Ж.Өлзий-Орших: Би ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Ж.ӨЛЗИЙ-ОРШИХ: БИ АЖЛАА ӨГНӨ. ОЛОН ЮМ ЯРИАД БАЙГАА ХҮМҮҮС ТАЙВАН УНТАЖ БОЛНО ШҮҮ

Монголын дугуйн холбооны тайлангийн хурал энэ сарын 23-нд МҮОХ-нд болно. Дөрвөн жил тутамд болдог хурлын өмнө Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихтой уулзаж, зарим зүйлийн талаар тодрууллаа. Тэрбээр хэдэн жилийн өмнө ясны хорт хавдар тусч, биеийн байдал сайнгүй байсан ч энэ ажлыг авч, амжилттай ажилласан. Гэвч сүүлийн үед түүний тухай муу зүйл дуулдах болов.

-Сүүлийн үед таны тухай гадуур их ярих боллоо?

-Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад дөрвөн жил боллоо. Энэ ажлыг надаас өмнө хийж байсан зарим хүн “Ж.Өлзий-Орших ажил хийсэнгүй” гэж ярьж байна. Гэхдээ тийм биш ээ. Олон улсын дугуйн холбоонд татвараа төлж чаддаггүй, өртэй байсан холбооны өрийг барагдууллаа. Намайг энэ ажлыг авахад манай тамирчид жилдээ гадаадад хоёроос гурван удаа тэмцээнд оролцдог байсан. Харин одоо долоогоос найман тэмцээнд оролцож байна. Дотоодын тэмцээн ч хуваарийн дагуу болж байгаа. Өмсөх хувцас, унах дугуйгүй байсан холбоо өөр болсон шүү. Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бид хоёрыг энэ дөрвөн жил хэрхэн ажилласныг манай дугуйчид мэдэж байгаа.

-Холбооны санхүүжилт яаж бүрддэг юм бэ?

-Санхүүжилт гээд байх юу байхав дээ. Холбооны ерөнхийлөгч Ц.Батбаярын өгсөн болон өөрийн, эхнэ рийнхээ мөнгөөр тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн. Эмчилгээнийхээ мөнгөөр хүртэл тэмцээн хийгээд явж л байгаа. Ц.Батбаяр ерөнхийлөгч өнгөрсөн жил Италид болсон Олон улсын дугуйн холбооны хуралд оролцож, холбоогоо татвараас бүрэн чөлөөлүүлсэн. Үүгээр барахгүй 2010 оноос эхлэн тус холбооноос жил бүр 1500 швейцарь франкийн тусламж авах болсон. Энэ мөнгийг өнгөрсөн жил анх удаа авч, “Гуанжоу-2010” Азийн наадамд оролцох та мирчдынхаа зардалд нэмэрлэлээ.

-Олон улсын дугуйн холбоонд жилд хэдэн долларын татвар төлдөг байсан юм бэ?

-Энэ бол нэг их том тоо биш ээ. Гэхдээ өмнөх холбооны хэд түүнийгээ ч төлж чаддаггүй байсан юм шүү дээ. Бид өнөө дөр Олон улсын допингийн холбоо, Азийн дугуйн холбоо ны татвараа төлж байна.

-Энэ жил авах туслам жийн мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Манай тамирчид өвөл бэлтгэл хийхэд их хүндрэлтэй байдаг. Тайванийн компанитай ярилцаад бэлтгэл хийх 10 ширхэг суурь авах болсон. Нэг суурь 300-500 долларын үнэтэй. Үүнээс 10 ширхэгийг 1500 швейцарь франкаар авах болсон нь том завшаан. Зарим хүн дугуйн холбоог янз янзаар ярьж, шүүмжилж байна. Гэхдээ бодитой, баримттай юм яримаар юм. Эдгээр хүмүүс өмнө нь Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэд энэ ажлыг хийж ашиг сонирхол гаргаж чаддаг байсан юм байна. Харин би чадахгүй. Надад тийм сэтгэл ч байхгүй.

-Таныг дүүгээ гадаадад тэмцээнд оролцуулдаг гэж их ярих юм?

-Би бардам хэлнэ. Миний дүү Ж.Өлзийсолонго дотоодод болдог эмэгтэйчүүдийн бүх тэмцээнд түрүүлдэг. Би “Чамайг олон улсын тэмцээнд оруулахаар миний нэр хүндэд муу байна” гээд дүүгээ хасах юм уу. Үнэн шударгаараа уралдаад тү рүүлж байхад яах юм бэ. Бага дүү Ж.Өлзийбаатар маань сүүлийн хоёр жилийн УАШТ-ий бөөн гараатай 180 км-ын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Ах дүүгээ харсан байна уу, амжилтыг нь харсан байна уу гэдэг нь тодорхой.

-Хурал энэ сарын 12-нд болох байсан. Яагаад хойшилсон юм бол?

-Ц.Батбаяр ерөнхийлөгч “Ийм тулгамдсан, хам хум юм хийхгүй” гэсэн. Тэгээд ч урьдчилан зарлаж байж хуулийнхаа дагуу хийнэ. Ингээд 23-нд болсон. Би 22-нд БНСУ-д очиж, тариа хийлгэчихээд маргааш нь тайлангийн хуралдаа ирнэ. Хоёр сар тутам очиж тариа хийлгэдэг юм. Хурлаа арай эрт хийх бодол байсан ч нэг бол ерөнхийлөгчийн бие муудаад эсвэл миний эмчилгээ таараад байлаа. Би тайлангаа тавина, энэ ажлыг нь өгнө. Тиймээс олон юм яриад байгаа хүмүүс тайван унтаж болно шүү. Би биеэ бодоод бизнесээ хийгээд явна. Дугуйтай амьдралаа холбосон хүний хувьд миний ажлыг хэн ч авсан тусалж дэмжинэ.

-Та хэдэн жилийн өмнө ясны хорт хавдар туссан. Одоо таны биеийн байдал ямар байна?

-“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг үнэн юм. Би их сайхан найзуудтай хүн гэдгээ мэдсэн. Тэдэндээ их баярладаг. Хавдар хүний сэтгэлийн дэм, өөрийн сэтгэлийн хатаар эмчлэгддэг өвчин. Хааяа жаахан ядрахыг эс тооцвол биеийн байдал маань гайгүй байгаа. Гэхдээ энэ явган хэрүүлийг сонсохоор их хямарч байна.

Д.Нанжид

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж