Намууд эсрэг байр суурьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Намууд эсрэг байр суурьтай байна

АРДЫН НАМ, АРДЧИЛСАН НАМЫНХАН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООН ДЭЭР ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙН

УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намын бүлгийн хурал­даанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төсөлтэй холбоотой асууд­луудыг хэлэлцэж, зөрүүтэй байр сууринд хүрснээ өчигдөр мэдээллээ.

 

ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦООГ ДАВАМГАЙ БАЙЛГАХ САНАЛТАЙ БАЙНА

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын санаачилсан “Хүний хөгжил сан”-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, дэмжсэн байна. Уг хуулийн төсөлд “Хүний хөгжил сан”-аар дамжуулан эхний ээлжинд олгох 1.5 сая төгрөгийг бөөнд нь авч болохоор тусгасан аж. Гэхдээ тэтгэврийн зээлд хамрагдсан өндөр настнууд болон малчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банкин дахь зээлээ төлөх хэлбэрээр авахаар тусгасан байна. Үүнээс гадна 2010-2012 онд төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэж  дэмжжээ. Энэхүү тогтоолд “Монголын төмөр зам” ХК-ийн хувьцааны 49 хувийг арилжаалахаар тусгасан юм. Ингэснээр  Тавантолгойгоос Хятад руу төмөр зам барих хөрөнгийг босгох боломжтой хэмээн Засгийн газар тооцоолжээ. Харин Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар “Тус компанийн хувьцааны 49 хувийг олон улсын Хөрөнгийн бирж болон Монголын Хөрөнгийн бирж дээр зэрэг арилжаалах нь зүйтэй” хэмээж Засгийн газарт энэ саналыг хүргүүлэхээр болсон байна. Мөн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан хоёр санал гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээр шийдэв. Тухайлбал, иргэдийн бүртгэлийг цэгцэлж, цахим үнэмлэхтэй болгоход энэ жилийн төс­вөөс Улсын бүртгэлийн ерөнхий га­зарт 11 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэ­сэн ч тус байгууллага одоо бол­тол цахим үнэмлэх нэвтрүүлэх ажлыг эх­лээгүй байгаад Ардчилсан намын бү­лэг анхаарал хандуулжээ. Тиймээс иргэний үнэмлэхийг цахимжуулах аж­лыг ирэх наймдугаар сар гэхэд эх­лэх үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгөхөөр болсон хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дар­га Л.Гантөмөр танилцуулсан юм. Тус намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гадаадаас хараахан ирээгүй учир бүлгийн хуралдааныг дэд дарга Л.Гантөмөр даргалсан аж. Тэрбээр “Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хоёр дахь асуулгыг Сонгуулийн ерөнхий хороонд тавьсан” гэв. Сонгуулийн санал хураалтад хэрэглэх тоног төхөөрөмжүүдийг ирэх наймдугаар сар гэхэд тодорхой болгох үүргийг Сонгуулийн ерөнхий хороонд өг­чээ. Учир нь ямар төхөөрөмжөөр са­налын хуудсуудыг тоолохоос хамаарч санал хураалтын бэлтгэл ажлыг хангах ёстой. Мөн энэ үеэр тус намын бүлэг пропорциональ давамгайлсан тогтолцоог дэмжсэн байр суурин дээр бат зогсохоо илэрхийлсэн юм. Тус намын бүлгээр хэлэлцсэн сүүлчийн асуудал нь Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм байна. Хуулийн төслийг хэлэлцээд холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болжээ.

МАЖОРИТАРИ ДАВАМГАЙЛСАН ТОГТОЛЦООГ ДЭМЖЛЭЭ

УИХ дахь Ардын намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төслийг хэлэлцэж, мажоритари да­вам­гайлсан тогтолцоог дэмжих болсноо мэдэгдсэн юм. Бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн хэлснээр Ардын намын Удирдах зөвлөлөөс “Мажоритари давамгайлсан холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах нь зүйтэй” гэсэн чиглэл гарсны дагуу бүлгийн гишүүд дэмжжээ. Ингэхдээ 52:24, 50:26-ийн аль нь ч байлаа гэсэн мажоритари давамгайлах ёстой гэдгийг онцолсон. Мөн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төслийг Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд нэр дэвшигчийг нэрээр нь дугуйлах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн энэхүү байр сууриа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон бусад намтай зөвшилцөх ажлын хэсгийг гаргажээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нар багтсан байна.  Тус намын бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл аж. Бүлгийн гишүүд “Орлого багатай иргэдийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, мөн алслагдсан бүсүүдэд үйлдвэрлэл эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх нь зүйтэй” гэж үзсэн байна. Ингэснээр алслагдсан бүс нутагт үйлдвэр хөгжих бололцоотой аж. Мөн орон нутгийн үйлдвэрлэгчдийг тат­вараар дэмжсэнээр бизнесийн таатай орчин бүр­дэнэ гэж үзжээ. Харин үүнд архи, тамхи үйлдвэрлэгчид болон ашигт малт­малын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хамаа­руулахгүй гэжээ. Тиймээс бүлгээс энэ асуудлыг хариуцсан  ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж