Тусгай зөвшөөрөл олгочихоод дараа нь хариуцлага тооцдогоо болих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл олгочихоод дараа нь хариуцлага тооцдогоо болих хэрэгтэй

   Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр:

   Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 36 саналыг тавдугаар сарын дундуур Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсоор хүргүүлсэн. Эдгээр саналдаа,

   Нэгдүгээрт, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ тогтоогоогүй байхад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байна. Үүний зөв, бурууг хуулиар ялгая. Толгой компанийн нэр дээр  олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа борлуулдаг явдал нь мөн   Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа. Үндсэн хуулиар газрын хэвлий нь төрийн өмч, бүх нийтийн хөрөнгө. Газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно гэсэн заалт Үндсэн хуульд бий. Энэ  заалт ямарваа нэгэн хэлбэрээр зөрчигдөж байгаа тул Ашигт малтмалын хуульд  тодорхой зохицуулалт хийж өгөх  хэрэгтэй.

   Хоёрдугаарт, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага хоёрын чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуульд заасан атлаа   Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг огт байдаггүй юм. Зөвхөн Мэргэжлийн хяналтын байгууллага энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавина л гэсэн өгүүлбэр бий. Манай байгууллага  ямар байдлаар хяналт тавьж, ямар эрх үүрэг эдэлж, ямар хариуцлага тооцохыг тодорхой болгоё. Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих төрийн гол гурван субъектийн эрх үүрэг давхацдаг. Ашигт малтмалын газар үүрэг хүлээгээд ч байгаа   юм шиг,  Эрдэс баялаг, эрчим хүчний яам үүрэг хүлээгээд байгаа   юм шиг, эсвэл Мэргэжлийн хяналтын байгууллага үүрэг хүлээгээд байгаа ч юм шиг.  Ямар нэгэн асуудал үүсээд, хариуцлага тооцох гэхээр энэ гурван байгууллага бие биенээ буруутгадаг.

   Гуравдугаарт, тусгай зөвшөөрөл олгочихоод дараа нь хариуцлага тооцдог жишгээсээ татгалзъя. Дэлхийн уул уурхайн практикт ийм зүйл байхгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоосоо өмнө холбогдож гарах зөвшөөрөл, тооцоо зэргийг  хийлгэе, тэгээд орон нутгаасаа санал авдаг болъё. Ашигт малтмалын нөөц тогтоогдсон  байх ёстой. Мөн  уурхайн үйл ажиллагаанд ямар технологи хэрэглэх юм, байгаль орчинд ямар хэмжээний хохирол учрах юм, энэ уурхайг ашиглаж дууслаа гэхэд  байгаль сэргэх үү, үгүй юү гэдгийг хуулийн заалтуудаар ойлгомжтой болгоё. Энэ бүгд ойлгомжтой болсны дараа тусгай зөвшөөрөл олговол уул уурхайн салбар дахь элдэв  маргаан арилна. Уул уурхайн салбарын нэр хүнд сэргэнэ.

   Дөрөвдүгээрт, уул уурхай дахь орон нутгийн оролцоог маш сайн хангах хэрэгтэй. Орон нутаг тухайн уул уурхайн төслөөс юу хүсээд байна вэ. Уурхайн үйл ажиллагаа явагдаж дууссаны дараа орон нутаг ямар байдалтай хүлээж авах юм, хүлээж авлаа гэхэд үүнийг  ямар зориулалтаар ашиглах ёстойг Ашигт малтмалын тухай хуулиар маш тодорхой болгоё.
   Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх хариуцлагууд бий.  Тайлан мэдээгээ  хугацаандаа өгөх, тэрхүү тайлан нь ямар мэдээ агуулсан байх ёстой  гэхчилэнгээр маш олон зүйлийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Уулын ажлын төлөвлөгөө, тайланг Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хоёрт давхардуулж өгдөг нь буруу. Мөн Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэн хүлээж авах вэ, хэн  үүнийг зөвшөөрөх  вэ гээд Ашигт малтмалын тухай хуульд бүрхэг асуудал олон бий. Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ч  ийм ойлгомжгүй зүйлүүд  бий.

   Тавдугаарт, олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг зүйл бол хайгуулын тусгай зөвшөөрөлтэй атлаа ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг хандлага. Үүнийг таслан зогсооё. Хайгуул хийх нь  хайгуулаа, уурхай ашиглах нь  уурхайгаа л ашиглая. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээд хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй уулын малталт, нэвтрэлтийг гүйцэтгэсэн, эсвэл ашигт малтмал олборлосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь шууд цуцалдаг болъё. Тусгай  зөвшөөрөл цуцалдаг зүйл заалтуудаа ч мөн тодорхой болгоё. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл цуцалдаг дөрөвхөн заалт бий. Гэтэл энэ дөрвөн заалтад хамаарагдахгүйгээр байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан,  технологийн горим алдсан, хүний амь нас эрсэдсэн  тохиолдлуудад Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаад,  тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй гэж олон нийт ойлгодог. Гэвч өнөөдөр тийм эрх манай байгууллагад байхгүй. Дээрх тохиолдол бүрээр заалтуудыг нарийвчлах хэрэгтэй байгаа юм.
   Зургадугаарт, гадаадын орнууд уурхайн хаалтад анхаарлаа түлхүү хандуулдаг юм байна. Ашигт малтмалын тухай хуулийн 45 дугаар зүйл дээр уурхайн хаалтын төлөвлөгөөг Мэргэжлийн хяналтын байгууллагад  нэг жилийн өмнө хүргүүлнэ, хаалтын журмыг Мэргэжлийн хяналтын байгууллага батална гэсэн заалт бий.
   Энэ харилцааг зохицуулахад хүндрэлтэй. Уурхайг хаяад  явчихдаг, нөхөн сэргээлт хийдэггүй тохиолдол  олон гардаг юм. Үүнийг  хуульчилж,  эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Сумын Засаг даргын томилсон комиссынхон нөхөн сэргээлт хийсэн талбайд гүйж очоод хүлээгээд авчихдаг. Тэр хүмүүс нь мэргэжлийн, дээр нь  нөхөн сэргээсэн гээд байгаа газар нь стандартад нийцдэг гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Үүний оронд аймгийн Засаг даргын томилсон мэргэжлийн  комисс нөхөн сэргээсэн талбайг хүлээж авдаг байх ёстой. Гэхдээ ингэхээсээ өмнө нөхөн сэргээсэн  талбай стандартын шаардлага хангаж байгаа юу, хангалаа  гэж үзэхэд энэ нь үнэхээр он удаан жилийн туршид тогтвортой байж чадах уу, жил бүрийн мониторинг, арчилгааны зардлыг хэн гаргах юм, хэн хариуцах юм бэ. Ашигт малтмалын тухай хуульд энэ бүгд   тодорхойгүй учир шинэ заалтууд хийж өгөх хэрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулаад, жаахан нөхөн сэргээлт хийсэн болоод орхидог. Сүүлдээ төр засаг  түүний өмнөөс үүрэг хүлээдэг.

   Долдугаарт, аж ахуйн нэгжийн торгууль, шийтгэлийн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулиар нэг сая төгрөг байдаг. Газрын хэвлийн тухай хуульд энэ нь  250-хан мянган төгрөг. Ийм инээдтэй зүйл байж болохгүй. Америкт аж ахуйн нэгжийг зөрчлөө арилгах хүртэл хоногт 25 мянган доллараар торгодог. Энэ бол зөрчил  арилгах эдийн засгийн том хөшүүрэг.

   Наймдугаарт, бид зөвхөн Ашигт малтмалын тухай хууль яриад байгаа. Гэтэл Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Үнэлгээний тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд  хяналт тавих тухай хууль, Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гээд олон хуулийг хооронд нь сайн уялдуулах хэрэгтэй. Биднийг хяналт шалгалт хийгээд явж байхад  нэг хуулийн  заалт нөгөө хуулийн заалттайгаа давхцах тохиолдол маш их гардаг.  Энэ бүхнийг цогцоор шийдвэл  Ашигт малтмалын тухай хууль олон  жилийн настай, уул уурхайн харилцаагаа бүрэн зохицуулж чаддаг, эрх зүйн орчин тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж