүжиглэж  дэггүйтэж  болохгүй гэж. Яагаад тэдэн настай гээд л хүчээр хөгшрөх ёстой гэж. Намайг гаднаас нь харахад хөндий хямсгар харагддаг байж магад. Тэгтэл гэртээ бол эрх танхи хүүхэд л гэсэн үг. Үнсэлдэх, тэврэлдэх, эрхлэх туних гэдэг чинь зөвхөн залуу улсуудын хэрэг биш шүү дээ. Нас болгонд л өөр өөрийн хэрэгцээ, онцлог  байгаа. Залуучууд  гэр бүлийн асуудалдаа арай өнгөц, хайнга ханддаг тал ажиглагддаг. Гэтэл нас ахихын хэрээр  гэр бүл үр хүүхдийнхээ асуудалд илүү хүлээцтэй, хариуцлагатай ханддаг. Залуу гэр бүлүүд эхний 5-7 жилийг давчих юм бол цаашид алзахгүй. Гэр бүл болсон эхний үед яах аргагүй зөрчил үүсчих гээд байдаг. Аргагүй л дээ, ганцаараа зоргоороо явж байсан хүнд гэр бүл хүүхэд гээд бөөн бөөн асуудал  ар араасаа гараад ирэхээр чинь. Эхний хэдэн жилээ даван туулахад нь аль аль талын эцэг эхчүүдийн зүгээс  жаахан дэмжиж туслаад өгөхөд л болно. Дэмжиж туслана гэхээр аав ээжүүд хүүхдүүдийнхээ амьдралд хэтэрхий оролцоод, хамаг асуудлыг нь өмнүүр нь орж шийдээд бай гэсэн үг биш. Сүүлийн үед манай зарим эцэг эхчүүд солонгосын олон ангитууд дээр гардаг шиг хүүхдүүдийнхээ амьдралд оролцох болсон нь сайн зүйл биш. Зөвлөнө гэдгийг амьдралд нь оролцоно гэж ойлгоод байдаг тал ч ажиглагддаг. Үүнд маш соёлтой хандаасай гэж эцэх эхчүүдээс хүсэх байна. Нөгөө талаар  40-өөс дээш насанд гэр бүл судлалын хэлээр бол “Хоосон үүрний хямрал” болдог.  Энэ нь үр хүүхдүүд өсөж том болоод тусдаа гарахад эцэг эх нь хоёулахнаа үлдээд хэнд ч хэрэггүй юм шиг, гэр орон нь хөндий ханхай юм шиг мэдрэмж төрж толхилцож  эхэлдэг.  Гэтэл зарим энэ насны хосуудад хоёулахнаа байх, бие биендээ дахин дурлах, гал халуун залуу насандаа эргэн  очих боломж гарч ирдэг байх жишээтэй. Энэ мэтээр  насны онцлог гэдэг хүн бүрт, айл бүрт өөр өөрөөр илэрдэг.

-Илэн далангуй ярьж байгаад баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд таныг би гэр бүлүүдэд маш товчоор өнөө цагийн зөвлөгөө өгөөч гэж хүсч байна?

-Амьдралдаа, гэр бүлдээ, хань ижилдээ байнга талархаж бай. Гэр бүлийнхээ төлөө хийж байгаа жижиг ч гэсэн зүйлүүдэд баярлаж талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлж бай. Амьдралд талархах тусам талархах шалтгаан бий болдог. Танд талархах шалтгаан ихээр гарч ирж байнаа гэдэг нь таны төлөө, танай гэр бүлийн төлөө сайн сайхан зүйлүүд зориулагдаад л байна гэсэн үг. Сайхан үг хэлж, сайхан юм ярьж байхад хэзээ ч хэрүүл маргаан, муу юм гарахгүй. Сайхан үг сайныг дагуулдаг, сайхан хүн сайхан хүнийг дагуулдаг, сайн сайхан бүхэн сайн сайхныг дагуулдаг. Монголын мянга мянган гэр бүлүүддээ,

Галт зүрхийг тань бурхан манаж,

Гал голомтыг тань мандан бадрахыг ерөөе.

Ц.САРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж