ХХ зууны Монгол Улсын геологи, уул уурхай, түлш эрчим хүчний болон
барилгын материалын үйлдвэрийн түүхий эдийн баазыг багтаасан Эрдэс
баялгийн салбарын хөгжил нь үндсэндээ Монгол Зөвлөлтийн хамтын
ажиллагааны үр дүн юм. Өнөөгийн Монголын эдийн засагт уул уурхайн
салбарын эзлэх хувийн жин өндөр байгаа нь дэлхийн зах зээл дээр эрдсийн
түүхий эдийн үнийн өсөлт, бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ үлэмж
нэмэгдсэн таатай нөхцлийн нөлөөллийн үр дагавар юм. Үнэн хэрэгтээ
алтнаас бусад уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн суурь хүчин чадал
нь Зөвлөлтийн тусламжаар байгуулагдсан уул уурхайн үйлдвэрүүд юм.
Эрдэнэтийн
зэс молибдений, Монголросцветметийн жоншны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн
Монголын экспортын ихэнх хувийг үйлдвэрлэсээр байна. Түлш эрчим хүчний
цогцолбор бүхэлдээ Зөвлөлтийн тусламжаар байгуулагдан ажиллаж байна.
Налайх, Шарын гол, Адуунчулуун, Багануурын нүүрсний уурхайнууд
Улаанбаатарын нэг, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, Дархан, Эрдэнэт,
Чойбалсангийн цахилгаан станцууд, өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд
станцууд бүгд Зөвлөлтийн тусламжаар баригдсан. Хөтөлийн цементийн завод,
Дархан, Улаанбаатарын барилгын материалын үйлдвэрүүдийг Зөвлөлтийн
тусламжаар байгуулсан.
Монголын геологийн судалгааны дийлэнх ажлыг Зөвлөлтийн хүч хөрөнгөөр, тэдний геологчидтой хамтран хийж гүйцэтгэсэн.
Энэ
бүх бүтээн байгуулалтыг Зөвлөлт Холбоот Улсын (ЗХУ) Геологийн яам,
Нүүрсний аж үйлдвэрийн яам, Эрчим хүч цахилгаанжуулалтын яам, Гадаадтай
эдийн засгийн талаар харилцах Улсын хороо, Аж үйлдвэрийн барилгын яам
зэрэг олон арван байгууллагын хүчээр гүйцэтгэснийг эргэн санахад сайхан
байна. Монголын геологичид, уул уурхай, түлш эрчим хүчний болон барилгын
материалын салбарын олон үеийн эрдэмтэн, инженер мэргэжилтэн,
мэргэжилтэй ажилчдыг Зөвлөлт Холбоот Улсад сургаж бэлтгэсэн.
Дэлхийн
хоёрдугаар дайны үед вольфрам, молибден, цагаан тугалга, жонш зэрэг
өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийг олборлох
үйлдвэрүүдийг Дошир, Ямаат, Бэрх, Егзир, Модот, Бүрэнцогтод байгуулж
Совмонгол металл нийгэмлэгт харьяалуулан ажиллуулж байгаад 1960-аад оны
эхээр уг нийгэмлэгийн үйл ажиллагааг Монголын талд шилжүүлсэн бөгөөд
бүрэлдэхүүнд нь Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр багтдаг байлаа. 1970-аад
оны эхээр уул уурхайн салбарт Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагаанд
гарсан нэгэн шинэ хэлбэр бол хамтарсан үйлдвэр байгуулан ажиллуулж
эхэлсэн явдал юм. Алт, жонш олборлох үйлдвэрүүдийг харьяандаа нэгтгэсэн
Монголсовцветмет нэгдлийг байгууллаа.
Эрдэнэтийн овооны
зэс-молибдений ордыг ашиглах Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уулын баяжуулах
үйлдвэрийг байгууллаа. Эдгээр хамтарсан үйлдвэрүүд нь Монголын
экспортын гол эх үүсвэр, уул уурхайн боловсон хүчин бэлдэх “Дарханы
газар”, улсын төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулсан хэвээр байна.
Ийнхүү
ХХ зуунд Зөвлөлтийн тусламжаар бий болсон геологи, уул уурхай, түлш
эрчим хүчний болон барилгын материалын үйлдвэрлэлийн баазын үр өгөөж,
чадавх, ач холбогдол буурах болоогүй.
Монгол Улс уул уурхайн
бүтээгдэхүүнээ бараг зуун хувь Зөвлөлтөд нийлүүлдэг байсан учир тэдэнд
мөн ашигтай байсан нь ойлгомжтой. Энэ салбарын хамтын ажиллагаа харилцан
ашигтай байсан гэдэг нь бас ойлгомжтой.
1990 оноос хойших Монгол Улс
Оросын Холбооны Улс (ОХУ) хоорондын Эрдэс баялгийн болон түлш эрчим
хүчний салбарын хамтын ажиллагаанд шинэ зүйл гараагүй зогсонги байдалд
20-иод жил үргэлжиллээ. Нэг талаас Монгол Улс ОХУ-ын зах зээлийг тэтгэх
эдийн засагтай улс биш гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас Монголын эдийн
засгийг чирч явах боломж ОХУ-д өөрт нь байгаагүй, өөрийгөө яая гэж зовох
сорилтыг туулж явсан байх. Энэ байдал монголчуудад амар хялбар
байгаагүй. Орос Улсаас өөр зах зээлийг бид мэдэхгүй, тэд биднийг
мэдэхгүй. Эдийн засгийн хувьд хаалттай орон байлаа шүү дээ. Гэхдээ яах
вэ? Бид төрийнхөө бодлогыг өөрчилж ардчилал, зах зээлийн замыг сонгож,
эдийн засгаа нээлттэй болгож, дэлхийн улс орнуудтай эрх тэгш нээлттэй
харилцан ашигтай хамтын ажиллагаанд оролцож, эдийн засгийнхаа уналтыг
зогсоон, тогтворжуулж зарим өсөлтийг буй болгож чадлаа.
Мардайн
ураны “Эрдэс” үйлдвэрийг устгахгүйн төлөө Сталь Сергеевич Покровский,
Д.Ринчинханд бид хэд мөн ч их чармайсан даа. Даанч аль аль талаасаа
ялангуяа концессор эзэмшиж байсан Оросын талаас ямар ч дэмжлэг авч
чадаагүй. Харин одоо ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байх шиг
байна.
Эрдэс баялгийн салбарын Орос Монголын харилцаанд үүссэн хоосон
орон зайг нөхөхийн тулд бид өөрийн хүчээр “Алт” хөтөлбөрийг
боловсруулан хэрэгжүүлж жилд 23000 кг алт олборлодог боллоо. Ашигт
малтмалын хууль боловсруулан баталж, дэлхийн улс орнуудын хөрөнгө
оруулалтыг даллан дуудаж Бороо, Оюу толгой, Нарийн-Сухайт, Ухаахудаг
зэрэг алт зэсийн ордууд, үйлдвэрүүдтэй боллоо. Одоо жилд нүүрс
олборлолтын хэмжээ 20 сая тн-д хүрч, 15 сая тн нүүрс экспортолдог болж
байна. Энэ бол Монголын хувийн хэвшлийнхний гавьяа. Тавантолгойн коксжих
нүүрсний ордыг ашиглах их өрсөлдөөн явагдаж байна. Зөвлөлт, Хятад,
Европын орнуудаас Тавантолгойг ашиглахад хамтарч ажиллах талаар бид мөн ч
их гуйдаг байж билээ, хөөрхий. Цаг өөр болжээ.
Байдлаас харахад
Орос Улсын Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаанд оролцох
сонирхол идэвхжиж байгаа бололтой. Ялангуяа ураны салбарт илүү их
сонирхож байх шиг байна. Зөв шүү дээ. Тэдэнд Монголын ураны судалгааны
талаархи бүх мэдээлэл бий. Монголд байхгүй мэдээлэл Орост бий. Ямар
сайндаа “Хан ресурс” компани Мардайн ураны ордод дахин хайгуул хийж
өчнөөн хөрөнгө зарж байх вэ дээ. Ураны салбарт ОХУ-тай хамтрах нь зөв.
Тэгэхдээ энэ салбарт олон талын хамтын ажиллагааны хэлбэр байх
шаардлагатай. Ураны олборлолт боловсруулалт, нөхөн сэргээлтийн иж бүрэн
үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагаас олон талын хамтын ажиллагааны
хэлбэр урган гарч байгаа юм. ОХУ-аас гадна Франц, АНУ, Япон, Хятад,
Энэтхэг, ХБНГУ зэрэг урантай холбогдсон өндөр технологитой орнууд
хамтарч ажиллаж, судалгаа, үйлдвэрлэл технологийн нэгдсэн баг бүрдүүлэх
хэрэгтэй.
Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудлыг Орос улстай
хамтарч шийдэх нь хамгийн оновчтой зөв шийдэл болно. Цаг алдах хэрэггүй.
Тавантолгойн нүүрсийг тээж далайд хүргэх, Европ руу тээх чиглэлээр
хамтарч ажиллах төсөл хэрэгжүүлбэл олон талын ач холбогдолтой байж болох
юм. Эрдэнэт, Монросцветметийн үр ашгийг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг
өндөр түвшинд байлгахад талуудад анхаарч хийх юм их бий. Эрдэс баялгийн
салбарын хамтын ажиллагаанд дээр дурьдсан болон бусад их боломж талуудад
байгаад эргэлзэх зүйлгүй.