Өнгөрсөн оны тавдугаар сараас халдвар нь бүртгэгдэж эхэлсэн “Зика” вирусийн халдвар дэлхийн 28 улсад эрчимтэй тархсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэнд, спорт яам зэрэг төрийн байгууллагууд мэдээлж, сэрэмжлүүлж эхэллээ. Учир нь, Монгол Улсын урд, хойд хөршид тус вирусийн халдвар бүртгэгджээ. Шинжээчид ОХУ, БНХАУ-д “Зика” вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай ч, дээрх халдвар гарахгүй гэх баталгаа алга. “Зика” вирус тархсан Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайн баруун эргийн бүс нутагт ажиллаж, аялж байхдаа шумууланд хазуулаад Монголд ирсэн хүн халдварын тээгч болох аюултай юм. Мөн дээрх орнуудаас тээвэрлэгдэн ирсэн ачаа тээшинд ч “Зика” вирусийн халдвар тараагч шумуул байх магадлалтай аж.
Дэлхий дээр 700 гаруй эд эс, зүйлийн шумуул байдаг. Тэдгээрийн хоёр нь энэхүү халдварт вирусийг тараадаг. Гэхдээ энэхүү халдвар тээгч шумуулыг хүн шууд нүдээрээ хараад ялгах боломжгүй тухай шинжээч тайлбарлалаа. Гэхдээ “Зика” вирус тараагч AEDES aegypti зүйлийн шумуул нь Монголд байхгүй учраас иргэд тайван байж болох юм байна. Гэхдээ иргэд өвчний дэгдэлт бүртгэгдсэн Бразил зэрэг Латин Америкийн улсуудад зорчихгүй байх, очих шаардлага гарвал хазуулахаас сэргийлэх хэрэгтэй. Шумуулаас сэргийлэх тосон түрхлэг хэрэглэх, байр орондоо шумуул оруулахгүй байх, тогтмол ус, чийгтэй орчинд шумуул үржих эрсдэлтэй учраас тийм газар амьдрахгүй байх зэргээр сэргийлж болохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөлөө. Монгол Улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгджээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо энэ сарын эхний өдөр хуралдан “Зика” вирусийн халдварын талаар хэлэлцэж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн хэмээн үзээд, гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлжээ. “Зика” вирусийн халдвар жирэмсэн эхээс урагт хэрхэн халддаг талаар нарийн судлаагүй ч гол төлөв шумуулд хазуулж, мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзсэн байна. Дэлхийн газрын зураг дээр тайлбарлавал улаан цэгтэй хэсэг буюу Ази болон Африкийн нутгуудад “Зика” вирусийн халдварын тархалт 60 гаруй хувьтай, Өмнөд Африкийн төвүүдэд 35 хувьтай байна.
“Зика” вирусийн халдвар авсан хүмүүсийн 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг байна. Шумуулд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх шинж 2-7 хоног үргэлжилдэг. Гол төлөв жирэмсэн эхээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрж, өвчтөнүүдэд мэдрэлийн эмгэг үүсгэдэг гэнэ. Иймээс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гишүүн орнууддаа хандсан мэдэгдэл, энэ дагуу хийж хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийн дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас Зоонозын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад холбогдох байгууллагатай хамтран эрсдэлийн судалгааг хийсэн байна. Ингэхдээ Монголд “Зика” вирусийн халдвар бүртгэгдвэл хэрхэн эмчилж, эдгээх вэ гэдгээ тодорхойлжээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД