Бүрэн эрхийн хугацааныхаа ихэнхийг сайд огцруулах, Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцсээр барж буй УИХ товлосон цагтаа ч ээлжит бус чуулганыхаа нээлтийг хийж чадахгүй болтлоо сульдав. Хоёрдугаар сарын 15-нд зарласан ээлжит бус чуулган ирц хүрэхгүйгээс болж хойшлогдон өнөөдөр дахин товлогдсон юм.
Уг нь 20-иод хоногийн өмнө чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдэх болоход гишүүдээс 74 нь оролцсон, одоо харин ард иргэдэд хамаатай хуулийн төслүүдийг хэлэлцье гэхэд шалтаг тоочоод ирэхгүй байж мэдэхээр шинжтэй. УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж байгаа шаардлагаар Ардчилсан намын бүлэг 35 гишүүнээ 100 хувь ээлжит бус чуулганы нээлтэд оролцуулах ёстой. Эс чадвал тус бүлэг ажил хаялтаа дахин үргэлжлүүлнэ. Олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой болохоос цөөнхөд хамаагүй аж. Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлаас эхтэй энэ шантааж хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй ч Ардчилсан намын бүлгийн 35 гишүүн бүгдээрээ л сууж байхгүй бол цөөнхийн гишүүд чуулганы танхимд орж ирэхгүй нь тодорхой болсон. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Хэрвээ ирц бүрдээд ээлжит бус чуулганыг нээчихвэл хийчихвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна. Намрын чуулганаар энэ асуудлыг эцэслэх боломж байсан ч МАН-ын бүлэг завсарлага авч, улмаар завсарлагын хугацаагаа сунгаснаар Цэцийн асуудал ээлжит бус чуулганд шилжиж ирсэн юм. Дээрх асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авчихгүй бол өнөөдөртөө багтаан эцэслэх боломжтой.
Уг нь Үндсэн хуулийн цэц тойрсон маргаан нь өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлгийн дунд өрнөж байсан ч Шударга ёс эвслийн бүлэг татагдан орж болзошгүй нөхцөл үүссэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах операци өрнөж байгаатай холбоотой юм. Ээлжит бус чуулганаар Шадар сайдын томилгоог хийх санаа агуулсан нь бүтэлгүйтсэн нь МАН-ынхантай эрх ашгаа нэгтгэн ирцээр бойкот хийн, ээлжит бус чуулганыг гацаан сануулга өгөөд амжив.
Тиймээс өнөөдрийн ээлжит бус чуулганы нээлтэд сюрприз барихгүй гэх газаргүй. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлбэл дэмжинэ. Сайдад нэр дэвшигчдийг МАН бүгдийг дэмжээд батлуулсан гэх цөөнхийн бүлгийн даргын үг бол аавын хүүг алагчлахгүй гэсэн утга агуулж байгаа ч цаагуураа ямар “наймаа” хийснийг ил болгох аргагүй. Шулуухан хэлэхэд Шударга ёс эвслийн бүлгээс МАН-д эргэж барих хариу нь ээлжит бус чуулганыг ирцээр бойкотолж гацаах сонирхол байв уу, эс бол Цэцийн гишүүдийг хамгаалж үлдэх тактик нь байсан уу гээд хөөвөл хөврөх олон асуулт бий. Гэхдээ үүнээс илүү ээлжит бус чуулган эхэлж, цаг алдалгүй хуулиудаа хэлэлцэх нь чухал байна.
Яагаад гэвэл хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх ч сар гаруйхан хугацаанд үргэлжилнэ. Энэ хооронд олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй учраас ээлжит бус чуулган зарлагдсан боломжийг ашиглаад бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байгаа татварын хуулиудын шинэчлэлийг батлаад өгөх нь чухал байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах тухай хуулийг хэрэгжихийг хоног тоолон хүлээж сууна. Хэрвээ ээлжит бус чуулганыг хуралдуулж чадахгүй болбол дээрх хуулийн эцсийн найруулгыг сонсох боломжгүй болж хуулийн үйлчлэлийн хугацаа хойшлогдоно.
Эрүүгийн хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор араас нь гаргах шаардлагатай хуулиуд ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэхээр багтсан. Сандал суудал хуваалцахаас илүүтэй эдгээр хуулиудаа шуурхай хэлэлцээд батлаад өгөөч, хууль тогтоогчид оо. Бүрэн эрхийн хугацаа дуусахад таван сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
1/Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;
2/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
5/Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
6/Хууль сахиулах тухай хуулийн төсөл;
7/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
8/Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;
9/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
10/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
11/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
14/Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл;
15/Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл;
16/Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл;
17/Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
18/Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
19/“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
20/Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
21/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
22/Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
23/“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24/Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл.
Г.ДАРЬ