Яармагийн үеэр Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангадаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн яармагт ямар төрлийн ажлын байр эрэлттэй, иргэд ямар ажлыг түлхүү хайж байна вэ?
-Ер нь Хөдөлмөрийн төв биржээс 3300 гаруй ажлын байрыг бэлдсэн. Энэ жилийн хувьд үйлчилгээний салбарын туслах ажилтан ажилд авах сонирхол их байгаа нь харагдаж байна. Яагаад гэхээр жуулчны, баяр наадмын улирал ирж байгаатай холбоотой байх. Мөн таксины жолоочийн ажил нэлээд эрэлттэй байна. Өмнөх жилүүдийн адилаар барилга, уул уурхайн салбарт ажлын байр харьцангуй нэмэгдсэн нь ажиглагдлаа.
-Энэ жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Танай биржээс үүнд зориулж ямар ажил хийж байна вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн эхний хагас өнгөрч байна. Үр дүнгийн талаар одоо ярих нь хаашаа юм. Ямар ч байсан хөдөлмөр ажлыг дэмжих жилийн хүрээнд ажлын байр, мэдээлэл цуглуулах, түгээх үйлчилгээ зэрэг энэ салбарын үндсэн ажлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Тэр хэрээр иргэдийн сонорт биржийн үйл ажиллагаа хүрч, иргэд ч мэддэг болчихжээ. Энэ бол үр дүнтэй гэж бодож байна. Гол нь их, дээд сургууль коллежийг төгсөгчид ажил хайж эхэллээ. Тийм болохоор энэ яармагт хүрэлцэн ирж өөрт тохирох ажлын байр байгаа эсэхийг үзэх хэрэгтэй.
-Ер нь статистик үзүүлэлт ажилгүйдэл их байгааг харуулж байна. Ажлын байр олноороо бий болж байхад ажилгүйдэл яагаад буурахгүй байгаа юм бол. Энэ талаар саналаа хэлэхгүй юү?
-Гэнэтхэн л өргөс авчихсан юм шиг олноороо ажилтай болоод сайхан болчихдог зүйл хаана ч байхгүй. Эн тэргүүнд ажилд зуучлах бүртгэл, мэдээллийн үйлчилгээнд анхаарал тавиад цогцоор нь явуулмаар байна. Үүний дүнд хөдөлмөрийн зах зээл өөрөө их зөв голдиролд орох юм л даа. Ер нь энэ статистик үзүүлэлтүүдийг мэргэжлийн хүмүүс уншаад үзвэл энэ зах зээл дээр юу болж байгааг олж харах боломжтой. Яахав, манайд бий болж байгаа ажлын байрууд ажиллах хүчтэйгээ зөрөөд байгаа тал бий. Үүнтэй уялдуулан боловсролын байгууллагууд зарим мэргэжлээ нэмж, хааж тохиргооны зүйлсийг хийж байна. Үүнээс өөр юу хийх билээ дээ.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин