Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын талаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдтой ярилцлаа.
-Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудал оны өмнөхөн шийдэгдсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Албан ёсны гэрээ тохиролцоо оны өмнө хийгдсэн. Энэхүү гэрээ нь дэлхийн хэмжээний уул уурхайн салбарт томоохонд тооцогдоно. Яагаад гэвэл нэг төсөлд 10 гаруй нэр бүхий банк 4-6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг шийдэж байсан тохиолдол цөөхөн. Бидний зээл авахаар тохирсон Европын улс орнуудад санхүүгийн идэвхжил хоёрдугаар сараас эхэлдэг. Гэтэл нэг банктай биш 15 банктай гэрээ хийсэн учраас зээлийн нөхцөл, зээл олгож эхлэх хугацаа өөр өөр байгаа. Энэ хавраас эхлээд санхүүжилт орж ирнэ гэж тооцож байна. Гүний уурхайд зориулж тусгай техник технологийг захиалгаар хийлгүүлнэ. Зарим нэг захиалгын ажил одоогоор эхэлчихсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт нэг шөнийн дотор босчихдог зүйл биш. Тиймээс энэ оны эхний хагаст мөнгө санхүү гэрээ хэлэлцээр, бичиг цаас зохион байгуулалтын ажил зонхилно. Хоёрдугаар хагаст өрнүүн бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
-Бүтээн байгуулалтын ажил хэдий хэмжээний хугацаа орох вэ?
-Газрын гүнээс хүдэр олборлох ажил таван жилийн дараа эхэлнэ. Байшингаар төсөөлөх юм бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зөвхөн барилга барих шийдвэр гарсан. Үүний дараа зураг төсөл, зөвшөөрөл авах, сууриа цутгах ажил эхэлдэг шүү дээ. Үүнтэй л ижил бүтээн байгуулалтын ажил шат дараатай явагдана. Гүний уурхай маань газрын хөрснөөс дотогш 1,4 км зайтай, 200 гаруй км том хонгил байх юм. Ийм том хонгил барихын тулд хамгийн багадаа таван жил шаардлагатай. Тэр ч утгаараа маш их зардал орно. Нэг үгээр хэлбэл далайн түвшнээс доош 400 шахам метр явж байж хүдрийн биет гаргаж ирнэ. Уурхайн үйл ажиллагаа жигдрэх юм бол Монгол улс шинэ түнштэй болно, хоёр хөрштэйгөө том хэмжээний наймаа хийдэг болно, далд уурхайн дэд бүтцийг дагаад салбар үйлдвэр баригдана.
-Одоогоор манай эдийн засаг сайнгүй байгаа учраас Оюутолгойн гүний уурхайн ажил хөдлөхийг хүлээж байна. Монголчууд таван жил хүлээсний эцэст эдийн засагт хэр зэрэг нөлөөлөх бол?
-Гүний уурхайн олборлолт 100 гаруй жил үргэлжилнэ. Тиймээс одоо үр дүнг нь төсөөлж хэлэх боломжгүй. 30 гаруй жил ажиллаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрээр жишээ болгоход эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлж байгаа. Гэтэл далд уурхай маань ”Эрдэнэт” үйлдвэрээс хэдэн дахин том гэдэг утгаараа томоохон түлхэц болно гэж найдаж байна. Харин Оюутолгой бол 2010 оноос хойш Монголын эдийн засагт нөлөөлсөөр ирсэн. Үүнтэй зэрэгцээд Тавантолгой, жижиг уул уурхайн компаниуд олборлолт хийж, газар тариалан хөгжиж эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч байсан. Харамсалтай нь өнөөдөр дэлхийн эдийн засаг хүнд байдалд байна. Япон, Өмнөд Солонгос, АНУ, ОХУ гэх мэт дэлхий нийтээрээ хямралын зурваст орж ирж байгаа энэ үед бид Оюутолгойтой ч байж Оюутолгойгүй ч байсан ганцаараа цойлоод дээшээ яваад байна гэж байхгүй. Тэр тусмаа гадагшаа бүтээгдэхүүн зарахгүй, гаднаас тусламж дэмжлэг авахгүйгээр дангаараа бие дааж амьдрах тэнхээгүй улс шүү дээ. Тиймээс эдийн засаг ямар байх нь хоёр зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, олсон орлогоо хэмнэх. Хоёрдугаарт, төр засгийн шийдвэр нь бодит байдалтай нийцсэн байх шаардлагатай. Байн байн шийдвэрүүд нь өөрчлөгддөггүй байгаасай гэж хэлмээр байна. Энэ бол монголчууд биднээс шалтгаалах хүчин зүйл юм. Хямрал 2-3 жил үргэлжилж магадгүй гэж тооцож байгаа өнөө үед ийм том төслийг эхлүүлэх шийдвэр гаргасан нь хямралыг харьцангуй хурдан давж гарах дэм болно.
-Оюутолгойн ил уурхайн ашиглалтын үед ханган нийлүүлэлтийг хариуцсан компаниуд дотор гадаадын компаниуд байна гэсэн шүүмж гардаг байсан. Одоо ханган нийлүүлэгчээр хаанахын ямар, ямар компанийг сонгох вэ?
-Бид үйлдвэрлэгч орон биш импортлогч орон. Хэрэв монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг байсан бол дотоодоос авна. Гэтэл гүний уурхайнд шаардлагатай нэг ч бүтээгдэхүүнийг манайхан хийдэггүй. Иймд тоног төхөөрөмжийг гаднаас авна. Харин хоол хүнс, хувцас, ажилчдын 90 гаруй хувийг дотоодоос хангана. Зөвхөн тээвэр үйлчилгээ гэхээс гадна Өмнөговь аймгийг түшиглээд говийн бүсийг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ.
-Гүний уурхайн бүтээн байгуулалтанд манай ажилчид хэр оролцох бол. Гадаадаас нарийн мэргэжилтэн авах уу?
-Одоогоор Оюутолгойд 2000 орчим хүн ажиллаж байгаа. Энэ уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг 6000 гаруй хүн байдаг. Өнгөрсөн таван жилийн дотор 8000 орчим ажлын байр бий болгосон. Үүний цаана тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулаад 20 мянга орчим хүний хувь заяа шийдэгддэг болчихоод байна. Цаашид гүний уурхай жигдрээд ирэхээр Монголоос 3000 хүн ажлын байртай болно. Нарийн мэргэжил шаардсан ажлын байранд гадныхан байгаа нь үнэн. Тэднийг монголчуудаар солих боломж байхгүй. Яагаад гэвэл Монголд уул уурхайн чиглэлээр нарийн мэргжил эзэшсэн боловсон хүчин ховор юм. Гүний уурхай 100 гаруй жил ажиллах асуудал тодорхой болоод ирэхээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль бий болох байх. 2010 онд Оюутолгойн олборлолт анх эхэлж байхад монголчууд хар бор ажлыг хийдэг байсан. Гэтэл одоо бүхий л шийдвэр гаргах түвшинд хүрч чадсан.
-Оюутолгойн ил уурхайгаас гарч байгаа хүдэр дэх зэсийн агууламж буурч байгаа нь хэрхэн нөлөөлж байна вэ? Хэрэв хоёр жилийн өмнө далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлчилсэн бол ийм байдал үүсэхгүй байсан уу?
-Ашигт малтмалын үндсэн хэсгийн 80 хувь газар доор нэг км-ийн гүнд байгаа. Газрын гадаргад өгөршчихсөн, агуулга муутай хүдэр бий. Сүүлийн гурван жилийн дотор зэс, алтны агуулга багасч байна. Тиймээс далд уурхайг аль болох хурдан эргэлтэнд оруулж, гадаргуу дээр байгаа баяжуулах үйлдвэрт агуулга өндөртэй зэс, алтыг оруулж ирэх шаардлагатай. Агуулга муутай хүдэр олборлоод байх юм бол хоосон хөрс тээрэмдээд байна гэсэн үг. Ашиггүй ажилд тог цахилгаан, ус, хөрөнгө санхүү үрснээр Оюутолгой төслийн орлого буурна. Гэсэн хэдий ч Оюутолгойн ажил хэвийн явагдаж байгаа. Бидний ойрын зорилго бол гүний уурхайг яаралтай ашиглалтад оруулах явдал.
-Дубайн гэрээ Монголд ашиггүй болсон гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн акц Цагаан сарын өмнө өрнөөд дууссан. Магадгүй улстөржилт давтагдаж Оюутолгой төслийг буруутгах юм бол та бүхэн төслөө хамгаалж чадах уу?
-Дахиад улстөржилт өрнөх юм бол төсөл хойшлогдоход хүрнэ. Монгол төрийн дээд байгууллага нь Дубайд зурсан муу гэрээ гэдэг үндэслэлээр зогсоож байгаа юм чинь сонгуулийн дараа гарч ирсэн хүмүүс гэрээнээс ухрах, өөрчлөх засна гэх юм бол нэг зүйлдээ тууштай явж чаддаггүй гэдэг шалтгаанаар улсын нэр хүнд бүх салбарт унана. Цаашид ямар улстай түншлэх вэ гэдэг нь асуудалтай болж ирнэ. Хөрөнгө оруулагч ийм нөхцөл байдал дахин дахин давтагдаад ирэх юм бол айна шүү дээ. Шинэ Засгийн газар бүрдтэл хамаг юм аа зогсоочихоод, сууж байх нь хэнд ашигтай юм. Хэн ч хожихгүй. Харин ч монголчууд өөрсдөө хамгийн их хохирно. Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд зөв шийдвэр гаргасан. Засгийн газраа авч үлдсэн. Цаашид улстөржилт өрнөх юм бол бид бүхий л боломжоороо төслөө хамгаална
-Танд баярлалаа.
Т.ДАВААНЯМ