Тимошенкогийн нам эрх баригч эвслээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Тимошенкогийн нам эрх баригч эвслээс гарлаа

Юлия Тимошенко

Фото: РИА Новости

 

Украины Дээд рад дахь "Батькивщина» (Эх орон) намын жигүүр эрх баригч эвслээс гарч өөрийн сайдыг эргүүлэн татлаа. Энэ тухай Лхагва гаригт тус намын дарга Юлия Тимошенко мэдэгдснийг "112 Украина» телевиз мэдээлэв.

 

"Батькивщина" цорын ганц боломжийн алхмаа хийлээ. Тэр нь эрх баригч эвслээс гарах юм” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

 

Засгийн газрыг огцруулах эсэх талаар Дээд радад явагдсан санал хураалтын талаар тэр хэлэхдээ “бүх нууц нь ил болсон ер бусын хэрэг явдал” гэж нэрлэв. Рад нь Арсений Яценюкийн Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэсэн тогтоолыг гаргаж чадаагүй юм. Итгэл үзүүлэхгүй гэсэн саналыг 194 хүн өгсөн ч огцруулахын тулд 226 санал шаардлагатай. Энэ асуудлыг Рад намрын чуулганаар эргэн хэлэлцэх боломжтой.

 

Харин ерөнхийлөгч Петр Порошенко гурван сарын дотор Арсений Яценюкийг Ерөнхий сайдын тушаалаас огцруулна гэдгээ парламентын өөрийн жигүүрийнхэнд амлажээ.

 

Парламентын эвсэл нь 2014 оны ээлжит бус сонгуулийн дараа байгуулагдаж түүнд нь “Петр Порошенкогийн эвсэл”, “Батькивщина”, “Ард түмний фронт”, Львов хотын мэрийн “Өөрийн тусламж” намууд орж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж