АТГ: Дуулиант хэргүүд юу болов?

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

АТГ: Дуулиант хэргүүд юу болов?

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй олны анхаарлыг татсан хэргүүд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар эргэн сануулж байна.


Г.Шийлэгдамбын мэдээллээр П.Цогтбаатарыг шалгаж эхлэв

Энэ сарын 17-ны өдөр МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болов. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт АТГ-аас мэдээлэл хийхдээ “Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг манай байгууллагаас шалгаад прокурор руу шилжүүлсэн. Прокурорт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандсан сонордуулга гаргасан. Үүнд авлигал авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухай гарсан. Энэ үндсэн дээр өөрийнх нь гаргасан мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байна” гэж мэдээлсэнюм. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг хэллээ.

Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Батзаяатай холбогдох хэргийн эрэн сурвалжлах ажиллагаа олон улсад үргэлжилж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгч байна. Нэр бүхий хүмүүс эх орондоо ирж тодорхой мэдээлэл өгнө хэмээн мэдээлж байсан боловч өнөөг хүртэл чимээгүй байгаа аж. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрөгч 10 дугаар сарын 30-нд баривчлан хорьсон билээ.

Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт шилжүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж дууссан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор руу шийдвэрлүүлэх саналтайгаар шилжүүлэх гэж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас өнгөрсөн хавраас хойш шалгаж буй. Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сард цагдан хорьж, хоёр сар болгосноор батлан даалтад гаргасан билээ. 

Н.Энхбаяр 2017 он хүртэл төрийн албанд орох эрхгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлтийг өнгөрөгч долоо хоногт гаргасан. Тэгвэл АТГ-ын өгсөн мэдээллээр Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтх ийж Засгийн газарт хүргүүлжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан” гэж мэдээлсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-аас дүгнэлт хийснээр Шадар сайдад томилох талаар яригдаж байсан асуудлууд үгүй болж байгаа аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж