Хөдөлмөрийн Үндэсний Нам/ХҮН/-ын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ээлжит бус чуулганы нээлтэд та оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй. Цэцийн гишүүнийг чөлөөлсөн асуудлаар таны байр суурийг сонирхвол?
-Монгол оронд хойшлуулшгүй чухал асуудлаар ээлжит бус чуулган зарладаг. Ажилгүйдэл, ядуурал газар авч, уул уурхайн баялгаараа хийсэн гэрээнүүд ашгаа өгөхгүй, долларын ханш 2030 төгрөг рүү дөхсөн нь олон хүний амьжиргаанд нөлөөлж байгаа. Энэ утгаар нь ээлжит бус чуулган хуралдуулах нь зөв гэж дэмжиж байсан ч хэлэлцэх асуудалтай нь холбогдуулж би оролцох аргагүй болсон. Яагаад гэвэл, Цэц ард түмний гомдлоор УИХ-ыг шүүдэг байгууллага. Уих Цэц бол үндсэн хуулийн манаач. Цэцийг хууль зөрчиж оролдохыг хэзээ ч дэмжиж болохгүй.Зарчимгүй зүйл, би үүний эсрэг байсан.
-Ньюансуудыг нь та судалж үзсэн үү. Х.Тэмүүжин гишүүний тайлбараар бол УИХ Цэцийн асуудлыг хэлэлцсэн нь хууль зөрчсөн зүйл биш л санагдсан?
-Судлалгүй яах вэ, хууль зөрчиж Цэцийн даргыг албан тушаалаас нь буулгалаа. Би өмнө нь тайлбарласан. Улсын Дээд Шүүх/УДШ/-ийн “коллегийнх” нь хурлаар хэлэлцэн саналаа ирүүлснийх нь дараа Цэцийн асуудлыг хэлэлцэх ёстой болохоос УДШ-ийн ерөнхий шүүгчийн саналаар гэж хуульд заалт байхгүй. Эндээс эхлээд хэд, хэдэн заалт зөрчсөн.
-УДШ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрээ гаргадаг тэр заалт угаасаа хуульд байдаггүй юм уу гэж ойлгосон. 25 жил парламентад суусан хуульчид ажлаа гүйцэд хийгээгүй байна гэсэн шүүмжлэлийг Х.Тэмүүжин гишүүн тайлбарласан?.
-Хуулиар нарийн зохицуулсан заалтууд бий. Харамсалтай нь, хууль зүйн хүрээнд асуудлыг шийдсэнгүй. Энэ бол Цэцийг худалдаж авахаар дайралт хийж байгаа хэрэг. Яагаад гэвэл УИХ-аар 2015 оны зургадугаар сард Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулахад нь би эсэргүүцэж байсан. Хүмүүсийн газар, байшинг үл маргах журмаар булааж авах банкны эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг УИХ хуулиар баталгаажуулсан. Энэ шийдвэрийг би тухайн үедээ эсэргүүцэж байсан. Дараа нь Үндсэн хуулийн цэц иргэнээс ирүүлсэн гомдлоор дээрх хуулийг хэлэлцээд миний барьж байсан байр суурьтай төстэй дүгнэлтийг намар нь гаргасан. Цэцийн энэ дүгнэлттэй холбогдуулж гишүүнийг нь “авч хаях” асуудал УИХ-ын төвшинд үүссэн. Анх бол бакны эзэд Засгийн газрыг худалдаад авчихаж дээ гэж бодсон, одоо бол УИХ-ын бүлэглэлүүдийг худалдаад авчихжээ гэж харж байгаа.
-УИХ-ын төвшинд Цэцийн асуудал маргаан дагуулж байгаа бол ХҮН-д мөн зөрчилтэй зүйл олон байна. Жишээ нь та намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг гадаадад байхад нь чөлөөлсөн гэх хэл аманд холбогдлоо. Зайлшгүй чөлөөлөхөөс аргагүй байсан юм уу?
-ХҮН-ын даргаар сонгогдоод сар гаруй л болж байна. Нам эрүүл байх ёстой, гишүүд, дэмжигчдийнхээ шийдвэрийг хэрэгжүүлдэг, хүсэл зоригийнх нь төлөө шийдвэрээ гаргуулж хэрэгжүүлдэг байгууллага нь намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын Удирдах зөвлөл байх ёстой. Гэтэл тэдний алдаа, буруу арга барил цухалзах гээд байна. Бага дээр нь алдааг засч залруулах ёстой. Намын дотоод асуудал учраас ойрын үед эв зүйгээр шийдэгдэнэ. Намын төв хорооны хурал тун удахгүй зарлагдана. Түүгээр эцэслэнэ. Нам бол гишүүд дэмжигчдийн эзэмшилд байх ёстой. Хүн бол амьд нам
-ХҮН-ын тамга алга болсон дуулиан дэгдээд эхэллээ?
-Товчхон хэлэхэд нам дотор нэгхэн хүний л асуудал яригдаж байгаа. Тэр хүн өөрийгөө юу гэж ойлгож байгаа нь тусдаа асуудал. Тэр сөрөг байр суурь барьж байгаа ч намын нийт гишүүд эв нэгдэлтэй байж, Монгол орноо аврахын төлөө үзэл бодлоороо нийлсэн байгаа. Асуудлыг Удирдах зөвлөлөөрөө ярьж, ойрын үед шийдлүүд гаргана.
-Элссэн гишүүд нь намаасаа гарах тухай мэдээлэл бас цацагдлаа. Албан ёсоор намаас гарахаа илэрхийлсэн гишүүн бий юу?
-Тийм юм байхгүй. Харин намд бодлогоор гаднаас бөөн, бөөнөөр нь гишүүнээр оруулчихаад дараа нь бөөнөөрөө гарч “Энэ яасан муухай нам бэ” гэдэг ийм тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэн дээр бид сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа. Учир нь олон шинэ намууд ийм зүйлтэй тулж байсан. Гишүүнээр элсч байгаа хүмүүсийг ялгаж салгаж “Чи орж болно, чи орж болохгүй” гэж эрхэнд халдах эрх байхгүй. Гэхдээ шинэ, хүчтэй гуравдагч хүчнээс эмээж байгаа олон том бүлэглэл бий гэдгийг мэдэж байна. Намын нийт гишүүддээ уриалахад “Бид эв нэгдэлтэй байгаа, бид үзэл бодлоороо нэгдэж Монгол орондоо ажлын байр бий болгоё, бүрэн хөдөлмөр, хүмүүсийг орлоготой болгоё” гэдэг байр сууриндаа хатуу зогсож тууштай ажиллаж байна гэдгийг хэлье.
-Гарман дээр морио сольдоггүй гэж үг бий. Сонгууль ойртчихсон үед та ХҮН-ын дарга болсон нь буруу байсан юм биш үү. Амбицаа татчихаж болоогүй юм уу. Өмнөх дарга нь удирдаад сонгуульдаа орж яагаад болоогүй юм бэ. С.Боргил даргын үед гишүүдээс нь хэл ам гаргадаггүй л байсан даа?
-УИХ-аас баталсан Сонгуулийн шинэ хуульд сурталчилгаа 18 хоног л үргэлжилнэ. Шинэ хүн танигдаж гарч ирнэ гэдэг боломжгүй. Тийм учраас түмний итгэлийг даагаад явж байгаа хүний хувьд шинэ залуу хүмүүсийг улстөрд ороход тулгуур болж, түлхэц болж өөртөө хүнд байсан ч зүтгэх нь миний үүрэг байсан. Хувь хүнийхээ хувьд ямар ч эрсдэлтэй тулсан бай, хүмүүсийн итгэл найдварыг даахын төлөө энэ ачааг даагаад гарах чадалтай, сэтгэлтэй байх ёстой. Зүтгэж байна.
-Таныг ХҮН-ын дарга болонгуут рейтинг унасан юм биш үү. Танай намд бизнесмэнүүд голцуу элссэн байсан. Одоо харин “Яах гэж элсэв ээ” гэсэн гомдол тээж эхлэв үү гэмээр яриа сонсогдох?
-Судалгаа үзээрэй. Намайг анх намын гишүүнээр элсэж ороход ХҮН-ын рейтинг 4 хувьтай байсан.
Дотроо болохгүй байгаагаа ярьж, мөн гишүүд маань зөв үйл ажиллагаа явуулж байгаа учраас манай намын рейтинг өсч 7-10 хувь дотор хэлбэлзэх болсон. Олон судалгаа гарч байгаа. “Максима”-н судалгаанд 7 хувь, зарим судалгаанд 10-аас илүү хувьтай ч гарч байгаа.
-ХҮН-ын сонгуульд нэр дэвших ханш таван тэрбумд хүрч байна гэх. Намын листээ үнэ хүргээд эхлээ юу. Энэ бол танай гишүүний мэдээлэл шүү?
-Манайд ийм наймаа болоогүй, болох ч үгүй.
-Таны боловсролын асуудал дахин хөндөгдөөд эхэллээ. УИХ-ын гишүүн асан, “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай олон нийтэд хандаж “Залуус аа, С.Ганбаатар шиг болж болохгүй шүү. Түүний Англид, ОХУ-д сурсан нь худлаа гэж захидал гаргасан байна?
-Худлаа юм юу ч байхгүй. Гадаадад 1989, 1990-ээд онд суралцаж байсан монгол оюутнуудын сургалтын төлбөрийг Засгийн газраас гэнэт зогсоосон учраас миний хувьд хувиараа төлбөрөө төлж чадахгүй болж сургуулиа орхисон. Үүнийгээ би намтартаа ил тод, үнэн зөвөөр л бичдэг. Би Германы инженерийн бэлтгэлд сурч байсан, дараа нь Полийн дээд сургуулийн Геодезийн ангид суралцсан. Хоёр жил гаруй сураад байтал Улсын Геодези зүйн газраас төлбөр хийх боломжгүй болж, сургуулиа орхисон. Тодорхойлолт дээрээ би энэ тухайгаа л бичсэн байдаг. Дараа нь Лондонд, Новосибирсикт сурах гэж нэлээн хэдэн жил зүтгээд сургуулиа мөн л төгсөж чадаагүй. Оныг нь харах юм бол 1-2 жил сурсан байгаа. сурсан, төлбөр мөнгөнөөс болж төгсөж чадаагүй, харин сурах юмаа сураад л ирсэн, тэрийгээ бичсэн, төгссөн гээгүй. Дөрвөн жил сураагүй байж түүнийгээ 4 жил сурсан гэж бичсэн бол худалч болно. Би хоёр жилээр л бичсэн. Гадаадад сурч байсан, төгсч чадаагүй гэдгээ намтартаа бичсэнийхээ төлөө шүүмжлүүлнэ гэдэг газрын наймаа, авлига, лиценз, албан тушаалын наймаанд нэр холбогдоогүй хүнийг шүүмжлэх юмаа олж ядаж байна л гэж харж байна. Тэгэхдээ зах зээлийн шилжилтийн үед гадаадад суралцаж байсан монгол оюутнууд миний зовлонг мэднэ.
-Та ямар шашин шүтдэг вэ. Мүүны шашинтай гэх?
-Мүүны шашин гэж Монголд байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Дэлхийн монголчуудын энх тайвны холбоо гэж байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнүүдэд Монголын бүх л улстөрчид оролцсон санагддаг. Тэр хуралд би оролцсон. Энүүгээр минь өөр шашинтай гэж хэлэх гэж оролдож байгаа бол миний дайснууд, миний эсрэг хүмүүс, миний эсрэг бүлэглэлүүд аргаа л барж байна.
-Н.Энхбаяр даргын хүчээр таныг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан гэх. Та Н.Энхбаяр даргатай тийм ойр ажиллаж байсан юм уу?
-Зөвлөхөөр нь богинохон хугацаанд ажилласан. Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд бүх аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны их хурал хийж, тэндээс гардаг. Дээрээс томилдоггүй юм. Энийг харин хэлэх боломж олгосонд баярлалаа.
-Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Энэ хугацаанд та зөвхөн Оюутолгойн гэрээг барьж авч “нүдсэн”. Зорилго нь гэрээг сайжруулахын төлөө Засгийн газрыг хөдөлгөх арга нь байсан болов уу. Үр дүн гарсангүй гэж та дүгнэдэг, цаашдаа яах вэ?
-Тууштай тэмцэнэ. Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглиц: Газрын баялгаа үр ашиггүй зарж борлуулснаас, үр ашиггүй гэрээ хэлэлцээр хийснээс хөрсөн доор нь хадгалж байх нь ашигтай тул тэвчээртэй байх, гэрээнд цааш нь ямар үр дүнтэй заалт оруулах вэ гэдгээ улс орноороо ярилцах нь дөнгөж хөгжиж байгаа уул уурхайн баялагтай орнуудын хувьд тулгамдсан асуудал гэж…
Нөгөө талаараа С.Ганбаатар ганцхан Оюутолгойг л яриад байх юм гэдэг. 76 гишүүн, нэг нэг асуудал барьж аваад үр дүн гартал нь зүтгэвэл улс орон хөгжинө. Юм, юм руу савчиж болохгүй. Монгол оронд ажлын байр хэрэгтэй, тэр нь үйлдвэр барина гэсэн үг. Үйлдвэр барихын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй болохын тулд малчдаас, найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа худалдагчаас, бизнес эрхэлж байгаа иргэнээсээ өнөөдөр татвар авахын аргагүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Багш, эмч нарын шимтгэл, татварын хэмжээг нэмэх боломжгүй. “Эрдэнэт” үйлдвэрээс нэмж татвар авна гэвэл одоо дийлэхгүй. 38 жил Монголыг тэжээлээ. Тэгэхээр ГОК-оос 3-4 дахин том үйл ажиллагаа явуулдаг Оюутолгойгоос авах ёстой татвараа авах нь манайд шинэ ажлын байр бий болно, тэтгэвэр, цалин нэмэгдэнэ.
Өнгөрсөн 2015 онд Оюутолгойгоос 201.3 мянган тонн зэс, 21 тонн алт, 33 тонн мөнгө гарлаа. 2014 онд 185.800 мянган тонн зэстэй тэнцэх баяжмал, 16 тонн алт ,31 тонн мөнгө гарлаа. Хоёр жилийн хугацаанд 8 их наяд төгрөгийн орлого оллоо. Монголын өнөөдрийн төсөв 6.8 их наяд төгрөг, тэндээсээ 970 тэрбумыг гадаадын хүнд төлж байгаа. Тэгэхэд бид яагаад өнөөдөр 21 тэрбум ам.долларын өрөнд орчихов оо?. Одоо өрнөөс өрний хооронд явж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Бямбасайхан нар Оюутолгойгоос 45-50 тэрбум ам.долларын цэвэр ашиг олно гэж зарлаж байгаа. Энэ бүтэшгүй. Тэрний оронд Оюутолгойгоо бартердаад 50 тэрбум ам.доллараар зарчих нь Монголд ашигтай.
-Бартердана гэдэг нь яг яана гэсэн үг вэ?
-Дубайд байгуулсан санхүүжилтийн төлөвлөгөөгөөр нь Монгол Улс Оюутолгойгоос 2037 он хүртэл ногдол ашиг авахгүй.
Гэхдээ Ботсвана том орд илрүүлээд хөрөнгө оруулагчийн зүгээс ашиггүй луйврын гэрээ хийх гэхэд нь “50 тэрбум ам.доллараар манай уурхайг ав. 50 тэрбум доллараар 20 жилийн хугацаанд юу хийх вэ гэдгээ бартердая. 10 мянган км засмал зам, 5000 км төмөр зам, 200 сургууль, гурван зэс хайлуулах үйлдвэр, 100 эмнэлэг, дөрвөн гангийн үйлдвэр, 2 цемэнтийн үйлдвэр байгуулж өг” гэсэн нь одо уул уурхайгаа хамгийн үр ашигтай ашигласан орон болж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2037 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй гэдгээ зарлачихсан шүү дээ. Тэгтэл гэрээ нь 2039 онд дуусах гээд байгаа. Ийм аюултай нөхцөлд уул уурхайгаа газар доор нь байхад, ухаж байхад нь зарчихаа гэдэг л санал тавиад байгаа юм. Тэгэхгүй бол зардал бичээд л тэр нь өсөөд бидэнд ашиггүй болж хувираад байна.
-Рио Тинтод зарах юм уу, хүлээн зөвшөөрөх үү?
-Бодитой баялаг бидэнд байна шүү дээ. Дээрх жишгээр бид гэрээ байгуулж ажиллахгүй бол өрөнд л ороод байна. Оюутолгойн гэрээ байгуулаагүй байхад бид өргүй байсан, өнөөдөр 21 тэрбум долларын өрөнд орчихлоо.
-Та дээр Оюутолгойгоос 16 тонн алт ,31 тонн мөнгө гарлаа гэж хэлсэн. Алт, мөнгөө ялгаж чадаж байгаа юм уу?
-Бидэнд хэлдэггүй, нуудагт байгаа юм. Оюутолгойн Хятадын нутагт худалдсан, баялгийн хэмжээгээр ялгадаг байхгүй юу. “Туркиз хилл ресурс” компанийн вэб сайтаар ороход энэ мэдээлэл бий. Монголын 76 гишүүн, Сангийн яамныхан, Ерөнхий сайд нь өдөр бүр түүн рүү орж мэдээлэл авах хэрэгтэй. Ганц С.Ганбаатар энийг байнга үзэх ёсгүй.
-Зэс хайлуулах үйлдвэрээ барьчихвал зэсийн баяжмалаас алт, мөнгөө ялгаад Монголын нутагт үлдэх боломж нь бүрэн нээгдчих юм биш үү?
-Тийм учраас л гэрээг өөрчилье гэж байнга тэмцэж ирлээ.
-Гэхдээ та гэрээгээ Зэс хайлуулах үйлдвэртэй болъё гэж шаардлага тавих юм бол илүү үр бүтээлтэй биш үү?
-Миний 2007 оны үеийн тэмцлийг ярьж байна. Тухайн үед Ерөнхий сайдаар МАН-ын дарга М.Энхболд ажиллаж байхад Оюутолгойн хэлэлцээрт ороод 68 хувийн татварыг тавина, хэрвээ 68 хувийн татвар төлөхгүй гэвэл 2011 он гэхэд зэс хайлуулах үйлдвэр барьсан бай гэдэг зүйлийг гэрээнд оруулчихсан байсан. Өлсгөлөн зарлаж хоёр жил тэмцсэний дүнд оруулсан заалт л даа. Гэтэл дараагийн гэрээ байгуулсан хүмүүс нь хөрөнгө оруулагчдад бууж өгөөд зэс хайлуулах үйлдвэрийг барих, 68 хувийн татвар тогтоох зэргийг байхгүй болгосон. Дээр нь 34 хувиа үнэгүй авахаар байсныг үнэтэй болгосон.
Одоо Оюутолгойгоос энэ оны нэгдүгээр улиралд багтаан 6.8 тэрбум долларыг Рио Тинто Туркиз Хилл буцааж авна. Дубайн 4.8 тэрбум ам.долларыг буцааж авна л гэсэн үг л дээ. Маш аюултай, Монголд юу ч орж ирэхгүй. Үүнийг ярина гэдэг улстөр. Сонгодог улстөр шүү.
-Өнгөрч буй гурван жил гаруй хугацаанд таны санаачилсан төсөл гэж байна уу. Популистуудыг хамгийн том төлөөлөгч нь та болж, бичигдэж байна. Популистууд ажил ч хийхгүй, ажил ч хийлгэхгүй юмдаа гэдэг шүүмжлэлийг та олонтаа сонссон болохоор намайг ингэж хэллээ гэж эмзэглэхгүй биз?
-Би 11 хуулийн төсөл дээр ажилласан, бусадтай хамтарч 20 гаруй төсөл дээр оролцсон. Жишээ нь, Компанийн тухай хуулийг санаачлаад батлуулсан. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид их ээлтэй хууль болсон. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан хууль. Том хувьцаа эзэмшигчтэй эрх ашиг нь зөрчигддөг байсан юм. Энийг зохицуулсан. Хоёрт, Эрүүл мэндийн даатгалын хуулийг санаачилсан, С.Эрдэнэ сайдын хуультай хамтатган нэгтгэж баталсан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг анх би санаачилсан. Дараа нь эмэгтэй гишүүд болон олон хүний оролцоотойгоор батлагдсан. Анхны санаачлага нь 2013 оны нэгдүгээр сарын 18-нд миний бланк дээр гарч, өргөн барьж байсан. Одоо ашигт малтмал, бэлчээр, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж зэрэг хэд хэдэн асуудлаар хуулийн төслүүд өргөн барихад бэлэн болгоод байна
Г.ДАРЬ