Наото Кан удахгүй огцорно

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Наото Кан удахгүй огцорно

Японы Ерөнхий сайд ирэх долдугаар сард ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Тэрээр албан тушаалаасаа огцорсны дараа сөрөг хүчний дэмжлэгтэйгээр 2011 оны санхүүгийн жилийн алдагдлыг нөхөх засгийн газрын бонд гаргах тухай төслийг боловсруулж, хохирсон ард иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэмэлт төсвийг батлах ажлыг хариуцаж ажиллах юм. Японы төрийн эрхийг барьж байгаа Ардчилсан намын гишүүдийн үзэж байгаагаар хүндхэн нөхцөл байдалд байгаа ноён Кан намынхаа гишүүдийн ятгалгаар албан тушаалаа хүлээлгэж өгөх шийдвэрт хүрсэн байж болох талаар мэдэгджээ.

Ноён Кан энэ долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, хэзээ албан тушаалаа хүлээлгэж өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэх юм. Японы засгийн газар гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамид өртөж, хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр дахь хөрөнгийн эх үүсвэрийг ирэх долдугаар сарын дунд үе гэхэд бүрдүүлэхээр ажиллаж байна.

Наото Кан өнгөрсөн ням гаригт Ардчилсан намын ерөнхий нарийн бичиг Кацуяа Окада болон бусад гишүүдтэй уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлон, санал бодлоо солилцжээ. Наото Каны мэдэгдсэнээр “Японы удирдагч байна гэдэг бол гол болон сөрөг хүчний намуудад хамтран ажиллах уур амьсгалыг бүрдүүлж, улсад тулгараад байгаа асуудлыг шийдэхийн нэр юм” хэмээсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж