Нэг их сүр бадруулан зарласан ээлжит бус чуулган нэгхэн өдрийн настай байж… Өглөө 10.45 цагт нээсэн чуулганыг 20.40 цагийн орчимд хаав. Анх ээлжит бус чуулганыг зарлахдаа хоёрдугаар сарын 15-26-ний хооронд хуралдуулахаар товлосон юм. Ирц бүрдэхгүй хойшилсоор хэдэн өдрийг алдсан ч нээсэн өдрөө ээлжит бус чуулганыг хаасан нь зарласан чуулганых нь зорилгыг бүдэгрүүллээ.
Цэцийн даргыг чөлөөлчихөөд чуулганаа хаачих нь муухай харагдана гэж бодсон уу, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, зарим нэг хуулийн төслүүдийг хэлэлцэн ажил хийсэн дүр эсгэв.
Татвар, хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүлээгдэж буй олон хуулиудаа хэлэлцэн шийдвэрлье гэхээр МАН, МАХН-ынхан орж ирэхгүй цаг алдах нь гэцгээн матрын нулимс унагаж суусан нь ердөө л жүжиг байсан юмдаг уудаа.
Уг нь Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын төвшинд хоёр жил боловсруулсан байгаа юм. Одоо тэгтэл дахин боловсруулахад хоёр сар шаардах нь. Үнэндээ бол боловсруулалт нь гүйцчихсэн төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж хойш тавиад буй нь шалтаг л болов уу. Үнэхээр батлая гэсэн сэтгэл байсан бол шөнө, өдөргүй хуралдаж энэ хуулийг гараасаа гаргаж болох л байсан. Хугацаа нь давчдаад болдоггүй юм бол эцсийг нь тултал явуулах бололцоотой. Гэтэл тэгсэнгүй. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав дээр нэр дурдсан хуулийн төслүүдийг яаралтай батлах шаардлага байгааг хууль тогтоогчдод хандан уриалсан. МАН-ын бүлгийн гишүүдийг ээлжит бус чуулганы нээлтэд орж суухыг гуйсан ч тал бий.
Хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой олон төсөл мөн л Татварын багц хуулиудын нэгэн адил хаврын чуулган руу шилжив. Бодлогын эдгээр том хуулиудыг сар гаруйхан хугацаанд үргэлжлэх хаврын чуулганаар батална гэдэг юу л бол… Сонгууль хаяанд ирчихсэнийг хэлэх үү, хууль тогтоогчдын ихэнх нь тойргоо зорино. Тийм болохоор хаврын чуулганаас олон юм хүлээх нь санасны гарз л болов уу.
Ер нь тэгээд нэг өдрийн настай ээлжит бус чуулганы зорилго нь зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх л байж… Бусад 23 асуудал нь дэндүү жижиг эрх ашиг байсан бололтой.
Г.ОЮУ