Эрүүгийн процессын шинэчлэлийг хэрхэн хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Эрүүгийн процессын шинэчлэлийг хэрхэн хийх вэ?

Монгол Улс 2002 онд Эрүүгийн эрх зүйг шинэчилсэн. Тухайн үед хуулийн төсөл боловсруулахад оролцсон хуульч, судлаачид шинэлэг дэвшилттэй санаагаа батлуулж чадаагүй аж. Учир нь хуулийн байгууллагын толгойд байсан хүмүүсийн хувийн ашиг сонирхол, байгууллагын эрх ашиг хөндөгдөж байсан тул ухралт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Гэхдээ 2002 оноос өмнө хэрэгжиж байсан хуулиас хоёр алхам урагшилсан гэж дүгнэж болно. Үүнээс хойш 14 жилийн турш Эрүүгийн эрх зүйн шинэчлэлд гар хүрээгүй. Энэ хугацаанд хуульч, судлаачид эрүүгийн эрх зүйг хэрхэн өөрчлөх, шинэчлэх талаар маргалдсаар ирсэн.

Манай улс иргэндээ хариуцлага тооцох маш олон хуулийн заалттай. Иоджуулсан давс хэрэглэх тухай хуульд хүртэл хариуцлагын заалт орсон байдаг. Мөн иргэн хүний гадаад явах эрхийг 14 байгууллагын хүсэлтээр хориг тавьж болдог. Үүнээс гадна нэг иргэнд 230 орчим хуулиар хариуцлага тооцож болдог байна.

Энэ байдлыг цэгцлэх үүднээс Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг баталсан. Энэ хоёр хууль нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Нэг үгээр хэлбэл 230 орчим хариуцлага тооцох тухай хуулийн заалтыг хоёр хуульд багтаан цэгцэлж, хөнгөвчилсөн гэж болно.

Гэвч Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль үйлчилснээр зөвхөн хариуцлага тооцох тогтолцоо шинэчлэгдэж байгаа юм. Үүний цаана хууль хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа улсын байцаагч, цагдаагийн хэрэг мөрдөх мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, нарын эрх мэдэл хэвээр үлдсэн. Тэдгээр 10 гаруй байгууллагад олгосон хууль дүрэм журам нь хоорондоо уялдаа холбоогүй, нэг стандартын бус, зарим албан тушаалтан өөрийн ашиг сонирхлоор “тоглолт” хийх бүрэн бололцоог хангасан байгаа нь тун харамсалтай.  

Тиймээс Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг санаалчилж боловсруулсан байна. Эдгээр хоёр хуулийн төсөл батлагдчихвал баталчихвал хэн нэгэн албан тушаалтан эрх ямба эдлэх, аливаа албан тушаалтан байгууллага болон иргэнд хариуцлага тооцох, ашиг сонирхлын үүднээс асуудалд хандах эрх үгүй болж хууль хуулиараа үйлчилдэг байдал бий болох юм байна.

Одоогоор Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Ирэх Хаврын ээлжит чуулганаар оруулж хэлэлцүүлэх аж. 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж