Энгийн мэргэжил эзэмшихээр шамдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Энгийн мэргэжил эзэмшихээр шамдаж байна

 

Батлан хамгаалах Яам, Хөдөлмөрийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран энэ оны 1 дүгээр сарын 25-наас 4 дүгээр сарын 25-ныг хүртэл 3 сарын хугацаатай зохион байгуулж байна. ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтэс, “Соёмбо” сонины редакц хамтран Налайх дүүргийн МСҮТ, Зэвсэгт хүчний 013, 014, 353 дугаар ангийг түшиглэн явагдаж байгаа сургалтын явцтай танилцсан юм. Уг сургалт Дорнод, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Орхон зэрэг аймагт явагдаж байгаа бөгөөд 16 ангийн 400 шахам хугацаат цэргийн алба хаагч, сонсогчид хамрагдаж байгаа аж.  Тэд бетон арматурчин, хүнд машин механизмын оператор, засварчин, мэргэшсэн жолооч зэрэг мэргэжил эзэмшинэ. Одоогийн байдлаар онолын болон сургууль дээрх дадлагын хичээл явагдаж, суралцагсдын идэвх өндөр, дэг журам, зохион байгуулалт сайн байгааг багш нар онцолж байсан юм. Харин тулгамдаж буй гол асуудал нь үйлдвэрлэлийн дадлага, энэ нь онолын мэдлэгээ бататган бодит техник хэрэгсэлтэй танилцаж, бие дааж ажиллах хамгийн чухал зүйл. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа талаар багш нар онцолж байв.

 

ОЛОН ЗАЛУУСЫГ ХАМРУУЛААСАЙ

 

Иргэн Н.Алтанцоож (Сонсогч Золбоотын аав):

 

-Би барилгачин мэргэжилтэй. Хүү минь намайг дагаж барилгын ажил хийдэг байсан. Ахлагч бэлтгэх төвд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээлэл сонсоод хоёр өдөр дугаарлаж байж хүүгээ бүртгүүлж, шалгаруулалтад оруулсан. Хүүгийнхээ ажил, амьдралын гарааг зөв эхлүүллээ гэж их л баяртай байна. Хүү минь “Онц буудагч” болсон. Дээр нь энгийн мэргэжил эзэмшиж байгаад баярлаад барахгүй. Зөвхөн миний хүү гэлтгүй, олон залуусыг хамруулах талд төр, засаг анхаарал хандуулаасай! гэж хүсч байна.

 

ХОС МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИНЭ ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ

 

“Ахлагч бэлтгэх төв”-ийн сонсогч Г.Бат-Эрдэнэ:

 

-Би Ховд аймгийн Манхан сумын харьяат. Аав, ээж малчин. Ахлагчийн сургууль байдаг гэсэн сургаар ирж шалгуулаад, олон нөхдийн хамт суралцаж байна. Цэргийн, энгийн хоёр мэргэжил эзэмшиж байгаадаа баяртай байгаа. Аав, ээждээ бульдозорчин мэргэжил эзэмшиж байгаагаа дуулгасан, тийм сургалт байдаг юм уу гээд баярлаж байна лээ.

 

ЦЭРГҮҮД МААНЬ ХАМГИЙН САЙН ШАВЬ НАР

 

Хүнд машин механизмын операторын багш Ё.Доржнамжил:

 

-Цэргийн алба хаагчид дэг журам, бусдын үг хүлээж авах чадвар, сурах идэвх, сахилга бат зэрэг олон давуу талтай. Одоогоор онолын болон сургууль дээрх дадлагын хичээлүүд орж байна. Сонсогчид маань үйлдвэрлэлийн дадлага буюу машин механизм дээр бодитоор ажиллая гэж их л яарч байгаа. Багш биш жирийн иргэн хүний хувьд хэлэхэд уг сургалт залууст их хэрэгтэй, ховор боломж. Тийм учраас аль болох олон залуус хамрагдаж, ажил мэргэжилтэй болоосой! гэж боддог юм.

 

СУРАХАД ИЛҮҮДЭХГҮЙ

 

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Жамсран:

 

-Би 2015 онд “Отгонтэнгэр” их  сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд ажил хийхээсээ өмнө цэргийн албаа хаая гэж шийдсэн. Энгийн мэргэжил олгох энэ сургалтын тухайд ангидаа ирээд мэдээлэл авсан. Юм сурахад илүүдэхгүй шүү дээ. Аав, ээждээ сургалтад сууж байгаагаа дуулгасан. Аав маань бидний үеийнхээс боломж, нөхцөл гээд олон талаараа огт өөр болж, сайн сураарай! гэсэн.

 

СОЁМБО СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж