Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Хаврын улс төр

Нийт 23 асуудлыг 11 хоногт багтаан хэлэлцэхээр зарласан УИХ-ын ээлжит бус чуулган дөрвөн өдөр гацсаны эцэст өнгөрсөн Баасан гаригт нээлт, хаалтаа зэрэг хийв. Улс төрийн маргаан, үл ойлголцол дунд арай гэж хуралдсан ээлжит бус чуулганы үр дүнг харахад зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлөхөд л гол зорилго нь чиглэгджээ гэлтэй. Цэцийн гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг удаа дараа завсарлага авснаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж амжаагүйгээс ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцсэн нь энэ. Гэвч УИХ-аас ийм шийдвэр гаргаснаараа парламент болон Үндсэн хуулийн Цэцийн дунд асч байсан “гал”-ыг  унтраах биш харин ч эсрэгээрээ УИХ-ын даргын толгой дээр түймэр асах нь холгүй байна.

УИХ-ын ээлжит бус чуулган завсарлаж, саарал ордонд уугиж байсан улс төр намжсан мэт өнгөн дээрээ харагдавч, намууд болон фракцууд хөдөлгөөнд орж, том, том наймаа тохиролцоо “нам гүм” дунд хийгдэж буй нь тодорхой. Тэр тусмаа Ардчилсан намынхан Шадар сайд болох Н.Энхбаярын шаардлагад АТГ-аар халхавч хийн, “Үгүй” гэдгээ хэлсэн нөхцөлд МАХН-ынхан гараа хумхиад зүгээр сууна гэвэл “ёстой битгий горьд” гэх биз.

Учир нь, МАН-ын гишүүн, иргэн Б.Энхбаярын гомдлоор Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын дарга З.Энхболдод маргаан үүсгэж, энэ асуудлыг удахгүй хэлэлцэхээр бэлтгэж байгаа билээ. 

Хэдийгээр МАН-ынхан Цэцийн даргыг чөлөөлөх асуудалд оролцоогүй ч, чухамдаа Ардын намын бүлгийнхэн “бойкот” зарлалгүйгээр чуулгандаа суусан бол Ж.Амарсанааг суудалтай нь авч үлдэх боломж байсныг санал хураалтаас харж болно. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь дэмжиж, ес нь эсрэг санал өгсөн гэвэл МАН-ын бүлэг хуралдаандаа оролцсон бол Цэцийн даргын хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр байж.

УИХ-ын ээлжит бус чуулган завсарлаж, саарал ордонд уугиж байсан улс төр намжсан мэт өнгөн дээрээ харагдавч, намууд болон фракцууд хөдөлгөөнд орж, том, том наймаа тохиролцоо “нам гүм” дунд хийгдэж буй нь тодорхой. Тэр тусмаа Ардчилсан намынхан Шадар сайд болох Н.Энхбаярын шаардлагад АТГ-аар халхавч хийн, “Үгүй” гэдгээ хэлсэн нөхцөлд МАХН-ынхан гараа хумхиад зүгээр сууна гэвэл “ёстой битгий горьд” гэх биз.

