Олонхи болоогүйн зовлон

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Олонхи болоогүйн зовлон

Олонхи болоогүйн зовлон

Эрх баригч хүчин гадаадад байгаа гишүүдээ дуудаад ч ээлжит бус чуулганыг эхлүүлж чадсангүй, өнөөдөр дахин “болзоо” тавилаа. Олонхи болоогүйн зовлон энэ. Хэрвээ УИХ-д 39 суудалтай байсан бол МАН, МАХН хоёрт ингэж элэгдүүлээд суух байсан гэж үү.

Дахин товлогдсон ээлжит бус чуулганыг эхлүүлэхэд өмнөх шигээ олон гишүүнээр ирц дутсангүй. Ердөө хоёрхон гишүүн ирэхэд л ирц 50 хувьд хүрэх байв. Зүтгээд, зүтгүүлээд барсангүй. Ирц сонирхвол, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 34 гишүүнээ гурван цаг гаруй суулгалаа. ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, МҮАН-аас УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар оролцоод л ирц 37-гаас цааш нэмэгдсэнгүй.

Сөрөг хүчнийхээ шаардлагыг биелүүлэхийн тулд Ардчилсан намын бүлэг өчигдрийн турш “гуйлга” хийлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нарыг хуралд ирэхийг хүссэн ч хүлээж авсангүй. Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар луу утас цохиод барсангүй.  Бие даагч гишүүдээс С.Ганбаатар ээлжит бус чуулганд оролцохоо мэдэгдсэн тухай дуулдсан ч ирсэнгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ажил хаялт”-аа үргэлжлүүлж, Ц.Даваасүрэн гишүүн оролцохгүйгээ шулуухан мэдэгджээ.

Ирцээр бойкот хийн, хэдэн өдрийн турш өрөөндөө шигдэж суусан МАН-ынхан санасандаа хүрэв. Ээлжит бус чуулганыг нээж чадахгүй хоног алдах тусам Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудал хойшилж буй. Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудал ингэж л Монголын ард түмний эрх ашгаас дээгүүрт тавигдаж байна. Яасан ч мундаг улсууд юм, бүхэл бүтэн бүлгээр хамгаалуулдаг.

Гэхдээ энэ үйл явдлыг дагаад цаад талдаа шийдлээ хүлээсэн олон асуудал хойшилсоор. Эрх баригч хүчин чухал асуудлаа хэлэлцье, баталъя гэж гуйгаад ч, зөвшилцөөд ч барсангүй. Ээлжит бус чуулганыг гацаасныхаа төлөө, цагтаа ажилдаа ирээгүйн төлөө эргээд хариуцлага тооцох эрх зүйн орчин байдаггүй нь УИХ-ын үйл ажиллагааг чадамжгүй болгох, сөрөг хүчиндээ юугаар ч улс төр хийж, улс орныхоо эрх ашгийг хөсөр хаяж болзошгүйн жишээ болов.

Ямар аргатайдаа л УИХ-ын дарга нь “2016 оны УИХ-ын сонгуулиар аль нэг улс төрийн хүчнийг олонхи болгох хэрэгтэй” гэж хэлэх билээ.

Эрх баригч хүчний хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар 39 суудал авч олонхи болж чадаагүй учраас Засгийн газрыг байгуулахын тулд эвсэж, хамтарч ажиллаагүй улс төрийн хүчин, бие даагч үлдсэнгүй. МАХН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ одоо хэр нь цуцалж чадахгүй яваа. Байгааг нь хар. Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй хүнийг Шадар сайдаар томилохгүй байна гээд УИХ-ын үйл ажиллагааг гацааж сууна шүү дээ. Энэ бол хууль давсан шаардлага. МАН үүнийг нь дэмжихээр ч яадаг юм. Аргагүй л угшил нэгтэй юм даа.

Хорин жилийн өмнө буюу 1996 онд Ардчилсан намыг ингэж л ирцээр “бойкотолж” ажил гацааж явж. Тухайн үед  Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай байсан ч ердөө нэгхэн гишүүн чуулганы хуралд орж ирэхгүй болоход УИХ-ын ажил гацдаг байжээ.

Хуулиараа УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлэхэд гуравны хоёр буюу 51 гишүүний ирц шаардана. Энэ өндөр босгыг дагуулж, МАХН/одоогийн МАН/ УИХ-ын үйл ажиллагааг сар гаруйн хугацаагаар уяж, Засгийн газрын сайд нарыг зургаан сарын турш үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан түүх байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж