АНУ сөнөөгч онгоцоо Финлянд руу илгээнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

АНУ сөнөөгч онгоцоо Финлянд руу илгээнэ

 

АНУ-ын нисэх хүчин энэ хаврын цэргийн сургуулилтад зургаан ширхэг “F-15” сөнөөгч онгоцнуудаа Оросын хилээс 100 хүрэхгүй милл зайтай байрлах Финляндын бааз руу илгээх гэнэ. Финляндын нисэх хүчинтэй хамтран хийх цэргийн сургуулилтыг АНУ-ын талаас хүсэлт тавьжээ. АНУ-ын нисэх хүчний 100 орчим нисгэгч ирэх тавдугаар сарын 9-22-ны өдрүүдэд Финляндад цэргийн сургуулилтад оролцох гэнэ.

 

Энэ нь Украины зөрчил хямралд Орост дарамт үзүүлэх зорилготой НАТО-гийн цэргийн ажиллагааны нэг хэсэг юм. Финлянд НАТО-гийн гишүүн биш боловч сүүлийн хэдэн жилд АНУ-тай олон удаа хамтарч цэргийн сургуулилт явуулжээ.  

 

Түүнчлэн АНУ-ын батлан хамгаалах яамнаас НАТО-гийн холбоотнуудын эсрэг Оросын түрэмгийллийг хорих зорилгоор Европын аюулгүй байдлыг хангах санаачилга хөтөлбөрийн санхүүжилтийг 3.4 тэрбум ам.доллар болгон дөрөв дахин нэмэгдүүлсэн аж. Крым хойг Киевээс салж, Москвад нэгдсэнээр Европын орнууд ОХУ-аас болгоомжлох болжээ.

 

Оросын түрэмгий авир сүүлийн хэдэн жил нэмэгдсэнээс Европын зарим орнууд  батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлж, бусад улсуудтай цэрэг, армийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон хэмээн Гадаад харилцааны асуудал хариуцсан зөвлөлийн Оросын судалгааны ажиглагч Стивен Сестанович дүгнэжээ. Харин ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн амралтын өдрөөр Мюнхены аюулгүй байдлын бага хурлын үеэр Орос, Барууны харилцаа хүйтэн дайн руу чиглэж байгааг ярьсан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж