АНУ, БНСУ алтан медалийн тоогоор тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ алтан медалийн тоогоор тэргүүлж байна

Норвегийн Лиллехаммер хотноо болж буй залуучуудын өвлийн II олимп өндөрлөхөд гурав хоног үлдлээ. Тус наадамд 71 улсын 1067 шилдэг залуу тамирчид 70 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Одоогоор тэмцээнийг АНУ 7 алт, 5 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол БНСУ (7+2+2), Герман (4+4+5), ОХУ (3+5+7), Швейцарь (3+3+3) улс удаалж байна. 26 орон ямар нэгэн медаль хүртжээ.

 

Д.СУМЪЯА НЭГДМЭЛ БАГИЙН ТӨРЛӨӨС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Энэ удаагийн наадамд цаначин ОУХМ А.Очирсүх, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа нар дасгалжуулагч Т.Доржготов, Д.Энхбаяр нарын удирдлагад эх орноо төлөөлөн оролцож буй.

Д.Сумъяагийн хувьд өчигдөр болсон Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 6 дугаар багт багтан өвлийн олимпийн АЛТАН медалийг хүртлээ. Тэшүүрийн холимог багт эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин, нийт 4 тамирчин багтсан. Манай тамирчны багтсан “6 дугаар” баг гүйлтийн тэшүүрийн 1,6 км-ын зайг 1 минут 57 секунд 85 долийн амжилтыг үзүүлэн түрүүлсэн юм. Энэ зайд мөнгө, хүрэл медалийг Нидерланд, Польш, АНУ, Казахстаны тамирчидтай 9-р баг, Итали, Румын, Герман, Норвегийн тамирчидтай 10-р баг тус тус хүртсэн.

Б.Сумъяатай хамт нэг баг болсон Италийн Боназа Ноеми 1500 м, БНСУ-ын Чүн Жэ Вүн 500 м-ийн зайнд тус бүр гуравдугаар байр, БНХАУ-ын Шень Хань Ян 1500 м-н зайд 19-р байрт ороод байсан юм. Б.Сумъяа 500 метрийн зайд 23, 1500 метрт 24-р байрт ороод байсан. Түүний хувьд маргааш бөөн гараатай тэшүүрийн уралдаанд уралдана.

Дархан-Уул аймгийн тамирчин Б.Сумъяа энэ жил 17 настай. Түүний дасгалжуулагчаар Д.Энхбаяр ажиллаж байна. Тэрээр энэ удаагийн наадамд дараах амжилтыг үзүүлсэн.

  • 500 метрт 43 сек 42 доль гүйж 23 дугаар байрт орсон. /26 тамирчин/
  • 1500 метрт 2 минут 18 секунд 42 доль гүйж 24 дүгээр байр /26 тамирчин/

Харин цанын А.Очирсүх ойрын зайн сонгомол уралдаанд 43 байр (нийт 48 тамирчин), тэшилтийн холын зайд 48 байрт (50) тус тус орсон. Түүний хувьд өнөөдөр 10 км-т тэшилтийн төрлөөр уралдаж, тэмцээнээ дуусгана.  

Энэ сарын 12-ны өдөр Норвегийн Лиллехаммер хотноо эхэлсэн залуучуудын өвлийн II олимп ирэх ням гаригт /02.21/ өндөрлөнө.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж