Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.
Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол зах зээлийг тодорхойлж авч явдаг Institutional investor буюу хөрөнгө оруулалтын байгууллагыг бий болгох гэж үздэг. Ер нь хөрөнгө оруулалтын байгууллага ямар үүрэгтэй байдаг юм бэ?
Institutional investor гэдгийг монгол хэлнээ албан ёсоор орчуулаагүй ч хөрөнгө оруулалтын дагнасан байгууллага гэж нэрлээд байгаа юм. Ийм байгууллага баялгийг тэгш хуваарилахад хэрэгтэй байдаг. Баялгийг тэгш хуваарилахын тулд хөрөнгийн захыг хөгжүүлж, үүгээр дамжуулан ард түмэнд баялгаас хүртэх боломжийг олгох ёстой. Үгүй бол хэдхэн гэр бүл бүх баялгийг удирдаад нийт ард түмэн ядуурах хандлага руу ордог. Ийм зам руу орохгүйн тулд хөрөнгийн захыг яаралтай хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Хөрөнгийн захыг хөгжүүлэхдээ хөрөнгө оруулалтын дагнасан байгууллагуудыг бий болгож чадвал хийх ёстой ажлынхаа багагүй хэсгийг хийлээ гэж үзэж болно. Лондоны бирж Монголын Хөрөнгийн биржийн менежментийг сайжрууллаа, IT-ийн тоног төхөөрөмж тавилаа, брокер дилерийн компаниуд нь чанаржлаа, хууль нь аятайхан болоод компаниуд нь хувьцаагаа гаргадаг боллоо гэхэд хэн хувьцааг авах юм, хэн хөрөнгө оруулалт хийх юм гэдэг асуудал гарч ирнэ. Одоо манайхан юү гэж ойлгоод байна гэхээр хүссэн хүн хувьцаа аваад л ашиг олоод байх юм шиг ойлгоод байгаа юм. Энэ бол ташаа ойлголт. Яагаад гэвэл хөрөнгийн зах гэдэг өөрөө эрсдэл өндөртэй, нарийн судалгаа шаарддаг, мэргэжлийн хүмүүс ажилладаг зах зээл. Гэтэл жирийн иргэн Дорж, Дулмаа нар 50 мянган төгрөгөөрөө хөрөнгө оруулалт хийнэ гэвэл хэцүү. Тэр Дорж, Дулмаа нарт хөрөнгийн зах зээлийг хангалттай хэмжээнд судлах нөөц боломж байхгүй. Цаг хугацаа, мэдлэг чадварын хувьд ч ялгаагүй. Тийм учраас тусгай мэргэжлийн баг ажиллаж, хүмүүсийн мөнгийг цуглуулан, нэгтгэж байгаад тэдний өмнөөс судалгаа шинжилгээ хийж, мөнгийг нь удирддаг байгууллагууд байдаг юм.
Хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагын ямар ямар хэлбэрүүд байдаг вэ?
Institutional investor гэдэг нь дотроо хэд хэд хуваагддаг. Нэгдүгээрт, даатгалын байгууллагууд байна. Даатгалын байгууллагууд нь олон нийтийн мөнгийг хөрөнгийн зах руу оруулахын тулд биш, эрсдэлээс хамгаалах үүднээс байгуулагдсан сан. Эрсдэлээс хамгаалах сан тэр хуримтлагдсан мөнгийг сул хэвтүүлэхгүй, эргэлдүүлж байх ёстой. Даатгалын компаниуд ашиг олж, томорч байх тусмаа даатгуулсан иргэдэд ашигтай. Тэдний хохирлын нөхөн төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдээд явдаг. Харин даатгалын компаниуд яаж томордог юм гэхээр хөрөнгийн зах дээр ашигтай хөрөнгө оруулалт хийснээр томордог. Даатгалын компаниуд хөрөнгийн зах дээр хувьцаа, бондод хөрөнгө оруулалт хийгээд ирэхээр өөрсдөө томрохын хажуугаар хөрөнгийн зах хөгждөг. Нэг сумаар нэлээд хэдэн туулай буудаж байна гэсэн үг. Гэтэл энэ замаар явъя гэхээр хуулинд даатгалын компаниуд хөрөнгийн зах руу орж болохгүй гээд хориглочихсон байдаг. Даатгуулагчдын мөнгийг алдчихвал яах вэ гэсэн болгоомжлолын үүднээс ингэж хориглосон байдаг.
Даатгалын компаниудаас гадна бусад сангууд бий. Иргэдийн мөнгийг татан төвлөрүүлээд хөрөнгө оруулдаг Retail сан буюу иргэдэд зориулсан хөрөнгө оруулалтын сан гэж байдаг. Мөн улсын нийгмийн даатгал, тэтгэврийн сангууд байна. Эдгээр сан нь төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай татвар биш. Ард түмнээс татсан мөнгөө эргүүлээд ард түмэнд хувааж өгч байх ёстой учир энэ мөнгийг бас арвижуулж байх хэрэгтэй. Арвижуулдаг механизм нь хөрөнгийн зах болон мөнгөний зах.