Хүч түрэмгийлэн асуудлыг шийдсэн хэмээн буруутгаж байгаа МАН-ын бүлэг дээр МАХН-ынхан нэгдэж, эрх баригчдад барих ээлжит сюрпризээ энэ нам гүмийн цаана бэлтгэж байж ч болно. Цэцийн даргын чөлөөлснөөрөө З.Энхболдын асуудал намжиж байгаа юм биш эсрэгээрээ илүү хурдцаж байна гээд хэлчихэд буруудахгүй. Хэрэв Цэц УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзвэл, МАН-ын 26 дээр  “Шударга ёс” эвслийнхэн, дээр нь бие даагч хоёр болон ХҮН-ын дарга С.Ганбаатарыг нэмбэл, “орондоо хууль зөрчсөн” асуудлаар огцорч байсан Ц.Нямдоржийн гашуун хувь тавиланг З.Энхболд туулж мэдэхээр байна.   Ц.Нямдоржийг орондоо хууль зөрчсөн гэх асуудлаар МАН-ынхан спикерийн албан тушаалаас нь авч байсан түүх хуучраагүй. Дээр нь АН-ынхаа фракциудтай З.Энхболд том тохиролцоо хийж чадахгүй бол хаврын улс төрийн “гоё хачир” болж магадгүй л юм. Энэ тохиолдолд ИЗНН байгаад ч АН-д тус болохгүй. Тиймээс хувь заяаны шоглоомоор ч гэх юм уу, Тавантолгойн гэрээнээс болж хонь чоно болох дээрээ тулсан М.Энхсайханаас тусламж дэмжлэг хүсэх цаг З.Энхболдод гарахыг үгүйсгэхгүй. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Гагцхүү мөнхийн эрх ашиг гэж л бий.

МАХН-ыг Н.Энхбаяраас салгаж ойлгож болохгүй шиг МҮАН-ыг М.Энхсайханы зөвшөөрөлгүйгээр намдаа нэгтгэж чадахгүй л болов уу, АН.

Ямар ч байсан их тулааны өмнө нам гүм гэгчээр одоохондоо улс төрийн ил цагаан хэрүүл тэмцэл намжиж, өчигдөр АН, МАН-ын бүлэг хаврын чуулганаар хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнасныг эс тооцвол ингэсхийгээд саарал ордны горилогчид тойргоо эргэж тойглож, усалж, бордох нь ойлгомжтой.

Саарал ордноос жиргэж буй “бор шувууд” болон хэвлэлээр өдөлж байгаа мэдээллийг харахад МАХН болон МҮАН ирэх зургадугаар сард болох сонгуульд өөр, өөрийнхөө зам мөрийг хөөх нь тодорхой болов. Энэ тохиолдолд МҮАН-ынхан эрх баригчидтай, МАХН-ынхан сөрөг хүчинтэй нэгдэж, нийлэх замаар сонгуульд хүч үзэх магадлал өндөрсөв. Гэхдээ АН, МАН-ын хэвлэлээр дамжуулах хандыг Н.Энхбаяр ч М.Энхсайхан ч хүлээж авах нь тодорхойгүй, аль аль нь ам ангайгаагүй байна.

С.Бямбацогт, Л.Эрхэмбаяр нар л “эвсч, нэгдэхэд буруудахгүй” гэж хэлээд байгаа болохоос одоохондоо “хос” хэвээрээ байгаа хоёр Энхийн зүгээс ямар хариу хэлэхээс энэ удаагийн сонгуулийн ялагч хамаарч болзошгүй байна. Ийм онцгой нөхцөлд З.Энхболд М.Энхсайханыг, М.Энхболд Н.Энхбаярыг царайчлах нь гарцаагүй.

Улс төрийн хашир бурхи болтлоо хал үзсэн, унаж тусаж, уруудаж, дээшилж явсан, нэг үгээр хэлбэл, “Туг ч барьж, тугал ч хариулж” явсан Энхүүдээс Энхболдуудад ямар хариу хэлэх нь улс төрийн хамгийн гол сонин байна.

Хэрэв М.Энхсайханы дүрмээ өөрчлөх саналыг АН-ынхан, Н.Энхбаярын УИХ-ын дарга болох хүсэлтийг МАН-ынхан хүлээж авбал улаанууд ба цэнхэрүүдийн дунд “үхлийн тулаан” өрнөх шинжтэй. Үсэрсэн цус, тасарсан махнуудтайгаа нийлсэн АН, МАН-ын аль нь ч ялсан байлаа ч өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцыг харахад хамгийн гол нь аль нэгэн нь олон суудал авах биш заавал олонх байж л ажил явдаг юм байна гэдгийг монголчууд ойлгож авсан байгаасай гэж харин найдъя.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж