“Оюутолгойд ажиллах нь мөрөөдөл байсан”

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Оюутолгойд ажиллах нь мөрөөдөл байсан”

“Хүүгийнх нь төрсөн өдөр тавдугаар сарын 24. Ажлаасаа буухад дөрөвхөн хоног үлдлээ. Ах дүү нар надад ямар бэлэг өгөх гэж байна” хэмээн С.Отгонтулга ээжтэйгээ ийнхүү  ярьжээ. Харамсалтай нь ээждээ хэлсэн энэ хэдэн үг түүний хамгийн сүүлийн үг байсныг хайртай дотны хүмүүс нь яаж мэдэх билээ. Ээжтэйгээ  утсаар яриад хэдхэн цагийн дараа тэр хорвоогоос үүрд явчихсан гэхээр итгэхэд бэрх.

Тавдугаар сарын 19-ний 16.50 минутад Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн төслийн талбайд болсон ослын улмаас 26 настай хоёр залуу бохирын цооногт осолдож, эрдэнэт амиа алдсан. Энэ ослоос хойш сарын хугацаа өнгөрч, олон нийт энэ тухай  аажим аажмаар мартсаар л байна. Гэхдээ амьдралд дөнгөж хөл тавиад хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, хийж бүтээх, өсч хөгжих итгэл дүүрэн явсан 26-хан настай хоёр залуугийн амийг мартах гэж үү. Улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож, Оюутолгой гэх том компанийн ажилтан болох нь С.Отгонтулгын мөрөөдөл байжээ. Оюутолгой улс орны хөгжлийн  тулах цэг юм бол олон олон залуусын мөрөөдөл  байх нь гарцаагүй. Ослын улмаас амь насаа алдсан хоёр залуугийн нэг С.Отгонтулга  Дорнод аймгийн Дорнод их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр дүүргээд ажил амьдралынхаа гарааг Оюутолгойн гэрээт компани болох Чехийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханза” ХХК-аас эхэлж, цэвэрлэх байгууламжийн ахлах операторын ажил гүйцэтгэж байж. Тэрбээр “Ханза” ХХК-д хоёр жил есөн сар ажиллахдаа Аюулгүй ажиллагааны есөн инженерийн нэг болж чадсан тухай хамт олон нь дурсан ярьж байна.

Талийгаачийн ар гэрийнхэн ослын газарт ажилласан мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хүлээсээр нэг сарын нүүр үзжээ. Харамсалтай нь элдэв шалтаг хэлсээр өнөөдрийг хүрчээ. Харин шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр талийгаачдыг архи согтууруулах ундаа хэрэглээгүй, үхэлд хүргэх өвчлөл байхгүй, битүү бүтэлтийн улмаас амь насаа алдсан гэж гарчээ. Талийгаач С.Отгонтулгын төрсөн ах С.Энхтулга “Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа нь хардах сэтгэл төрүүлж байна. Ажлаа хийж яваад амиа алдсан дүүгийн маань эсрэг дүгнэлт гарах  ёсгүй” хэмээн сэтгэл нь зовинон ярьж байна. Харин Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Түмэнбаяр хоёр удаа түүнээс байцаалт авсан гэнэ.

“Ханза” ХХК  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан уу?

Оюутолгой компанитай гэрээгээр ажилладаг Чех улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханза” ХХК-ийн Чех талын захирал талийгаачийн ар гэрийнхэнтэй нэг ч удаа уулзаагүй. Компанийн удирдлагууд бохирын цооногт ажилчид орох эрхгүй гэх ч тэнд хүний амь эрсэдлээ. Үнэхээр тэнд хүн орох ёсгүй бол аюулгүй байдлыг хангасан хаалт хийх ёстой  бус уу. Хамгийн гол нь тус компанийнхан талийгаачийн ар гэрийнхэнд ослын талаар албан ёсоор мэдээлээгүй. Тэдний ар гэрийнхэн 10 гаруй цагийн дараа мөрдөн байцаагчаас ослын талаар мэдээлэл авчээ. Тэр бүү хэл талийгаач С.Отгонтулгын ажилласан  хугацааны цалинг ч олгоогүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсны дараа шийднэ гэх үгээр ам таглаж сууна.

Талийгаач залуу Дорнод нутгийн уугуул байсан бөгөөд Дорнод аймгийн Улаан загалмай, боловсролын байгууллагууд талийгаачийн ар гэрт сэтгэл санааны маш их дэмжлэг үзүүлсэнд ар гэрийнхэн баярлаж яваагаа хуваалцахыг хүссэн.

Талийгаачийн ах С.Энхтулга: Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарахгүй байгаад маш их гомдож  байна

Талийгаач С.Отгонтулгын төрсөн ах С.Энхтулга  ослын үнэн учрыг олохоор сэтгэл шулууджээ.  “Миний дүү гурван ах, хоёр эгч, гурван дүүтэй. Ах, эгч  нар нь бүгд тусдаа гарсан болохоор аав ээждээ том хүү нь, дүү нарынхаа түшиг нь болж явсан юм. Эгчтэйгээ байрны лизинг хөөцөлдөөд, сайн сайхан  амьдрахын төлөө зүтгэж яваад амиа алдлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс цаашид миний дүүтэй адил олон хүн эрдэнэт амиа алдахгүй байгаасай гэсэндээ хэвлэлд хандаж байна” хэмээн түүний ах С.Энхтулга ярьж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та ослын газар очиж үзсэн үү. Таны дүү чухам яагаад осолдсон юм бол?

-Үзсэн. Осол гарснаас хойш 14 хоногийн дараа очиход дүүгийн маань амийг авч явсан тэр цооногийг бөглөөгүй, тэр л янзаараа байсан. Хамт ажиллаж  байсан хүмүүсийн яриагаар   дүү маань нөгөө залууг живэх үед нь аврах гэж байгаад хамт осолдсон юм билээ. Бохирын цооногийн шахуурга гацаж, засахаар орохдоо живээд, дүү маань аврах гэж байгаад чадаагүй юм болов уу. Хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, хамт олондоо нэр хүндтэй, удирдлагуудынхаа итгэлийг хүлээсэн хүн байсныг хамт олон нь мэднэ. Тэдний хэлснээр бол тэр цооногт орох эрхгүй байсан гэдэг. Хүн орох эрхгүй юм бол яагаад хоёр хүний амь үрэгдчихвээ гэдэг асуулт гарч ирнэ. Тэнд аюулгүй ажиллах нөхцөлөөр огт хангаагүй юм билээ. Ослын газрын нүдээрээ харсан хүний хувьд хэлж  байна л даа.

-“Ханза” ХХК-ний удирдлагуудтай нүүр тулж уулзсан уу?

-Би нэг сарын турш “Ханза” ХХК-ийн чех захиралтай нь уулзах хүсэлт тавьж байна. Харин Монгол талын захирал н.Энхболдтой уулзсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт хүлээж байна л гэдэг. Хэрвээ Монголын компани гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаад хүний амь эрсэдсэн бол Монголдоо ч ирэх эрхгүй болох байсан болов уу. Гэтэл чех захирал нь ийш тийшээ хуриманд яваад намайг ч хүлээж авахгүй байна.

-Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямархуу шатандаа явж байна?

-Аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч сэтгэл гаргаж ажиллаж байгаад баяртай байна. Улаанбаатарт хоёр ч удаа ирж надаас байцаалт авсан. Гэхдээ энэ хэрэг олон талын хүчин зүйлээс шалтгаалах болохоор тийм амар биш болов уу. Жишээ нь, Мэргэжлийн хяналтын  байцаагч Батмөнхийн дүгнэлт учир битүүлгээр гарахгүй байна шүү дээ. Хувь хүний хувьд хардахаас аргагүй байдалд орж байна.

-Цаашид хаана хандана гэж бодож байна?

-Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт яаж гарахаас бүх  зүйл шалтгаална. Хэрэв бидний эсрэг гарвал хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, бүх аргаар тэмцэх болно. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангадаггүй, “Ханза” ХХК-д  хариуцлага тооцуулна. Уй гашуу тохиолдсон  үед  сэтгэл санаа, эд материалын гүн туслалцаа үзүүлсэн Дорнод аймгийн Боловсролын газар,сургууль цэцэрлэг, МУЗН, Дорнод аймгийн УЗН, Дорноговь аймгийн УЗН, хамт олон найз нөхөд, ах дүү хамаатан садандаа талархаж буйгаа танай сайтаар дамжуулан хэлмээр байна.

Талийгаач С.Отгонтулга тус компанид 56 хоног ажиллаад 600 мянган төгрөгийн цалин авдаг байж. Хангалттай их цалин биш ч гэлээ сайн сайхан амьдралд тэмүүлж байжээ. Түүнтэй адил олон залуус Оюутолгой компанид ажиллах, өндөр цалин авах, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар шалгуулж, дугаарлаж, хүсч мөрөөдөж явна. Тэднийг энэ мэт эмгэнэлт хувь заяа битгий угтаасай…

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж