Лондоны Захирагчийн мэдэгдэл фунтыг сулруулав

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Лондоны Захирагчийн мэдэгдэл фунтыг сулруулав

Лондон хотын мэр Борис Жонсон

Их Британийн нэртэй улстөрчийн нэг, Лондон хотын Захирагч Борис Жонсон өөрийн улсыг Европын холбооноос /ЕХ/ гаргахын төлөө байгаагаа мэдэгдсэн. “ЕХ-ны гишүүн байх нь Их Британийн тусгаар байдалд хор нөлөөтэй. Ерөнхий сайд Кэмерон ЕХ-той  тохиролцоо хийсэн ч тэр нь онцын өөрчлөлт гаргахгүй” хэмээн тэр мэдэгдсэн. Жонсоны энэ мэдэгдлийн дараа Их Британийн мөнгөн тэмдэгт паундын ханш унажээ.

Паунд нь үндсэн 16 валюттай харьцуулахад ханш нь 1,2%-иар унагалаа. Их Британийн хувь заяаг шийдэх бүх нийтийн санал асуулга ирэх зургадугаар сарын 23-нд явагдах юм.

Консерватив намын нэртэй зүтгэлтнүүд Их Британийг Европын холбооноос гаргахаар ухуулна гэсэн нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлуулж байна.

Ам.доллартай харьцах паундын ханш 1,7%-иар унан нэг паунд $1,4163 болсон нь 2010 оны тавдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.

Их Британийн паунд нь евротой харьцуулахад 1,2% -иар буурч 78,24 пенс хүрчээ. Бүх нийтийн санал асуулга явагдтал сурталчилгааны кампанит ажил явах учир ханш нилээн савлах бололтой.

"Паунд суларсан нь Их Британи ЕХ-нд үлдэх үү гэдэг нь тодорхойгүй болсныг илэрхийлж байгаа юм” гэж  Лондоны AXA Investment Managers компанийн ахлах эдийн  засагч Дэвид Пейж хэллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж