Ерөнхийлөгч дэлхийн хэмжээний алдар хүнд тээсээр эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч дэлхийн хэмжээний алдар хүнд тээсээр эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ дахь албан ёсны айлчлалаа амжилттай өндөрлөөд өнөөдөр эх орондоо ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар чухал тохироонд хүрч, хамтарсан мэдэгдэл гаргасан, хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаанд бодитой дэвшилтэт алхамууд хийсэн гээд энэ айлчлалын тухай олон сайн мэдээ хэлж болох ч хамгийн анхаарал татсан хоёр үйл явдлыг онцлохгүй байхын аргагүй ажээ.

Юуны өмнө АНУ-ын Сенат Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан нэгэн тогтоол гаргасан нь Сенат түүхэндээ анх удаа иргэнд зориулж тогтоол гаргасан явдал байв. Сенатор Жон Керри,  Мич Макконнелл, Ричард Лугар, Лиз Муркавски, Жин Вэб нарын санаачилгаар баталсан, АНУ-ын 112 дугаар Конгрессийн нэгдүгээр хуралдааны гэх энэхүү тогтоолд “ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Вашингтон хотноо айлчилж байгааг болон АНУ, Монгол Улсын хоорондын түншлэлийг нэмэгдүүлэхэд энэхүү айлчлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг АНУ-ын Сенат дэмжиж, энэхүү тогтоолыг гаргаж байна” гэжээ.

Уг тогтоол, хоёр улсын харилцааны түүхэн дэх чухал үйл явдлууд, баримт бичгүүдийн талаар дурдаад, ирэх жилүүдэд хоёр орны харилцааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг баталгаажуулжээ. Монголын ард түмэн чөлөөт, шударга, ардчилсан Ерөнхийлөгчийн сонгуулиа 2009 оны тавдугаар сарын 24-нд тайван замаар явуулж, сөрөг хүчин болох Ардчилсан намын нэр дэвшигч Ц. Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгосон болохыг тусгайлан дурдаж, түүний Вашингтон  хотноо хийж буй түүхэн айлчлал нь  АНУ, Монгол Улсын төр засаг, ард түмнүүдийн хоорондын нөхөрлөлийг  нэмэгдүүлж байгааг энэхүү тогтоолоор баталгаажуулжээ. Түүнд “Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, ил тод байдал, хууль ёсыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар үргэлжлүүлэн ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж байна” гэсэн байна.

АНУ-ын Засгийн газар эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ үргэлжлүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн тогтолцоогоо сайжруулж, хөгжлөө хурдасгах чиглэлээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллахад нь Монгол Улсын Засгийн газрыг АНУ-ын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжих ёстой, АНУ-ын Засгийн газар Монгол Улстай одоо байгаа боловсрол, соёл, хүмүүс хоорондын харилцаа, солилцоог үргэлжлүүлэн өргөтгөх ёстой хэмээн АНУ-ын Сенатаас баталсан энэүү тогтоолд бичжээ.

Ингэж АНУ-ын Сенат Монгол оронтой харилцах харилцаандаа онцгой анхаарч буйгаа илтгэн харуулж тогтоол баталсан явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал түүхэн чухал айлчлал боллоо хэмээн дүгнэж болох нэгэн үйл явдал байлаа.

Дараагийн нэгэн анхаарал татсан үйл явдал бол, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Азийн нийгэмлэг”-ээс “Төрийн гарамгай зүтгэлтэн” шагнал хүртсэн явдал юм. Хагас зууны тэртээ алдарт Рокфеллерийн гэр бүлийнхний санаачлан үүсгэн байгуулсан “Азийн нийгэмлэг” бол Ази тив, Азийн улс орнуудыг дэлхийд сурталчлан таниулахад голлох үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-аас Ази тив рүү чиглэсэн бодлогыг тодорхойлдог нэр хүнд, хамрах хүрээгээрээ “номер нэг” төрийн бус, ашгийн бус байгууллага юм.  “Азийн нийгэмлэг” улс төр, бизнес, хүмүүнлэгийн үйл ажиллагааг зөвхөн Азийн төдийгүй дэлхийн хэмжээнд хийж гүйцэтгэж, гарамгай гавьяа байгуулж байгаа хүмүүсийг шагнадаг уламжлалтай бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь ч хэвлэлийнхэн, улс төрийн хүрээнийхний тухайн жилийн хамгийн анхаарал татах үйл явдлуудын нэгд зүй ёсоор тооцогддог аж.

Энэ удаад 2011 оны зургадугаар сар 16-ны өдөр АНУ-ын Вашингтон хотын Риц Карлтон дахь зочид буудлын хүлээн авалтын танхимд болсон ёслолын ажиллагаанд Америкийн бүхий л томоохон телевиз, мэдээллийн хэрэгслүүд иржээ. Азийн нийгэмлэгийн гишүүд болох улстөрчид, дипломатууд, бизнес эрхлэгчид болох  1000 гаруй зочин энэхүү шагналыг гардуулах ёслолын гэрч болжээ.

“Азийн нийгэмлэг”-ийн 2011 оны шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Нобелийн Энхтайваны шагналт, сүүлийн хагас зуун жилийн турш Америкийн гадаад бодлогыг тодорхойлоход “голлон тоглогч” байсаар ирсэн, басхүү монголчуудын багагүй мэдэх алдарт Хенри Киссинжер хүртсэн байна.

“Азийн нийгэмлэг” өмнөх жилүүдийн шагналаа АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Поуэлл, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн, “Кока Кола” компанийн удирдах зөвлөлийн дарга Невил Исделл, “Yahoo”–г үндэслэн байгуулагч Жерри Янг нарын зэрэг дэлхийд нэр хүндтэй, алдартай хүмүүст олгож байжээ. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү уг нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа нь түүний хувь лидерийнхээ хувьд дэлхийн анхаарлыг татах болсонтой холбоотой гэж хэлж болно.

Шагнал авах үеэрээ хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөний өмнө тулгарч байгаа гол аюул бол ус, эрчим хүч, хүнсний хомсдол юм гээд энэхүү аюулыг даван туулах боломжийн талаар санал дэвшүүлжээ. “Түүний хэлсэн үг үнэхээр анхаарал татаж чадлаа” хэмээн ёслолын ажиллагааг сурвалжилсэн сэтгүүлчид дүгнэсэн байна.

Ийнхүү айлчлалаа амжилттай хийсэн Ерөнхийлөгч эх орондоо өнөөдөр ирж байна. Тэрбээр эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, олимпийн дэвжээнээс алтан медаль авсан аваргуудаас ялгаагүй нэр төр авч ирлээ. Талархан хүлээн авцгаая.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж