Ажил хайж байгаа бол Хөдөлмөрийн биржийг зориорой

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Ажил хайж байгаа бол Хөдөлмөрийн биржийг зориорой

Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордон энэ өдрүүдэд олны хөлд дарагджээ. “Ажил амьдралын гараа” хөдөлмөрийн бирж энд нээгдэж, хоёр өдрийн турш ажил олгогч болон ажил хайгчдад үүдээ нээгээд байна. Ажилд авна гэсэн энд тэндхийн эрээвэр хураавар зарын эзэд энд төвлөрч, ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагууд мөн төвхнөсөн байлаа. Тус ордны 1-2 давхарт Монголын томд тооцогдох компаниуд төлөөлөгчөө суулгаж ажлын байр санал болгож байна. Ямар ажлын байрт, хэдэн хүний орон тоо байгаагаа танилцуулж, үндсэн шаардлага хангаж буй хүмүүсийн анкетыг авч үлдэж байна лээ. Ажлын байр санал болгогчдийг “Энержи ресурс”, “Алтай холдинг”, “Нарантрейд” болон “Макс” групп, “Содмонгол” компаниуд тэргүүлж байна. Тэд компанийн гүйцэтгэх захирлаас авахуулаад тогооч, үйлчлэгчийн ажлын байрт “хүн” хайж байна лээ. Нярав, нягтлан бодогч, эдийн засагч гэх мэт дээд боловсрол шаардах ажлын байраас гадна, мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төв төгссөн болон мэргэжилгүй ажилчдад тохирсон нь ч байсан.

Ажил олгогчид хөдөлмөрийн яармагт оролцохдоо нэлээд өндөр ач холбогдол өгчээ. Удаа дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэнтээ төлбөртэй зарлал явуулдаг хэдий ч яг ажилд оръё гэсэн эзэддээ хүрдэггүй. Харин энэхүү хөдөлмөрийн биржид оролцсоноор ажил хайж буй иргэдэд хүрч, мэдээлэл солилцоход дөхөм байгааг онцлон сайшааж байсан юм. Тухайлбал, тэр бүр ажлын байрны мэдээллийг интернетээс олж авах мэдлэг ажил хайгчдад төдийлөн байдаггүй гэдгийг нэгэн компанийн хүний нөөцийн мэргэжилтэн ярьж байхтай таарсан юм. “Ажилд оръё” гэхээрээ л “Шуурхай зар”, “Зар мэдээ” худалдаж аваад утсаар ярьдаг. Гэвч тэнд ажлын байрны бүх мэдээлэл төдийлөн нэг дор төвлөрсөн байдаггүй шүү дээ хэмээж байв.

Хөдөлмөрийн яармагийн гол оролцогч болох ажил хайж буй шинэ залуу боловсон хүчнүүд ажилтай болох өндөр найдлага тавьж энд ирсэн байв. Оюутны ширээнээс ажилчны эгнээнд шилжин шинэхэн диплом тэвэрсэн тэд компани бүхэн дээр очиж мэргэжлийнхээ ажлыг хайж байсан юм. Гэхдээ өндөр хариуцлагатай бие даан ажиллах эдийн засаг, ерөнхий нягтлан бодогч зэрэг ажлын байрт цоо шинэ боловсон хүчнийг авах боломжгүй гэдгийг ажил олгогчид тайлбарлаж байлаа. Харин ажлын туршлага хуримтлуултлаа арай доод төвшний ажил эхэлж хийх санал тавьж байв. Мөн дээд мэргэжил шаардах ажлын байрт орос, англи хэлний өндөр мэдлэг шаардаж байна лээ.

Үзэсгэлэн яармагийн үеэр хамгийн содон зүйл нь улбар шар цамцаар жигдэрсэн Оюутолгойн оюутнууд байлаа. Тэд ирэх долдугаар сард тус компанийн санхүүжилтээр сурч буй Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвөө төгсөх юм. Гэхдээ ажлын байр хайж биржид оролцож буй нь анхаарал татсан. Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу ажиллах хүчнийг Монголын талаас татах учиртай байтал өөрсдийн санхүүжилтээр бэлтгэсэн боловсон хүчнээ ажилд авахгүй байгаа нь хачирхалтай.

“Ажил амьдралын гараа” хөдөлмөрийн яармагаас ажилд зуучлуулахаас гадна үнэ төлбөргүй мэргэжил эзэмших сургалтын талаар мэдээлэл авах боломжтой. Хөдөлмөрийн бирж өнөөдөр өндөрлөнө.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж