Өмнөд Номхон далайн арлын Фижи улсыг хүчит далайн шуурга дайрч, их хэмжээний хохирол учруулжээ. “Винстон” далайн шуурганы салхины хурд секундэд 82 метр хүрч, ургаа модод, гэрлийн шонг суга татаж, их хэмжээний үерийн гамшиг үүсгэсэн байна. Далайн хүчтэй шуурганы үеэр Коро аралд нэг хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж бэртсэнийг засгийн газраас мэдээлжээ. Засгийн газраас шуурганы дараа онц байдал тогтоон, зам гүүрийг цэвэрлэн нээх, гэрэл цахилгааныг сэргээх ажилд цэргүүдийг дайчилсан байна. “Винстон” далайн шуурганы салхины хурд Номхон далайн бүх цаг үеийн далайн шуургыг давж гарсан байна. Австрали, Шинэ-Зеланд улсын засгийн газраас далайн шуурганд сүйдсэн Фижи улсад тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Фижи улс нь АНУ-ын Нью-Жерси муж улсын газар нутгийн дайтай бүлэг арлаас бүрддэг юм. Фижи улсын 900 мянган хүн амын олонх нь гол хоёр арал дээрээ оршин суудаг байна.
Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА