Хүний ”бөөгнөрөл” хөгжил авчирдаг уу

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Хүний ”бөөгнөрөл” хөгжил авчирдаг уу

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Хонконгыг зорих гэж байх тэр үеэс л догдолж, өндөр байшин, өргөн гудамж, соёлын гайхамшгийг төсөөлсөөр хүлгийн жолоо залав. Нислэгийн хугацаа дөрвөн цаг гаруй байсан ч нүд ирмэхийн зуур Хонконгын нисэх буудалд газардсан юм. Шалган нэвтрэх газраар дайрч терминал руу орлоо. Соёлтой, инээм­сэглэсэн сайхан улсууд байна гэж төсөөлсөн ч тийм биш байлаа. Эргэн тойрон яг л Хятад улсын “имиж” харагдана.

Нисэх буудлаас хотын төв рүү галт тэргээр эсвэл таксигаар явах гэсэн хоёр сонголт хамгын эхэнд тулгарав. Цөөхөн хоног аялах төлөвлөгөөнд баригдан аль хурдан нь дээр гэж бодон Хонконгын Central буюу төв хэсэг рүү галт тэргээр явлаа. Хот руу орох замд ази тивийн гайхамшиг болсон Disney land-руу явах галт тэрэгний буудал үзэгдэж, тэнд очиж нүд хужирлах олон зүйл байгаа гэдэгт огт эргэлзэлгүй сэтгэл гэгэлзэнэ. Хотын яг төв хэсэгт нь буугаад газар дээр гарах гэж 15 минут орчим явсан даа. Санаснаас ч олон, шоргоолж шиг бужигнасан хүмүүсийн урсгалд орж нэг мэдэхэд тэнгэр баганадсан өндөр барилгуудын дунд гараад ирэв. Энэ орны хувьд “өмхий үнэр” гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч болохоор байв. Дээрээс нь зүгээр зогсож байхад хөлс байнга гарч, манайхаар бол “нохой гаслам” халуун байв. Тэнгэр нь үүлтэй, бороо дусалж байсан хэр нь хаашаа ч юм ууршин алга болох мэт тийм  халуун газар ирсэн гэдгээ саяхан ухаарсан юм. Улаанбаатар хотоос Хонконгод албан ёсоор байрлах МИАТ ХХК-ний бие төлөөлөгч Н.Энхсайхан даргатай эхлээд уулзаж ерөнхий  мэдээлэл авлаа. Ерөнхийдөө Хон­конгын хувьд 260 гаруй арлаас бүтдэг. Эдгээрийн дөрөвт нь нийт хүн амын 80 гаруй хувь нь амьдардаг. Хонконгыг Hong Kong арал, Kowloon, Lantau арал, New territories буюу шинэ газар нутаг гэсэн  дөрвөн хэсэг бүрдүүлнэ. Ковлон болон Централ хэсэг нь хүмүүс  өдөр шөнөгүй, хөл хөдөлгөөнтэй байдаг төв хэсэг гэж ойлгож болно.

МИАТ-ийн төлөөлөгчийн газ­­раас гараад буудалдаа очоод хурдхан шиг  эргээд гарах бодолтой байв. Манай MCS-ийн “Central tower”-ийн хажууд хэд нугалсан юм шиг өндөр байшингийн цаадах усан боомт хамгын түрүүнд нүдэнд тусаж байлаа. Хүмүүсийн ярих нь хамгийн хямд зардалтай тээврийн хэрэгсэл бол усан завь гэсэн. Монгол мөнгөөр 300 төгрөгөөр хоёр арлын хооронд зорчих боломжтой. Усан завиар явах тэр агшинд хүчтэй давалгаа дотор муухай оргиулаад эвгүй  байв. Гэсэн ч ганц хоёр зураг даруулаад амжсан шүү. Хоёр дахь арал дээр буухад хажуугаар Арабын том усан онгоц өнгөрч таарсан. Миний дотор муухайраад том хөндлөн байшин хөвөөд байна гэж бодсон чинь аварга том усан завь хөдөлж буй нь тэр байв. Усан завьны гайхамшгийг үзээд удаагүй байтал намайг өөр нэг зүйл мөн гайхшруулав. Би анх хараад “Английн Лондон хотод ирчихсэн юм уу” хэмээн хэсэг алмайрав. Өнгө өнгийн автобус өөр өөрийн чиглэлд явах нь үнэхээр зохион байгуулалт сайтай юм байна лээ. Автобус нь  хямдхан байх гэж бодож байтал очих газрынхаа буудлын тоогоор үнэ нь нэмэгдэх аж. Энэ нь шударга ч юм шиг. Хүмүүс аль болох хотын төвд амьдрахыг хүснэ, яагаад гэхээр хотын зах руу гэр нь байх тусам илүү их мөнгө зарцуулах юм шиг санагдсан. Гэхдээ “метро” гэдэг зүйл бүх асуудлыг шийдэж өгчээ. За ингээд автобусынхаа хоёр давхарт гараад хотын төв гудамжуудаар явж гарлаа. Гэрлэн дохио, явган хүмүүс,  замын хөдөлгөөн, үнэхээр “тасарчихжээ” гэж хэлмээр санагдсан. Хөгжлийн нүүр царай бол­сон соёлын нэг хэлбэр. Энэ үед ма­найхан замын хөдөлгөөнд хэрхэн оролцдог дүр зураг жирс хийгээд өнгөрсөн дөө.
Буудалдаа ороод хэсэг амарлаа. Халуун бүгчим агаарт бачуурсан ч зам дагуу харагдсан, буудлын хажуугаар их дэлгүүрүүдээр орох төлөвлөгөөгөө биелүүлэх санаа төрөв. Мөнгөн тэмдэгтийн хувьд АНУ-ын нэг ам.доллар 7.7 Хонконг ам.доллартай тэнцүү. Гэхдээ найд­вартай газар мөнгө солиулахгүй бол 7.5, 7.2 гэх мэтчилэн “хульхидах” нь бас энүүхэнд аж. Банк юм уу нисэх буудал дээр солиулсан нь хамаагүй дээр юм билээ. Цаасан мөнгө нь том хэмжээтэй, мөн зоосон мөнгөний талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Ихэнх тээврийн хэрэгсэлд хүмүүс зоосоор төлбөрөө хийдэг юм билээ.  Усан завь, метро, автобус гэх мэтчилэн хаана ч ялгаагүй. Иргэд  нь өөрсдөө сар бүр тээврийн мөнгөө төлдөг тусгай карттай аж. Энэ картаа хаана ч уншуулаад явчих боломжтой. Харин ийм картгүй хүмүүс нь зоосон мөнгөөр төлбөрөө хийх жишээтэй. Ихэвчлэн барууны гоёмсог машин замаар хөвөрнө. Гэхдээ шинэ. Машин сонирхогчдын шуналыг хөдөлгөх гоё, чамин машин ихтэй газар. Манай монголчуудад хуучин машин наймаалдаг газар байдаг гэж дуулсан. Гэвч бид очиж чадаагүй. Хуучин болон шинэ машин зардаг хоёр, гурван газраар  дайраад өнгөрсөн. Үнэ нь ч гайгүй боломжийн. Гэхдээ тээврийн зардал, гаалийн татвар нийлээд ч боломжийн үнээр, сайн машин авчрах боломж байна, энэ орноос. Байрлаж байсан  зочид буудлаас маань баруун хойш Ковлооны хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байрладаг гэж дуулаад очиж үзэхээр шийдэв. Өндөр барилгуудын дунд байрлах асар том цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд ирээд “Ой модонд ороод ирсэн” мэт сэтгэгдэл төрж байлаа. Үзүүр нь харагдахгүй тэнгэрийн зүг, үүлтэй холилдох өндөр байшингийн дээвэр гээд үнэхээр гайхамшигтай. Цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд манай төв цэнгэлдэх шиг хэмжээний том сагсан бөмбөгийн 20,30-аад  талбай  байна. За тэгээд тэнд нь 5 настайгаас 50 настай хүмүүс тоглож байх юм. Яг зүүн талд нь манай хөлбөмбөгийн стандартын талбайг хоёр гурав нугалах хэмжээний том талбайд баахан хүүхэд тоглож харагдав. Цэцэрлэгт хүрээлэнд нь манай говьд харагддаг гүрвэл хүртэл байж байх юм. Шувууд нь энд тэнд төрөл төрлөөрөө жиргэж, нисээд хүн байгаа шинжгүй, сахилгагүй хүүхдүүд шиг…

/Үргэлжлэл бий/

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж