Хэд хоногийн өмнө хорооллын гудамжаар энэ тэрийг сонирхсон шиг алхаж явлаа. Миний урдхан талд хоёр эмэгтэй алхаж байв. Тэд шагайгаа шүргэсэн урт цув, түүнийхээ дотор урт банзал өмсөж, толгойгоо алчуураар боочихож. Ердөө нүүр, гараа л ил гаргажээ. Өмнө нь хотын гудамжинд ингэж хувцасласан бүсгүйчүүдтэй үе үе таарч байсан санагдана. Гэсэн ч энэ удаад “Яагаад, чухам юуны төлөө эмэгтэйчүүд ингэж хувцасладаг. Тэдний шүтдэг шашин юу гэж номлодог юм бол” гэсэн асуултад хариулт авахыг хүссэн юм. Энэ талаарх миний мэдэх зүйл “Дэлхийн гурван том шашны нэг нь ислам. Ислам шашинтнууд Аллах тэнгэрийг шүтдэг. Коран судрын номлолыг амьдралдаа баримталдаг. Эмэгтэйчүүд нь биеэ ил гаргадаггүй” төдийхнөөр л хязгаарлагдана. Манай улсын хувьд казах үндэстнүүд маань ислам шашинтай. Гэсэн ч шашин шүтдэг гээд биеийнхээ ихэнх хэсгийг далдалсан хувцас өмсөх нь ховор. Ямартай ч нэг казах найз маань “Шашиндаа үнэнч, шүтлэгтэй эмэгтэйчүүд биеэ далдалсан хувцас өмсдөг юм” гэсэн товчхон хариултыг л өгч чадсан. Зуны улирал хэдийнэ эхэлж, өдөртөө 30 хэм хүртэл халж байгааг ч хэлэх үү. Ингэж хувцаслах нь хэцүү байдаг байх даа гэсэн бодол ч тэрхэн зуур толгойд орж ирсэн юм. Тэдгээр хүмүүстэй холбоо тогтоож өгөхийг гуйсны эцэст “Мейрим-Энэрэл сан” төрийн бус байгууллагынхантай өчигдөр уулзлаа. Тус байгууллагынхан биднийг уриалгахнаар хүлээж авсан юм. Тэд хамгийн түрүүнд “Монголчууд биднийг лалын шашинтай гэдэг. Энэ нь буруу. Бид ислам шашинтай” гэсэн тайлбарыг өгөхийг хүссэн юм. Бас ислам шашин шүтдэг хүмүүсийг нийтэд нь мусульманчууд гэж нэрлэдэг гэдгийг ч хэлсэн юм. “Мейрим-Энэрэл сан” төрийн бус байгууллага хажуудаа гурван дотуур байртай аж. Гурав, дөрөвдүгээр хороололд ТББ-ын дэргэдэх охидын дотуур байр, баруун дөрвөн замын “Grand plaza”-ийн зүүн талд эрэгтэй оюутнуудын дотуур байр нь байдаг юм байна. Харин нэг салбар нь Налайх дүүрэгт байдаг ажээ. Охидын дотуур байранд нь одоо 60 гаруй оюутан амьдардаг. Шашны сургууль гэж ойлгоход нэг их буруудахгүй аж. Гэхдээ зуны амралт эхэлсэн болохоор тэдний олонх нь гэр рүүгээ явчихсан байгаа юм билээ. Дотуур байр руу орохдоо үүдэнд нь гутлаа тайлах ёстой. Ер нь цэвэрч байдлыг эрхэмлэдэг гэдэг нь хаалгаар оронгуут л мэдрэгдэж байв. Охидын хувьд дотуур байрандаа амьдрахын зэрэгцээ тэндээ төрөл бүрийн сургалт, хүмүүжлийн хичээлд хамрагддаг гэнэ. Энд амьдардаг охидын ердөө 10 орчим нь л их, дээд сургуульд сурч байгаа гэсэн. Гэхдээ дээд боловсрол эзэмшлээ гээд мэргэжлээрээ ажилд орох боломж тэдэнд бараг үгүй аж. Учир нь манай орны нөхцөлд мусульманчуудын ёс заншил, үзэл баримтлалыг ойлгож хүлээж авдаггүй байна. Гайхаж хүлээж авах нь олонтаа. Их, дээд сургуульд суралцаж байгаа мусульман охидыг л гэхэд сургуулийн багш, удирдлагуудын зүгээс хувцсаа соль гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байжээ. Хамгийн сонирхолтой нь Улаанбаатар хотод амьдарч, сурдаг ислам шашинтай эмэгтэйчүүдийн дотор ийнхүү биеийнхээ ихэнх хэсгийг далдалсан 200 хүрэхгүй эмэгтэй л байдаг гэнэ лээ. Харин тэдний гуравны нэг нь энэхүү байранд амьдардаг нь энэ юм.
Ислам шашинтай охидын хувьд шилжилтийн буюу 13-14 насанд хүрэхээрээ битүү хувцас өмсөж эхэлдэг байна. Дотуур байранд амьдардаг охид, эрэгтэйчүүд өдөрт таван удаа мөргөл үйлддэг аж. Гэхдээ ислам шашинтай бусад орны иргэд шиг тогтсон цагтаа, хийж байсан юмаа хаяад мөргөл үйлддэггүй. Тодруулбал, өөрийн хүссэн цагтаа мөргөлөө хийх боломжтой гэнэ. Мусульман эмэгтэйчүүдийн хамгийн гол үүрэг нь нөхөр, үр хүүхдээ халамжлах явдал. Ялангуяа үр хүүхдээ өсгөх нь тэдний хамгийн гол үүрэг аж. Гэхдээ тэдний ажиллах, хөдөлмөрлөх эрхийг хорьдоггүй гэнэ лээ.
“Мейрим-Энэрэл сан” төрийн бус байгууллагын захирлыг Мархаба Салих гэдэг. Харин түүний эхнэрийг Гульжан гэдэг. Тэрбээр одоо 33 настай. Ислам шашин, Коран судрын номлолын дагуу толгойгоо алчуураар боож, биеэ далдалсан хувцас өмсөөд өдгөө 10 жил болж байгаа ажээ. Миний хариулт авахыг хамгийн их хүсэж байсан “Ямар учраас биеэ далдалсан хувцас өмсдөг юм бэ” гэсэн асуултын хариуг ч тэрбээр өгсөн. Коран сударт эмэгтэйчүүд биеэ ил гаргасан хувцас өмсөх ёсгүй хэмээн заасан байдаг аж. Хамгийн гол нь эмэгтэйчүүд Коран сударт итгэдэг болохоор ингэж хувцасладаг байна. Толгойгоо алчуураар боосноор буян хураана гэж ч үздэг ажээ. Битүү хувцас өмссөнөөр Аллах бурхны ивээлийг хүртэх боломжийг өөрт нь илүү их нээж өгч байгаа гэнэ. Басхүү ингэж хувцаслах нь аливаа хэргээс урьдчилан сэргийлж байгаагийн нэг хэлбэр аж. Эмэгтэй хүн биеэ ил гаргасан хувцас өмссөн үед түүн рүү нь эрэгтэйчүүдийн харц тусна. Улмаар эмэгтэй хүний биеийг харсан эрэгтэй хүнд ямар нэгэн хүсэл төрнө. Үүнээс үүдээд нүгэл үйлдэж ч мэднэ гэж үздэг байна. Мусульман эмэгтэйчүүдийн хувьд биеэ нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд харуулах нь нүгэл. Биеийг нь харсан эрэгтэй хүн ч нүгэлтэйд тооцогдоно. Тиймээс өөрийгөө болон өрөөлийг нүгэлтэй болгохгүйн тулд ийнхүү хувцасладаг ажээ. Мусульман эмэгтэйчүүд биеэ ил гаргах ёсгүйн дээр нөхрөөсөө өөр эрэгтэй хүнтэй тоглож, наадах, нөхөрлөх ёсгүй. Хэрвээ өөр хүнтэй найзалвал энэ нь нүгэл үйлдэх, нууц амрагтай болох нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үздэг аж. Нэг ёсондоо зөв амьдрах, аливаа муу муухай бүхнээс урьдчилан сэргийлэх нь мусульман эмэгтэйчүүдийн амьдралдаа мөрдөх гол зарчим юм байна. Түүнчлэн нөхрөө хүндэлж, зөвхөн нөхөртөө биеэ зориулж, цэвэр ариун байх нь мусульман эмэгтэйд Аллах тэнгэрээс өгсөн бэлэг хэмээн Коран сударт бичсэн байдаг байна. Хамгийн гол нь ийм амьдралын замыг тухайн эмэгтэй өөрийн хүслээр сонгодог, хэн ч албаддаггүй, бас түүндээ огтхон ч харамсдаггүй гэдгийг Гульжан онцолж байсан юм. Түүнчлэн тэрбээр “Мусульман эмэгтэй нөхөртөө гоё, сайхан харагдахыг илүүд үздэг. Бусад эмэгтэйчүүд бол гадуур гарахдаа гоёж, гооддог. Бусдын анхаарлыг татахгүй, нөхөртөө сайхан харагдах нь хамгийн чухал. Бусдын анхаарлыг татах ёсгүй. Энэ нь нүгэл болно” гэсэн юм. Гэхдээ түүний хэлж буйгаар мусульман эмэгтэйчүүд гэртээ бол нөхөр, төрсөн аав, ах, хүүхдийнхээ дэргэд хүссэн хувцасаа өмсөж болдог юм байна.
Т.УРАНГЭРЭЛЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин