Барцад нь арилаагүй дарга

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Барцад нь арилаагүй дарга

Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж намынхаа за­луусыг уурлуулчихав. Галзуу ба­рын аманд гараа хийхээс буцахгүй залуу насны ааг омгоор хэсэг залуус Ш.Түвдэндоржийг огцруулах тухай яриа гаргав. Нийслэлийн Ардчилсан намаас авахуулаад Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Ард­чилсан нам хоёр хуваагджээ. Дээ­дэх нь гүйдлээ олохгүй бол доо­дох нь суудлаа олохгүй гэдэг шиг замбараагүй байдал Ардчилсан намд нэг хэсэг газар авсан юм. Нийслэлийн Ардчилсан намын экс дарга С.Эрдэнэ тамгаа Ш.Түвдэндоржид өгөхгүй гэж зүтгээд л нөгөөх нь муухай царайлж суух тэр үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга галыг унтрааж байсан удаатай. Хүссэн суудалдаа очсон Ш.Түвдэндорж нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны гуравдугаар чуулганд “гар дүр­сэн” бололтой. Учир нь намын залуучуудын холбооны тэргүүнээр өөрийн “халаас”-ны хүнийг тавихыг оролдсон хэмээн хэсэг залуус үзэж буй. Дүүрэг бүрийн Ардчилсан залуучуудын холбооны төлөөлөл оролцох ёстой уг хуралд Баянзүрх, Хан-Уул дүүргийн залуусыг орол­цуулаагүй нь түүнийг огцруулах жагсаал зохион байгуулахад хүргэв. Намын удирдлагын зүгээс Баянзүрх дүүргийн төлөөлөл хуралд оролцсон, харин Хан-Уул дүүргийн хувьд дотоод маргаанаа шийдвэрлээгүй байсан учир хуралд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан байжээ. Гэхдээ “Энэ хамаагүй тэргүүнийг шударга сонгохгүй л бол заавал огцруулна” хэмээн шазуур зуух залуустай хэрхэн учраа олох нь түүний авьяас мэдэх хэрэг. Ямартай ч өөрөө даргын тамгаа авах гэж багагүй зовсон Ш.Түвдэндоржийн барцад нь арилалгүй залуустайгаа ийн түнжин хагарлаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж