VI Мухамедийн хаант засаг уналаа

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

VI Мухамедийн хаант засаг уналаа

Эхлээд Тунис, дараа нь Египет, эцэст нь Ливи. Эдгээр улс бол өнөөдөр хамгийн олон хүний анхаарлыг татаад байгаа дэлхийн халуун цэгүүд билээ. Гэхдээ Ливийн төрийн тэргүүн ард түмний бослого хөдөлгөөнд дарагдсан хөрш орныхоо лидерүүд шиг эрх мэдлээсээ татгалзсангүй. Харин ч босогчдыг дарж, албан тушаалдаа үлдэхийг хичээж байна. НАТО болон түүний холбоотон нөхөд хурандаа М.Каддафийг тийм ч амар өшиглөөд унагачихсангүй. Тэбрээр өнгөрсөн баасан гарагт ард түмэндээ хандан мэдэгдэл хийснийг Ливийн төв телевиз аудио форматаар сонордууллаа.

М.Каддафи эх ор­ноо харийнхнаас аварч үлдэхийг иргэддээ уриалж, НАТО-г хулч­гараар нь дуудлаа. Ийм учраас л барууны орнууд Ливид хуурай замаар цэрэг оруулж чадахгүй бай­гаа гэж М.Каддафи басамжилжээ. Магадгүй энэ нь түүний өдөөн хатгалга ч байж болохыг олон улсын ажиглагчид үгүйсгэсэнгүй. Ийнхүү лалын ертөнцийн орнуудад ард түмний хувьсгал шил шилээ даран өрнөсөөр л байна. Бахрейн, Саудын Араб, Имейн, Сири зэрэг элэг нэгт ахан дүүс нь ч Бен Али, Х.Мубаракийг буулгасан шиг олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, байдал хэзээ намжах нь тодорхойгүй л байна. Гэвч улс орон, ард иргэдийнхээ амар тайван байдлыг эрхэмлэсэн нэгэн хүн гэнэт товойн гарч ирлээ. Тэр бол Морокко улсын хаан VI Мухамед юм. Тэрбээр уржигдар үе улиран улс орноо удирдах эзэн хааны бүрэн эрхээс татгалзаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Хамгийн гол нь энэ үйл явдал ард түмний хүсэлтийн дагуу өрнөснийг хэлэлгүй орхиж болохгүй нь. Арабын хамгийн урт настай, Морокког дөрвөн зууны турш захирч ирсэн хааны удам угсааны ноёрхол ийн дуусгавар боллоо. VI Мухамедийн эцэг II Хассан хэмээх дарангуйлагч байсныг Морокког түүх мартаагүй байгаа. Эцэг, хаан Хассан сөрөг хүчнийхнийгээ тамлан зовоодог, толгой дараалан хяддаг хүн байв. Хааны гэр бүлийнхний эсрэг ам нээж, хөмсөг зангидсан хэнийг ч болов зүгээр өнгөрөөдөггүй байжээ. Түүнийг орчлонгийн жам ёсоор төрөлх тосгондоо амьсгал хурааснаас сар гаруйн дараа буюу 1999 оны долдугаар сарын 20-нд Мухамед хүү нь хаан титмийг залгамжлан авсан байна. Гэхдээ тэр II Хассан шиг улс орноо төмөр нударгаар захираагүй юм. Харин ч ардчилсан үзэлтэй, эх оронч, ард түмнээ хайрласан нэгэн байлаа. Тэр хэд хэдэн удаа ардчилсан хэмээх тодотголтой шинэчлэл хийжээ. Лалын шашны хуулийг зөрчөөгүй л бол ямар ч эмэгтэй хүн нийгэм, улс төрийн үйл хэрэгт чөлөөтэй оролцох эрхийг VI Мухамед 2004 онд олгож, хуульчлан батлав. Ингэснээр Мо­роккод шийдвэр гаргах түвш­нийхний дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ 50 хувьд нэлээд дөхөж очсон байдаг. Мөн энэрэнгүй хаан гэдгээ харуулж, эцгийнхээ эрин үед хилс хэргээр шоронд хоригдож байсан улс төрийн хоригдлуудыг суллаж, ард түмнийхээ магнайг нэг бус удаа тэнийлгэж байжээ. Энэ цагаас хойш хаан улсаа удирдсаар л байлаа. Харин энэ оны эхээр хойд Африкийн орнуудад үүссэн ард түмний хувьсгалт хөдөлгөөний давалгаа Морокког нөмрөн авчээ. Ард түмэн нь гудамж талбайд жагсан гурван сарын турш шинэчлэл хийхийг шаардсаны эцэст өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт VI Мухамед үндсэн хуулийн шинэчлэл хийхээр болсноо зарлалаа. Тэрбээр улс орныхоо нөхцөл байдлыг Ливи, Египет, Тунис болон бусад улсын адил болгохыг хүсээгүй аж. Ард түмнийхээ амь насыг хайрлаж байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ. Мөн л энэрэнгүй хаан гэдгээ харууллаа. Мороккын хаан эрх мэдлээсээ татгалзсанаар улсын ажил хэргийг зөвхөн Засгийн газар нь хэлэлцэж, шийдвэр гаргах эрхтэй болж байгаа юм. Үүн дундаа Ерөнхий сайд бүхий л чухал шийдвэрийг гаргах учиртай гэдгийг VI Му­хамед хэлж байна. Хаан төрийн хэргээс хөндийрсөнөөр цаашид Морокко Ерөнхийлөгчтэй улс болох юм байна. Харин Ерөнхийлөгчийг хаан өөрийн биеэр сонгон, томилж байх болзлыг ч VI Мухамед дэмжжээ. Ийнхүү тэрбээр улс орныхоо асуудлыг тайван замаар шийдвэрлэж, арабын бусад оронд томоохон үлгэр дуурайлал болсоныг олон улсын ажиглагчид сайшаан, дүгнэж байна.

Магадгүй VI Мухамедийн энэхүү үйлдлээс санаа авч Сири, Имейн, Ливийн лидерүүд эрх мэдлээсээ татгалзаж, ард түмний гарт төр барих эрхийг олгож ч магадгүй юм. Мороккогын шинэчлэлд лалын шашинтнуудын дунд өдрийн од мэт үзэгдэл болсон бүх нийтийн санал хураалт, сонгууль зэргийг явуулахаар VI Мухамед төлөвлөжээ. Түүний хэлснээр Мороккогын ирээдүйг шийдвэрлэх бүх ард түмэн оролцсон санал хураалт ирэх сарын 1-ний  өдөр болох тов гарсан байна. Уг бүх нийтийн санал асуулгаар Морокко улсын үндсэн хуулийг шинэчлэх, улс төрийн хэрэгт оролцох ард түмний оролцоог нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэх тухай холбогдох албаныхан нь мэдээлжээ. Түүнчлэн арабын ертөнц төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан хүний эрхийн асуудлаар ч ард түмнээсээ санал асуух болно гэж Мороккын төр барих эрхийг шилжүүлэн аваад байгаа Ерөнхий сайд нь онцолсон байна. Албаныхны хэлж байгаагаар ард түмнийхээ өн­гөрсөн хэдэн сарын турш тавьсан хүний эрхийг бусад ардчилсан улс орны хэмжээнд хүргэж, хөгжүүлэх, хамгаалах шаардлагыг биелүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм байна.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж