Цаг, уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Тус газрын мэдээлснээр энэ долоо хоногийн турш нийт нутгаар хүйтэн байх нь. Хугацааны дунд үеэр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Харин долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг сулрах бололтой.
Баруун аймгуудын нутгаар: 24,26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зүүнээс 5-10м/с. 22-24-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 радус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч ялангуяа 27-28-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 0-5 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 24,26-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 22,25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-24,26-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: 22,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24,26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-26нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна гэжээ.
Д.ЦЭЭЛ