Сүүлийн үед хүмүүсийг дээрэмдэх бус өөрийг нь өөрөөр нь дээрэмдүүлдэг болсон байна. Манайхан ч гэж манайхан. Тууж ороод л мөнгөө дээрэмдүүлээд байх юм. Нэг хэсэг долларын баахан сүлжээ үүсээд түүгээр нь хэсэг нөхдүүд орж мөнгө хожоод, хожимдож орсон нэг хэсэг нь “шатаад” дууссан. Энэ тухай мэдээллийг зурагт, радио, сониноор мөн ч олон хэлж, ярьж, бичсэн дээ. Гэтэл саяхан тэр долларын сүлжээ нэрээ өөрчлөөд л автомашины сүлжээ болчихсон олон хүний халаасыг хоосолсон байна. Одоогоор бараг 3000 гаруй хүн хохирчихоод байгаа юм даг шүү. Эдгээр хүмүүс бүгд хүүхэд биш насанд хүрсэн хүмүүс байгаа нь бүр ч сонирхолтой санагдаад байгаа юм. Уг сүлжээг хар ухаанаар ухвал нэг нөхөр элсэж ороод доороо зургаан хүн элсүүлдэг юм байна. Тэгээд өнөөх зургаа нь тус тусдаа зургаа, зургаа болж задарсан тохиолдолд эхний хүн нь машин авах байсан гэнэ. Ер нь хохирогч гэгдээд байгаа хүмүүс өөрийнхөө хүчээр машин авч чаддаггүй, бөөн шуналын туламнууд байсан юм биш үү. Зарим нь бүр байраа банкинд барьцаалж зээл аваад олон машин авч бизнес хийх зорилготой байсан гэж ярьж байна лээ. Өдий том болчихоод үлгэрт итгэдэг хүмүүс одоо ч байсаар байгааг харахад инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг. Хэдэн жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоо гэж айхтар том хэрэг мандаж байсан. Тухайн үед ХЗХ-нд мөнгө хийвэл жилийн 36 хувиар өсгөдөг байсан шүү дээ. Манайхан ч тэр том сүлжээ рүү хуйларч эхэлсэн дээ. Гэвч нэг л өдөр ХЗХ-д дампуурлаа зарлаж эхэлсэн. Энэ асуудлаас үүдээд олон ч хүн шоронд орж, цөөнгүй хүн орох оронгүй болсон. Сая хохирдог хүмүүс үүнээс сургамж авч болох л байсан. Одоо ч гэсэн тэжээлийн бэлдмэл, тураадаг эм, гоо сайхны гээд олон сүлжээ байна. Тэр болгон ардаа олон хүн хохироож байгааг үгүйсгэх аргагүй. Уг нь энэ бүхнээс жаахан ч болов сэрэмж авсан бол өдийд олон мянган хүн хохирохгүй л байсан. Одоо яая гэхэв. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Халаасны хулгайчид мөнгөө суйлуулчихсан бол цагдаад хэлээд олуулна гэхсэн. Гэвч өөрсдийгөө дээрэмдчихсэн хүмүүст юу хэлэхэв дээ.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин