Эмийн зах зээл хяналтаас гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Эмийн зах зээл хяналтаас гарчээ

Их гүрнүүд ядуу, буурай ор­нуу­дад эрүүл мэндийн тусламж нэ­рийн дор эм нийлүүлж, туршилт хий­дэг тухай олон улсын хэвлэлүүдэд бич­дэг. Ялангуяа өнгөрсөн зуунд Африкийн орнуудад энэ төр­лийн туршилтийг цөөнгүй хийсэн байна. Харин монголчууд бид дээрх шиг эмийн “чанар шалгагч”, “тур­шилтын туулай” болоод удаж бай­на. Үүнийг ч нотолж байгаа юм шиг эмийн сангууд хүнсний дэл­гүүрээс ч дутахгүй, олноороо үйл ажил­­лагаа явуулж байгаа билээ. “Эм онцгой бараа тул зарагдсан ба­­рааг буцаахгүй” гэх хаяг хадсан эмийн сангууд зөв хэлжээ. Үнэхээр эм онцгой бараа. Үгүйсэн бол бид яах гэж Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуульдаа “Эмийн үндэсний бод­лого нь Монгол Улсын үндэсний аюул­гүй байдлыг хангах нэгдмэл бод­логын салшгүй хэсэг мөн” хэмээн зүйлчлэх билээ.

170 ЭМИЙГ ШАЛГАХАД 15 ХУВЬ НЬ Л ШААРДЛАГА ХАНГАЖЭЭ

Манай улсын эрүүл мэндийн сал­барт 1500 гаруй эм, био бэлдмэлийг бүрт­гэсэн. Үүнээс 30 орчим хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Гэхдээ монголд үйлдвэрлэлээ гээд чанартай байна гэж үгүй бололтой. Учир нь Мэр­гэжлийн хяналтын ерөнхий газ­раас явуулсан шалгалтад 170 гаруй эм, эмийн бүтээгдэхүүнээс ердөө л 15.9 хувь нь чанарын шаардлага хангажээ. Эдгээрийн дунд дотоодын үйлдвэрүүдийн лабораториос гарсан эм ч цөөнгүй бий гэнэ. Мөн өнгөрсөн саруудад тус газраас эмийн чанар болон үнийн талаар шалгалт явуулсан байна. Шалгалтад төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 72 эмийн санг хамруулжээ. Гэтэл дийлэнх эмийн сангууд эмийг жоргүйгээр олгосон зөрчил илэрчээ. Шалгалтын дүнг танилцуулж байх зуураа МХЕГ-ийн дарга Р.Содхүү, “Нарантуул захад хуурамч эм зарж байж болзошгүй тул шалгасан. Гэхдээ ямар нэг зүйл илрээгүй” хэмээн ярьсан юм. Гэтэл Нарантуул захын хаалгаар шагайхад л хууль бусаар эм зарж байгааг нь түвэггүй мэдэж болохоор байдаг шүү дээ. Үүнийг улсын байцаагч нар нь мэддэггүй нь сонин. Жилийн өмнө тэндээс 15 мянган төгрөгийн үнэ бүхий үр зул­буу­лах үйлчилгээтэй хятад эмийг ол­ноор хураасныг хүн бүхэн мэдэж байгаа.

Нийслэлийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Фантази” секс шопын бүх салбарт шалгалт хийж эздэд нь “Эм, эмнэлгийн хэрэгсэл хууль бусаар им­портолж хадгалсан, борлуулж, түгээсэн” гэсэн үндэслэлээр эрүү­гийн хэрэг үүсгээд байгаа. Шал­галтын явцад тус дэлгүүр Мон­гол Улсын эмийн бүртгэлд бүрт­гэг­дээгүй, мэргэжлийн хяналтын бай­гууллагын зөвшөөрөлгүй, гарал үүс­лийн гэрчилгээгүй, ямар өвчинд хэ­рэглэдэг нь тодорхойгүй 271 нэр төрлийн эмийг бэлгийн чалх сайж­руулах, сэргээх үйлчилгээтэй хэ­мээн худалдаж байжээ. Мөн “Ин­тимэйт” ХХК-ийн “Интимэйт секс шоп” дэлгүүрийн хоёр салбарт дээрх зөрчил илэрч, 58 нэр төрлийн 200 гаруй эмийг эд мөрийн баримт бол­гон хураасан байна. Энэ мэтээр мон­голчууд нөхөн үржихүйн эрүүл мэнд­дээ хүртэл дэндүү цалгар хандаж, ямар ч хяналтгүй болсон нь илт байгаа юм. Ийм бай­хад үндэсний аюулгүй байдалд за­нал­хийлж байна гэхээс өөр юу гэх билээ.

ЭМИЙН ҮНИЙГ ДУНДЖААР 30 ДАХИН НЭМЖ ЗАРДАГ

Эмийн сангуудад хамгийн бор­луу­лалт өндөртэй байдаг эмүүд бо­лох Анальгин, Парацетамол, Кол­даур, Фталазол, Мезинфорт, Нош­па, Левомицетин зэргийн үнийг су­даллаа. Олны хэлдэгээр самар шиг л зарагддаг эм гэсэн. Дээрх эмүү­дийн олонхийг манай улс дотооддоо үйлдвэрлэдэг. Сүхбаатар дүүрэгт байр­лах “Этүгэн” нэртэй эмийн сан дээрх эмүүдийг 200-3000 төгрөгийн хооронд худалдаалж байв. Үүний дараа хоёр эмийн сангаар ороход үнийн хувьд нэлээд ялгаатай байгаа нь анзаарагдлаа. Тухайлбал, 20 шир­хэгтэй Мезинфорт эм эхний орсон эмийн санд 3000 төгрөгийн үнэтэй бай­сан бол дараагийнхад 3500-3800 төгрөгт хэл­бэлзэж байв. Мөн левомицетин эм 1100, за­рим эмийн санд 1800 төг­рөгт хүрч байна. МХЕГ-аас хий­сэн шал­галтаар ципрофлоксацин эмийг эмийн сангууд 6000-8000, хлора­феникол эмийг 1000-1500 төгрөгөөр худалдаалж байжээ. Энэ үнэ хотын захын эмийн сангуудад өндөр байна уу гэхээс бага байхгүй нь лавтай. Мөн шалгалтаар зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, стандарт оношилгоо, эмчилгээний удир­дам­жид багтсан 20 нэр төрлийн эмийн үнийн байдлыг шалгасан бай­­на. Гэтэл эм ханган нийлүүлэх бай­­гууллагууд тухайн барааныхаа үнд­сэн  өртгөөс 4-31 хувиар нэмж ху­далддаг нь тогтоогджээ. Үүгээр ч зогсохгүй ийм өндөр үнэтэй эмийг эм ханган нийлүүлэх бай­гууллагуудаас авсан эмийн сан­гууд 7-56 дахин нэмж, ханшийг нь “хадааж” байгаа бололтой. Энэ мэ­тээр эмийн сангууд харилцан адил­гүй үнээр бүтээгдэхүүнээ зарж, эмийн санч нар нь “Цаанаасаа ирсэн үнэ нь нэмэгдээд…” хэмээн хээв нэг хэлж байна.
Ер нь эмийн үнийг хэрхэн зохи­цуулах талаар Эм, эмнэлгийн хэ­рэгслийн тухай хуульд огт тусгаагүй. 1998 онд баталсан энэ хуульд хоёр ч удаа өөрчлөлт оруулсан ч хэтэрхий ерөнхий байдгийг хүлээн зөвшөөрөх мэргэжилтэн олон. Эмийн үнийн зориулалтыг Шударга өрсөлдөөн хэрэг­лэг­чийн төлөө газраас хариуцдаг. Энэ дагуу тус газрын мэргэжилтэнтэй уул­захад “Одоогоор эмийн салбарт мо­но­поль үйлдэл гаргаж байгаа то­хиолдол байхгүй. Тиймээс үнээ буулга, нэм! гээд хэлчихэж чадахгүй” хэ­мээн ярьж байна. Зах зээл дээр зөв­хөн монополь байдал бус үгсэн хуй­валдах гээч зүйл байдгийг тэд мартсан бололтой.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж