Бэлэгдлийн алтан медаль

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Бэлэгдлийн алтан медаль

Норвегийн Лиллехаммер хотноо болж байгаа Хүүхдийн II дугаар олимпийн наадамд 71 улсын 1067 шилдэг залуу тамирчид оролцож 70 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Манай улсаас тэшүүрийн спортын төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин, ОУХМастер Б.Сумьяа, цанын спортын төрөлд Орхон аймгийн тамирчин, ОУХМастер А.Очирсүх нар оролцож байна.

Тэшүүрийн спортын ОУХМ Б.Сумьяа нь 2 сарын 17-нд болсон Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 6 дугаар багт оролцон энэхүү өвлийн олимпийн алтан медалийг бусад 4 тамирчны хамт хүртсэн. Тэшүүрийн энэхүү холимог багийн төрөлд эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин нийт 4 хүн нэгдэж орж уралдсан. Энэхүү 6 дугаар баг нь 1 мин 57 сек 85 доль амжилт үзүүлэн бусад багаа хошуучилсан юм.

Багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо рейтинг өндөртэй тамирчидаас бусад тамирчидтай хольж бүрдүүлсэн байна. Зургаадугаар багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс Италийн тамирчин Боназа Ноеми, Монголын Буянтогтохын Сумъяа нар, эрэгтэйчүүдээс БНСУ-ын тамирчин Чун Жэ Вүн, БНХАУ-ын Шен Ханяан нар багтжээ.

Тиймээс энэ медаль бол Олон улсын олимпийн хорооны далбаан дор орсон нэгдмэл багийн алтан медаль юм. Аль нэгэн улсынх нь амжилтанд энэ медаль орж тооцогдохгүй. Тиймээс бэлэгдлийн шинжтэй медаль гэж хэлж болно.

Хүүхдийн олимпийн наадмын өвлийн ганцаарчилсан болон багийн төрөлд Монгол улс медаль авахад амжилтын зөрүү их хол байгаань манай хоёр тамирчны энэхүү наадмын төрлүүдэд оролцсон амжилт бэлхэнээ харуулж байгаа юм.

Тухайлбал: Тэшүүрийн Б.Сумьяа нь 1999 оны 1 сарын 25-нд төрсөн 17 настай тамирчин.

Энэхүү наадамд одоогоор 3 төрөлд оролцон доорх амжилт гаргалаа:
-500 метрт 26 тамирчинаас 43 сек 42 доль гүйж 23 дугаар байрт орсон.
-1500 метрт 26 тамирчинаас 2 мин 18 сек 42 доль гүйж 24 дүгээр байрт оржээ.
-Тэрээр бөөн гараатай тэшүүрийн уралдаанд 2 сарын 19-нд өрсөлдөнө.

Харин цанын Адьяабаатарын Очирсүх нь 1998 онд төрсөн 18 настай эрэгтэй тамирчин.

А.Очирсүхын амжилт:
-Ойрын зайн сонгомол уралдаанд 48 тамирчинаас 43 байрт багтсан.
-Тэшилтийн холын зайд 50 тамирчинаас 48 дугаарт байрт оржээ.
-Тэрээр 2 сарын 18-нд 10 км-т тэшилтийн төрлөөр уралдаж тэмцээнээ дуусгана.
Энэхүү их наадмыг багийн дүнгээр БНСУ-ын баг тамирчид 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлэн удаад нь АНУ-ын баг 6 алт, 4 мөнгөн медаль авчээ. Гуравдугаар байрт Германы өсвөрийн тамирчид 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медальтай явна. Харин 4 байрт ОХУ-ын баг 3 алт, 5 мөнгө, 6 хүрэл медальтайгаар их наадмыг өнгөлж байна.

Д.ЖАРГАЛСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж