Серб улсын Нови-Сад хотноо явагдаж байгаа шатрын эрэгтэйчүүдийн их мастер цолны норм олгох 10 дугаар зэрэглэлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний найман өргийн дараа эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 6.5 оноо авч нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангалаа. Улмаар түүний хувьд эрэгтэй их мастер цолны хоёр дахь нормоо биелүүллээ.
Шатрын эрэгтэйчүүдийн их мастер цолыг авахын тулд гурван норм биелүүлж, чансаагаа 2500-д хүргэх ёстой. Д.Номин-Эрдэнийн(2468) хувьд хоёр дахь болзлоо Сербид болж буй тэмцээнээс авлаа. Одоогоор манай эмэгтэй шатарчдаас эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Номин-Эрдэнэ нар аваад байна. Харин эрэгтэй их мастер цолны нормыг Д.Номин-Эрдэнэ хоёр дахь удаагаа биелүүллээ.
Сербид болж буй их мастер цолны норм олгох 10 дугаар зэрэглэлийн тэмцээнд БНХАУ, Серб, Болгар, Туркменистан, Монгол улсын нийт 10 шатарчин оролцож байгаагаас цорын ганц эмэгтэй шатарчин нь Д.Номин-Эрдэнэ юм. Түүний хувьд энэ жил 16 настай бөгөөд гэр бүлийн хамт Унгар улсад амьдарч байна.
Ч.БОЛОР