Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэх гарц бол гадаадын чадварлаг багаар менежментийг удирдуулах гэж үзэн өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн хугацаанд Төрийн өмчийн хороо олон улсын тендерийг хэдэнтээ зарлаж, хэдэнтээ хүчингүй болгож байв. Эцэст нь он солигдох торгон агшинд Лондонгийн хөрөнгийн биржтэй шууд гэрээ байгуулж, англичуудад МХБ-ийн удирдлагыг шилжүүлэх санамж бичгийг байгуулсан. Тэдний лобби ч ил далдаар явсаар Лондонгийн бирж буурай биржийг удирдах болж Ажлын мастер гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд сүр дуулиантай үзэглэж байв. Монголын Хөрөнгийн биржийн менежментийг дэлхийн ууган биржийн нэг хийхээр болж техник технологийг сайжруулж, үйл ажиллагааг нь олон улсын төвшинд хүргэнэ гэсэн сүржин мэдээллүүдийн ард зах зээлийн гол үзүүлэлтүүд улам бүр өсөх хүлээлт олон нийтэд төрж байсан юм.
Гэтэл өдгөө байдал эсрэгээрээ. Өнгөрсөн оны намраас өсч эхэлсэн ТОП-20 индекс, зах зээлийн үнэлгээ энэ оны хоёрдугаар сар хүртэл хурдтай өссөн ч өдгөө эргэн навс унаж буйг өдөр бүрийн арилжааны мэдээнээс харж болохоор. 2010 оны наймдугаар сарын 31-ний арилжаагаар зах зээлийн үнэлгээ нэг их наядад хүрч байсныг баяртайгаар мэдээлж байлаа. Харин энэ оны ердөө эхний сард хоёр их наяд хүрч, хоёрдугаар сард гурван их наядыг давсан. Түүхэн хөгжлийнхөө 20 жилийн хугацаанд арайхийж нэг их наядад хүрсэн үнэлгээ хагас жилийн хугацаанд суга өсч гурван их наядад хүрсэн гэхээр гайхмаар үзүүлэлт байгаа биз. Дэлхийн санхүүгийн төв хэвлэл Bloomberg үүнийг онцолж, хамгийн сайн ажилласан хөрөнгийн биржээр Монголынхыг тодотгож байсан нь ч бий.
Үүний зэрэгцээ Оюутолгой, Тавантолгойн хэвлийдээ нуусан их хэмжээний эрдэс баялгийн нөөц жижигхэн Монголыг тив дэлхийн анхаарлын төвд аваачиж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон. Монгол руу хошуурах, Монголын тухай ойр ойрхон цуврах таатай мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байх үед Лондонгийн бирж Монголын биржийг удирдах болсон нь акулуудын сонирхлыг улам татах болсон. Монголчууд ч өндөр хүлээлт, их найдлага тавьж тэднийг угтсан.
Лондонгийн бирж Монголын биржийг удирдах нь оны сүүлчийн өдөр гэхэд Стратегийн түншлэлийн гэрээгээр /хамтран ажиллах санамж бичиг/ тодорхой болсон гэхэд буруудахгүй биз. Харин ямар ажил хэрхэн хийхээ дөрөвдүгээр сарын 7-нд байгуулсан “Master service agreement”-аар шийдэгдсэн. Ажлаа эхлүүлэхээс өмнө ажлын төлбөр болох 14,2 сая ам.долларыг арилжааны банкуудаас зээлүүлэн байж авч байсан нь хачирхалтай. Тодруулбал, Лондонгийн бирж ажлаа аваад хагас жил болсон ч өдгөө хийж эхэлсэн ажил алга, Монголын хөрөнгийн биржийн өөрийнхөө түүхээр 20 жил явж ирсэн гол үзүүлэлтүүд эргэн унасаар л … Англичууд гурван жилийн хугацаанд менежментийг удирдаж, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахаар тохиролцсоны лав нэг хагас жил дэмий өнгөрөөд байна.
Тус биржийг Р.Содхүү тэргүүлж байсан ч Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын албанд очсоноор гүйцэтгэх захирлын суудал ор гараад буй. Одоогийн байдлаар дэд захирал Х.Алтай үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй ч Монголын хөрөнгийн биржийг тэргүүн хэн байх нь аанай л тодорхойгүй хэвээр. Стратегийн түншлэлийн гэрээнд зааснаар Лондонгийн биржийн багаас гүйцэтгэх захирал томилно гэсэн тохироо байдаг. Гэхдээ Лондонгийн биржийг Монголд авчирахад гол үүрэг гүйцэтгэсэн Х.Алтайг томилно гэх нь ч дуулдах юм билээ. Юутай ч Монголын хөрөнгийн бирж англичуудын гарт очоод хагас жилийн хугацаа өнгөрсөн ч шийдэгдсэн ажил, дэвшсэн зүйлгүй найр наадмын налгар цагтай залгаж энэ зуныг өнгөрөөх нь.