Бас нэг хэлбэр нь хаалттай сан. Томоохон компаниуд болон хөрөнгө чинээ ихтэй хүмүүсийн илүүдэл хөрөнгийг төвлөрүүлдэг сан. Үндсэндээ ийм 4 төрлийн сан байдаг. Монголд хууль эрхзүйн зохицуулалт төдийлөн төгс биш байгаа. Даатгалын компаниудын хуримтлалыг хөрөнгийн захад оруулахыг хориглосон байдаг. Иргэдэд чиглэсэн сангийн эрхзүйн орчин байхгүй. Хаалттай сангийн хувьд зарим оронд зохицуулалт байдаг бол заримд нь байдаггүй. Эдийн засагт учруулах эрсдэл багатай гэдэг үүднээс шаардлагагүй гэж үздэг. Дээр нь төрийн сангууд жинхэнэ иргэдэд үйлчлэх сан гэдэг утгаараа биш төрийн мэдэлд, төсвийг санхүүжүүлэх хэрэгсэл байдлаар ашиглагдаж байна.
Энэ сангуудыг бий болгох болон даатгалын компаниудыг хөрөнгийн зах руу оруулахын тулд төр, засгаас юү хийх ёстой вэ?
Төр нь нийгэм, эдийн засгийн харилцааг бүхэлд нь зохицуулах уу, эсвэл эдийн засаг бүрэн биеэ дааж явах уу гэсэн хоёр туйлын дунд л бид уулзмаар байгаа юм. Төр бүгдийг зохицуулах юм бол хол явахгүй. Яагаад гэвэл хөгжил өрсөлдөөн дээр л суурилж явдаг болохоос хэн нэг ухаантай хүн төрд ажиллаад бүхнийг зохицуулаад явдаггүй гэдгийг олон мянган жилийн өмнөөс хүн төрөлхтөн ойлгосон. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн бол хөгжлийн үндэс. Өрсөлдөөнийг бий болгохын тулд төр бүхнийг зохицуулах биш харин үүнээс илүү гарч болохгүй, үүнээс дутуу байж болохгүй гэсэн хязгаарыг нь л тавиад өгчих ёстой юм. Товчхондоо чи ийм юм хийж болохгүй гэсэн жагсаалтыг гаргаад ирэх хэрэгтэй. Гэхдээ энэ жагсаалтад бүх зүйл багтчихна гэсэн үг биш шүү дээ.
Дэлхий даяар даатгалын компаниуд хөрөнгийн захад ордог. Хөрөнгөө ч арвижуулна, хөрөнгийн захаа ч хөгжүүлнэ. Эрсдэлээ хамгаалуулах гэж даатгуулсан хүмүүсийн мөнгө эргээд Монголын компаниудын хувьцааг авч, хөрөнгө оруулалт болж байгаа хэрэг. Цаашлаад банкны зээлийн хүүг бууруулахад ч хөшүүрэг болно. Энэ мэтчилэн даатгалын компани хөрөнгийн захад ороход олон зүйлийг давхар шийдэж болно.
Эцсийн дүндээ үндэсний хөрөнгө оруулалтын байгууллага манайд байхгүй байна. Нэг ёсондоо бид тэнцвэргүй тулаанд орж байна. Жишээ нь, уул уурхайн компани томоохон нэг хувьцаа гаргалаа гэж бодъё. Нэг талаас хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч мэдлэггүй, мэдлэг нь шаардлага хангахгүй Монгол улсын иргэд, нөгөө талд нь гадаадын хөрөнгө оруулалтын сангууд ороод ирсэн байна. Энэ бол ямар ч тэнцвэргүй тулаан. Бүр 2, 3 жилийн өмнөөс л энэ тулаан эхэлсэн. Монголын үндэсний хөрөнгө оруулалтын байгууллага, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага зайлшгүй тулгарчихаад байна. Хаанаас эхэлж бэлдэх ёстой вэ гэвэл эхний ээлжинд даатгалын компаниудаа чөлөөлөх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиа батлах хэрэгтэй байна. Мөн хөрөнгө оруулалтын байгууллагуудыг бий болгож, нийгмийн даатгал, тэтгэврийн сангууд дээр тусгай хөрөнгө оруулалтын нэгжүүдийг байгуулан мэргэжилтнүүдийг бэлтгэж, ажиллуулах хэрэгтэй байна. Жишээ нь, даатгалын компанийг хөрөнгийн зах руу орох эрхтэй болгочихвол 16 даатгалын компани дотроо хөрөнгө оруулалтын алба байгуулан 2, 3 залууг ажилд авчихна. Тэдгээр залуусаа гадаад дотоодын сургуульд явуулж мэргэжлийг нь дээшлүүлэх болно. 3 жилийн дараа хөрөнгийн зах дээр хөрөнгө оруулалт, хөрөнгийн санг удирддаг 40-50 үндэсний мэргэжилтэн бий болоод ирнэ.
Мэдээж төрөөс юү хийж болохгүйг зааж өгөх хэрэг гарна. Тэгэхгүй бол луйвар газар авна. Хуурамч дипломтой, хуурамч CV-тэй нөхөд гарч ирээд би ч гадаадад ийм сургууль төгссөн, ийм ч банкинд ажиллаж байсан гээд хөрөнгө оруулалтын сан байгуулна. Ард түмэнд тэдний үнэн худлыг ялгаж чадахгүй шүү дээ. Нөгөө жаахан хуримтлуулсан мөнгөө аваачаад өгсөн чинь Хадгаламж зээлийн хоршоо шиг луйвардуулах явдал гарна. Тэгэхээр Монгол улсын иргэнийг луйвардуулахгүйн тулд хууль хэрэгтэй.
Үргэлжлэлийг Mongolian
Mining Journal-ийн ¹006 дугаараас уншина уу.