Явган зорчигч хаагуур явах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Явган зорчигч хаагуур явах вэ?

Зураг дээрх дүр зураг нийслэл хотод нийтлэг тохиолддог. Ийм тохиолдолд явган зорчигчид хаагуур явахаа мэдэхгүйд хүрдэг төдийгүй машин тойрох гэж яваад гэмтэж бэртвэл хэн хариуцлага хүлээх талаар огт мэддэггүй. Явган хүний зорчих хэсэгт автомашин байршуулах нь дүрэм зөрчсөн үйлдэл. Дүрэм зөрчсөнийх нь төлөө  хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөн учир жолооч нар машинаа зураг дээрх шиг байрлуулаад явчих нь олонтаа. Явган хүний зам дээр машин байрлуулсан бол ямар хариуцлага ногдуулах вэ. Энэ асуултын хариуг бид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээс хайлаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-т зааснаар “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж тодоос тод бичжээ. Тэгэхээр явган зорчигчдыг чирэгдүүлснийхээ төлөө жолооч нар 19200 төгрөгийн торгууль төлөх учиртай юм байна.  

Нөгөөтэйгүүр явган хүн зорчиход зориулсан замын даац автозамтай адилгүй. Ихэвчлэн зүймэл хавтангаар бүрсэн явган хүний зам дээгүүр машинтай  зорчсоноос эвдэрч гэмтсэн нь олонтаа. Тэгвэл явган хүний замаар машинтай зорчиж эвдсэн бол  дараах хариуцлага хүлээлгэдэг ажээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн бол хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна  гэж тодотгосон байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж