НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Засгийн газартай хамтран зудад нэрвэгдсэн бүс нутгийн охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүллээ. Монгол Улсын хувьд энэ өвөл нэлээд хүндрэлтэй, олон аймаг, сумд байгалийн гамшгийн буюу зудын нөхцөлд байна. 2015 оны зун хуурайшилт ихтэй гандуу байсан нь ургац, малын тэжээлийн гарц муу байхад нөлөөлсний улмаас малчид өвлийн улиралд хэрэглэх өвс тэжээлээ хангалттай бэлтгэж чадахгүйд хүрсэн. Түүнчлэн намар хүчтэй ширүүн бороо орж, өвөл нь цас ихээр орж хүйтэрсэн. 2015 оны сүүлээр буюу 12 дугаар сард зарим нутгуудад хөрсөн дээр -50 градус болж хүйтэрсэн. Онцгой байдлын улсын комиссын мэдээлснээр, 2016 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар, 20 аймгийн 90 сум Цагаан-Зудын нөхцөл байдалд байна. Увс, Завхан аймгуудад малын хорогдол ихсэх төлөвтэй байна гэж НҮБ-ын Хүн амын сан тооцжээ. Улмаар тэд Монгол Улсад байгалийн гамшиг буюу зуд нүүрлэсэн энэ нөхцөлд, эмэгтэйчүүд, өсвөр насны охидын өвөрмөц хэрэгцээг хангахад онцлон анхаарах шаардлагатай гэж үзжээ.
Байгалийн онцгой байдлын улмаас хүн амын амьжиргаа доройтож, улмаар санхүүгийн бэрхшээл үүсдэг бөгөөд охид эмэгтэйчүүд эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангахын тулд наад захын ариун цэвэр, эрүүл ахуйн зүйлс хэрэгтэй болдог. Шаардлагатай хувцас, ариун цэвэр эрүүл ахуйн хэрэглэл хангалтгүйгээс охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд эрсдэлд ордог. Тэдний амьдралын наад захын хэрэгцээг хангах нь тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, тэдний өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ хамгаалах чадвар дээшилнэ гэж НҮБ-ын Хүн амын сан үзэж, сангийн орлогоосоо нийт 12.070 ам.доллар буюу 24 сая 370 мянган төгрөгийн үнэ бүхий 19 нэр төрлийн зүйлээс бүрдсэн 120 ариун цэвэр эрүүл ахуйн багцыг бэлтгэсэн бөгөөд эдгээр багцуудыг Онцгой байдлын Ерөнхий газраар дамжуулан зудад нэрвэгдсэн хүн амд хүргэхээр болжээ. “Эмэгтэйчүүд бол Монголын нийгмийн тулгуур хүч мөн бөгөөд зудын нөхцөлд тэдний аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах тодорхой алхмыг бид хийх ёстой” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газартай хамтран ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг түгээх замаар эмэгтэйчүүдийг дэмжих нь малчин хүн ардын эрүүл мэнд, аж байдлыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна” гэдгээ онцлон илэрхийлсэн юм.
Д.УУДАМ