Уг агуй Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан дөрвөлжин хаалга хэлбэртэй том, жижиг гурван амтай. Агуйн том ам хэмжээгээрээ 3×4 метр. Даян дээрхийн агуйн аманд хоёр метр өндөр чулуун овоо байдаг ба уг чулуу нь агуйн амсар нь юм. Агуйн их ам дотор талдаа нэг метр орчим чулуун босготой, босгыг даван ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан байдаг ажээ.
Түүнчлэн Даян дээрхийн агуй буюу хийдэд 300 орчим лам, 1000 орчим шавьтайгаа байнга сууж тахидаг байжээ. Өдгөө ч жил бүр Цагаан сарын шинийн нэгнээс шинийн 15-ны хооронд Хөвсгөл аймаг болон ойролцоох нутгийн лам нар ном хурж Даян Дээрхийн агуйг тахидаг байна.
Мөн агуйг үзэж сонирхохоор жилдээ 100-200 орчим гадаадын жуулчид ирдэг бөгөөд сүүлийн үед жуулчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ.