-Англид Нэгдсэн вант улсын нийт хүн амын 84 хувь болох 53 сая хүн амьдардаг. Нийт орны хувьд шийдвэр гаргахад тэдний санал бусад хэсгээс хамаагүй илүүтэй нь мэдээж-
Өнгөрсөн долоо хоногт Европын гурав дахь том эдийн засаг буюу Их Британи улс Европын холбооноос гарах эсэх талаар дэмжигчид ба эсрэг талынхны бүх нийтийн санал асуулгын сурталчилгааг эхлүүллээ. Европын холбооны эв нэгдэл, нэгдсэн шийдвэр гаргах нь эргэлзээтэй болж эхэллээ.
Европын холбооны гишүүнээр Их Британи үлдэх үү гэдэг асуудлын хувь заяаг шийдэх Нэгдсэн вант улсын бүх нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 23-нд явуулахаар зарлав. Британийн ерөнхий сайдын хоёрдугаар сарын 20-нд хийсэн мэдэгдэл шинэ зүйл биш, энэ тухай мэдээлэл эртнээс Британийн хэвлэлийн хуудсаар “зугаалж” байсан юм.
Гэлээ ч энэ үйл явдлын үнэ цэнэ үнэн хэрэгтээ маш чухал. Кэмероны зарлалаар Европын гурав дахь том эдийн засаг ЕХ-нд байх эсэх талаар дэмжигчид ба эсрэг талынхны сурталчилгааг эхлүүлж байна. “Britania”, “Exit” гэсэн хоёр үгний нийлбэр болсон Brexit гэдэг үг олон нийтийн дунд ердийн хэллэг болоод удаж байгаа. Одоо ЕХ-ны айдас болж, тэд буултаа хийж байна.
Дөрөвхөн сар үргэлжлэх санал асуулгын дараа Их Британи ямар замаар явах вэ гэдгийг шийдэх юм. Мөн ийм чухал гишүүнээ алдах Европын холбоонд том цохилт болох нь ойлгомжтой.
ИХ БРИТАНИЙН ХУВЬД ЧУХАЛ ШИЙДВЭР
"Шинэчлэгдсэн Европын холбоонд байх уу эсвэл холбооноос гарах уу гэсэн энэ зууны хамгийн чухал шийдвэрийн нэг рүү бид ойртож явна” хэмээн Даунинг стрит, 10 гэх ерөнхий сайдын өргөөний өмнө хийсэн богинохон мэдэгдэлдээ Кэмерон хэлжээ.
Брюссельд хийсэн урт хугацааны хэлэлцээрийн дараа 28 орны хамтын нийгэмлэг түүнийг шинэчлэх Лондоны шаардлагыг хүлээн авч зөвшөөрснөөс хэдэн цагийн дараа Кэмерон мэдэгдэл хийжээ. “Бид хэзээ ч еврод нэгдэхгүй, бид хэзээ ч евро бүсийг аврах хөтөлбөрийн хэсэг болохгүй. Бид хэзээ ч нээлттэй хилтэй, паспортгүй бүс эсвэл ЕХ-ны арми эсвэл европын супер улс болохгүй” хэмээн Кэмерон британичуудад хандсан дөрвөн минутын илгээлтдээ хэлснийг тэргүүлэх телевизийн сувгууд нь шууд дамжуулсан юм.
Брюссельтэй холбоогоо таслахыг тэр өөрөө ятгахгүй гэнэ. Эрх баригч намын тэргүүн хэрэг явдал холбоог таслахын төлөө өрнөх нь Их Британийн эдийн засаг ба үндэсний аюулгүй байдалд аюултай гэж мэдэгдлээ. Харин шинэчлэгдсэн ЕХ-ны гишүүнээр үлдвэл Лондон цаашид Европын хамтын нийгэмлэгийн бодлогод нөлөөлнө гэлээ. Түүнд өгөгдсөн давуу тал болох чөлөөт худалдааны гэрээ зэрэг нь ЕХ болон дэлхийн олон арван оронтой харьцах боломжийг өгнө гэсэн байлаа.
АНУ-ын сайдын төвшний эрх мэдэлтэй Майкл Фроман өмнө нь хэрэв Нэгдсэн вант улс ЕХ-ноос гарвал Их Британитай байгуулсан худалдааны бүх гэрээ хүчин төгөлдөр биш болно гэж сануулсан байлаа. “Онцгой харилцаатай” гэх уламжлал бүхий АНУ-тай ч гэрээ тасрах юм. АНУ нь Британийг ЕХ-нд байлгах сонирхолтой. “Онцгой харилцаа” нь Британиар дамжуулан бодлогоо явуулахад нь тустай л даа.
ШОТЛАНД ТАСРАХ АЮУЛ
Нэгдсэн вант улсын хувьд эдийн засагт аюултай ч юм биш ЕХ-ноос гарах нь тус улс өнөөгийн байдлаар үлдэхгүй гэсэн үг болно. Хэрэв британичууд Brexit-ийн төлөө санал өгвөл Шотландын үндсэрхэг үзэлтнүүд улсаа тусгаарлах өөрсдийн бүх нийтийн санал асуулгыг дахин явуулна гэсэн байгаа.
Шотландын таван сая иргэдийн ихэнх нь олон нийтийн санал асуулгаар англичуудаас илүүтэйгээр эх газрын европчуудтай илүү холбоотой, ЕХ-ноос Их Британи гарахын эсрэг байгаагаа харуулсан байлаа. Харин Англид Нэгдсэн вант улсын нийт хүн амын 84 хувь болох 53 сая хүн амьдардаг. Нийт орны хувьд шийдвэр гаргахад тэдний санал бусад хэсгээс хамаагүй илүүтэй нь мэдээж.
Үүнээс өмнө ч ЕХ-ноос Их Британи гарч статусаа солих нь тэдэнд Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гарах бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг өгнө гэж Шотландын улстөрчид хэлж байсан билээ. Хоёр жилийн өмнө тэд нэг ийм санал асуулга явуулахад хүн амын 55 нь Нэгдсэн вант улсад байхыг зөвшөөрч 45 хувь нь эсрэг байсан юм. Гэтэл одоо Шотландын Үндэсний нам нь өөрийн байр суурийг эрс бэхжүүлж өнгөрсөн оны парламентын онгуулиар 59 суудлын 56-г нь авсан байгаа. Лондоноос тусгаар улс байх нь Намын дүрэмд нь тусгагдсан энэ нам бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг алдахгүй биз.
ЕВРОПЫН ЭСРЭГ ҮЗЭЛТНҮҮДИЙГ ГЭРТЭЭ ЯЛАХ
Ирэх дөрвөн сард Их Британийг ЕХ-нд үлдээх талаар Кэмерон “сэтгэл зүрхээрээ зүтгэнэ Хаяирхалтай нь тэр өөрөө 2013 онд өөрийн талд Европын эсрэг саналтай сонгогчдыг татахын тулд сонгуульд ялбал бүх нийтийн санал асуулга явуулна гэсэн билээ.
Одоо тэрээр сонгуулийн саналын төлөө өөрөө гаргаж ирсэн урхиндаа орооцолдоод байгаа юм. Түүний эсрэг Нэгдсэн вант улсын Тусгаар тогтнолын намын (UKIP) Найжел Фараж, Европын эсрэг талынхан байгаа. Тэрээр хоёрдугаар сарын 20-нд дахин “өөрсдөө улс орноо захирах” “сайхан боломжийг” алдахгүй байхыг олон нийтэд уриалсан байгаа.
Кэмерон нам дотроо ч ноцтой сөрөг хүчинтэй. Консерваторуудын засгийн газар нь Нэгдсэн вант улс ЕХ-нд байх ёстой гээд зөвлөсөн байгаа. Гэхдээ тэр нь танхимын зургаан гишүүн ЕХ-ноос тусгаарлахын төлөө ухуулга хийнэ гэсэнд нь саад болсонгүй. Тэдний лидер нь лорд-канцлер, Хууль зүн сайд Майкл Гоув бөгөөд ерөнхий сайдад хамгийн ойр улстөрч гэгддэг. Түүний шийдвэр Кэмеронд том цохилт болсон гэж болох юм.
Хоёрдугаар сарын 20-нд тэр зургаан улстөрч “Өөрсдөө хяналтаа эргүүлэн авья” гэсэн бичигтэй зурагт хуудас хийлгэсэн байлаа. Одоо Лондон хотын мэр аль талд зогсох вэ гэдэг нь сонирхолтой. Хүн татах удидастай, Кэмероны танхимд багтдаг Борис Жонсон аль ч талд нь орёон хүчтэй нөлөөтэй болно. Тиймээсерөнхий сайд түүниг татах хүсэлтэй байгаа.
Дава гаригт Кэмерон парламентад бүх нийтийн санал асуулга явуулахаар зарласнаа батлуулахаар очно. Хэрэв санал асуулга нь ЕХ-нд байхыг дэмжих юм бол ажлын ачаалал Брюссель ирэн тэд Кэмеронтай хийсэн тохиролцоогоо хуульчилж өгөх хэрэгтэй болно.
Европарламент түүнийгээ санал асуулгын дүн гартал батлахгүй гэдгээ сануулсан байгаа. Их Британид тэр хүлээлт хэрэггүй. Консерватив нам нь сөрөг хүчний үлдсэн орон зайг хумих ажилд анхаарах юм. Лейборист намын лидер Жереми Корбин эрх баригчдыг шүүмжилдэг ч ЕХ-нд байх нь зүйтэй гэдэг. Гэхдээ Кэмерон л хөзрөө тараах учраас түүний улс төрийн карьер ийн асуудал шийдэгдэнэ. Хэрэв олонх ЕХ-нд гишүүн байхгүй гэж үзвэл түүнд огцрохоос өөр замгүй.
ЕХ-НООС ГАРАХ УРТ ХУГАЦААНЫ МЕХАНИЗМ
Энэ тохиолдолд тус улс Европын холбооноос гарах урт хугацааны механизмаа ажиллуулж эхлэхээс өөр аргагүй. Холбооноос гарч байгаагаа төрийн тэргүүн Европын зөвлөлийн даргад захидлаар мэдэгдэх бөгөөд тэр нь ЕХ-ны Лиссабоны гэрээ гэх үндсэн баримтын нийтийн хамааралтай 50-р зүйл ангийн дагуу бичигдэх ёстой.
Үүний дараа, Европын зөвлөл өөрийн төлөөлөгчийг багийн хамт томилон хэлэлцээр явуулах юм. Тэр нь урт хугацаагаар үргэлжилж болох юм. Гэхдээ Кэмерон тийм зүйлд хүрэхгүй Brexit гэх муу ёрын үг түүний улстөрийн булшны бичиг болно гэж бодохгүй байгаа.
ЛАВЛАХ: ИХ БРИТАНИ БА ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАРИЛЦААНЫ ТҮҮХ
Өнөөгийн ЕХ-ны урдатгал болсон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг, ЕЭЗХН 1957 онд байгуулагдахад Их Британи түүнд нэгдэхээс татгалзсан юм. Учир нь Британийн хамтын нийгэмлэг ба АНУ-тай худалдаа хийх нь илүү ашиг өгнө гэж үзэж байв. Гэвч ЕЭЗХН хөгжөөд ирэхээр 1973 онд түүний гишүүн болсон түүхтэй.
ЕХ дотор Их Британи эдийн засгийн болон улс төрийн асуудалд бие даасан бодлого явуулахыг ямагт эрмэлзэж ирсэн юм. Тухайлбал тус орон интеграцийн Шенгений бүс, евро бүсэд нь нэгдээгүй. Үүний зэрэгцээ Британи нь 2013 оны төсөв, татварын нэгдсэн бодлого явуулахад чииглэгдсэн Төсвийн гэрээнд нь гарн үсэг зураагүй.
Нэг биш удаа тэд түншүүдтэйгээ зөрөлдөж ирэв. Тухайлбал 2015 оны есдүгээр сард дүрвэгсдийн хямралаар холбооны ДХ сайд нарын уулзалт дээр “дүрвэгсдийг хуваарилах системд оролцохгүй, харин Сири дэх лагериудаас дүрвэгсдийг хүлээн авна” гэсэн байв.
Гэтэл Их Британиас ЕХ-нд оруулж байгаа мөнгө нь хамгийн томд тооцогдох бөгөөд өнөөгийн байдлаар жилд 11 тэрбум евро оруулдаг (ХБНГУ – 25 тэрбум; Франц – 19 тэрбум; Итали – 14 тэрбум; Испани – 9 тэрбум; Нидерланд – 6 тэрбум; Дани – 2 тэрбум; ЕХ-ны төсөв нь 2015 онд ойролцоогоор 145 тэрбум евро байлаа).
БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙД
Эдийн засгийн хямралтай байсан 2011 онд Их Британид салан тусгаарлах үзэл ихээр гарах болов.Парламентад нь ЕХ-ноос гарах тухай санаачлагын бүлгийн саналыг ирүүлсэн байв. Харин депутатууд нь түүнийг цагаа олоогүй гэж үзсэн юм.
Ерөнхийн сайд Дэвид Кэмерон 2013 онд “Хэрэв 2015 оны сонгуульд ялах юм бол ЕХ-ноос гарах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулна” гэж амлажээ. Тэр нь сөрөг Тусгаар тогтнолын намын саналыг татах явуулга байсан юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын сонгуулиар нам нь дийлэнх олонх болж засгийг дангаараа барьсны дараа засгийн газрын хөтөлбөрт нь бүх нийтийн санал асуулга явуулах асуудал оржээ. Уг нь Ерөнхий сайд өөрөө ЕХ-ны талд зогсдог.
ЛОНДОНЫ ШААРДЛАГА
Дэвид Кэмерон 2015 оны арваннэгдүгээр сард Европын зөвлөлийн дарга Доналд Тускт ЕХ-г шинэчлэх санал бүхий захидал илээв.
Тэр шаардлагуудыг биелүүлсэн цагт Их Британи тус байгууллагын гишүүнээр үлдэнэ гэсэн юм. Британийн ерөнхий сайдын шаардлагад эдийн засаг, өрсөлдөөний чадвар, Их Британийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх мөн дүрвэгсдийн хямрал зэрэг дөрвөн салбарт шинэчлэл хийх ёстой гэв.
Эдийн засгийн шаардлага нь өргөн цар хүрээтэй. Үүнд:
– Евро бүсэд багтдаггүй орнуудын санхүүгийн зохицуулалтыг Европын төв банк биш харин үндэсний банкууд нь шийдэх ёстой;
– Евро бүсэд багтдаггүй орнууд евро мөнгийг аврах ажиллагаанд оролцохгүй байх;
– Евро бүсэд багтдаггүй Их Британи мэтийн орнуудын зах зээл хамгаалагдсан байх;
– Бүх гишүүн орнуудад хамааралттай асуудлыг зөвхөн зөвшилцлийн замаар шийдэх (одоо ЕХ-нд нийтлэг бодлогын янз бүрийн чиглэлээр санал хураах олон журам үйлчилдэг).
Өрсөлдөөний чадварыг сайжруулахад бизнест ЕХ-ны зүгээс үзүүлэх дарамтыг бууруулах ёстой гэж Дэвид Кэмерон үзжээ.
Их Британийн бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд өөрийн орныг холбооны гишүүн орнуудын ойртон нягтрахад оролцох үүргээс чөлөөлөх мөн үндэсний парламентуудын үүргийг нэмэх хэрэгтэй гэж Кэмерон үзлээ.
Хямралын асуудлыг зохицуулахад тус холбооноос Их Британид ажиллахаар очих хүмүүс дөрвөн жилийн дотор тэтгэмж авахгүй байх, ЕХ-ны шинэ гишүүн орнууд нь “хуучин” гишүүн орнуудын хэмжээнд хүрээгүй нөхцөлд тэдний иргэдийн чөлөөтэй зорчихыг зөвшөөрөх ёсгүй гэсэн шаардлагыг тэр тавьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