Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнд 580 мянган хүүхэд өртсөн болохыг НҮБ-ын хүүхдийн сангаас /UNICEF/ мэдээлжээ. Эдгээр хүүхдүүдийн 200 мянгад нь сэтгэлзүй болон нийгмийн халамжийн тусламж дэмжлэг шаардлагатай гэнэ. “Хоёр жил үргэлжилсэн зөрчил тулаан хүүхдүүдийн сэтгэлзүйд айдас хүйдэс хургасан. Зөрчил үргэлжилсээр байгаа учраас эдгээр хүүхдүүдэд сэтгэл зүйн болон биеийн хэрэгцээний тусламж үзүүлэх хэрэгтэй” хэмээн НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч Жованна Барберис мэдэгджээ. Зөрчил мөргөлдөөний бүсэд түлшний хүрэлцээ бага байгаа нь хүйтний улиралд хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлсэн бөгөөд эм, тарианы хүртээмж муу байгаа нь халдварт өвчний аюулыг нэмэгдүүлсэн аж.
Крым хойг Киевээс салж Кремльд нэгдсэний дараа 2014 оны дөрөвдүгээр сараас хойш Украины зүүн хязгаарт салан тусгаарлах бослого тэмцэл өрнөж өнгөрсөн хугацаанд 9000 мянга гаруй хүн зөрчил тулаанд амь үрэгджээ.
Өмнө нь өнгөрсөн онд НҮБ-ын хүүхдийн сангаас зөрчилд мөргөлдөөний бүсэд амьдарч буй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхэд 54.3 сая ам.доллар шаардлагатай хэмээн мэдэгдэж байв. Хүүхдийн сангаас өнгөрсөн онд 1.6 сая хүнд ундны ус, 164 мянган хүнд эрүүл ахуйн тусгай хэрэгсэл, 200 мянган хүүхдэд сурах бичгээр тусламж үзүүлсэн байна. Мөн 46 мянган хүүхдэд сэтгэл зүй болон нийгмийн халамжийн тусламж үзүүлж, хүүхдийн сэтгэлийн түгшүүр, зовнилыг таних сэтгэлзүйн сургалтад 5000 мянган багш сурган хүмүүжүүлэгчийг бэлтгэжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS