“Алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

“Алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна”

Б.Сумъяа: Бусад орны шилдэг тамирчидтай хамт нэг баг болж, залуучуудын олимпийн АЛТАН медаль авсандаа итгэж өгөхгүй байна

Норвегийн Лиллехаммер хотноо болж буй залуучуудын өвлийн II олимп өндөрлөхөд гурав хоног үлдээд байна. Тус наадамд манай улсаас цаначин ОУХМ А.Очирсүх, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа оролцож буй.

Өчигдөр тэшүүрийн 1,6 км-ын зайд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багуудын дунд уралдаан болж, Б.Сумъяагийн багтсан 6 дугаар баг аваргын алтан медалийг хүртсэн билээ. Тэрээр шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа сэтгүүлчдэд "Уралдааны өмнө бага зэрэг сандарсан. Одоо би алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна. Надад маш их стресс дарамт байсан. Гэхдээ одоо бол өөрөөрөө бахархаж байна. Бусад улс орны баг тамирчидтайгаа хамтарч уралдан тэдэнтэй ярилцах нь гайхалтай байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Мөн тус www.lillehammer2016.com албан сайтад Монгол Улсыг өвлийн олимпиос медаль хүртэж байгаагүй. Буянтогтохын Сумъяа анхны алтан медалийг эх орондоо авчирсан талаар онцолсон байна.

Лхагва гаригт/02.17/ гүйлтийн тэшүүрийн 1,6 км-ын зайд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 13 баг өрсөлдсөн юм. Б.Сумъяагийн багтсан “6 дугаар” баг зайгаа 1 минут 57 секунд 85 долийн амжилтад туулан түрүүлсэн. Энэ зайд мөнгө, хүрэл медалийг Нидерланд, Польш, АНУ, Казахстаны тамирчидтай 9-р баг, Итали, Румын, Герман, Норвегийн тамирчидтай 10-р баг тус тус хүртсэн.

Тэшүүрийн холимог багт эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин, нийт 4 тамирчин багтсан юм.

Б.Сумъяатай хамт нэг баг болсон Италийн Боназа Ноеми 1500 м, БНСУ-ын Чүн Жэ Вүн 500 м-ийн зайнд тус бүр гуравдугаар байр, БНХАУ-ын Шень Хань Ян 1500 м-н зайд 19-р байрт ороод байсан юм. Түүний хувьд 500 метрийн зайд 23, 1500 метрт 24-р байрыг эзэлсэн.

"Лиллехаммер-2016" өвлийн залуучуудын олимпийн Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багуудын дунд болсон тэмцээний АЛТАН медальт, ОУХМ Б.Сумъяа маргааш бөөн гараатай тэшүүрийн уралдаанд уралдаж, тэмцээнээ дуусгана.

Мөн тус наадамд эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Очирсүх өнөөдөр сүүлийн уралдаан болох 10 км-т тэшилтийн төрөлд өрсөлдөнө. Тэрээр гүйлтийн цанын 50 км-ийн сонгомол төрөлд 43-р байрыг эзэлсэн.

Фотог: www.lillehammer2016.com болон http://olympic.mn сайтаас авав.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж