УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг өчигдөр хийх байсан ч хойшиллоо. УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг ирэх пүрэв гаригт хийхээр болж… Хойшлуулах болсон шалтгаан юу байна вэ?
-УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд би ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тийм учраас гадаадад байгаа гишүүдээ ирэх хүртэл хоёр хоног шаардсан учраас хүсэлтээ тавьсан. Ирэх пүрэв гаригт 35 гишүүнээ чуулганы нээлтэд оролцуулахад УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.
-УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүд чуулганы нээлтэд оролцох боломжтой гэсэн үг үү. Эсвэл Ардчилсан намын бүлэг бие даагч гишүүд болоод ИЗНН-ыг оролцуулснаар ирцээ хуульд заасан хэмжээнд хүргэнэ гэж үзэж байна уу?
-Ямар ч байсан Ардчилсан нам олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна.
-Ээлжит бус чуулганыг нээхэд гишүүдийн ирц 39-д хүрсэн байх ёстой. Тэгж байж УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой болно. Дахиад хойшлох нөхцөл байдал үүсчих вий дээ. Бусад нам, эвслийн бүлгүүдтэйгээ энэ талаар зөвшилцөж байгаа юм уу?
-Бид ярилцаж байна, дахиад тийм асуудал гарахгүй байх.
-Шударга ёс эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын даргыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаа тухай мэдээлэл бий. Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурь барьж байна вэ. Ер нь бол та бүхэн Ерөнхий сайдын мэдэх асуудал гэдэг хариулт өгсөөр өвлийг барсан. Эцсийн дүндээ УИХ-ын үйл ажиллагааг гацаах хэмжээнд очиж асуудал хүндэрлээ?
-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж үзээд чуулганы нээлтэд оролцохгүй байна. Энэ талаар зөвшилцөл хийж байгаа юу?
-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой. Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Үндсэн хуулийн Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.
Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэгдэхгүй, татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлага бий. Маш сайн хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Дээр нь Эрүүгийн хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Хэд, хэдэн улстай холбоотой хэлэлцээр бий. Цаг алдаж болохгүй л хуулиуд багаа юм.
-Эрүүл мэнд спортын сайдын томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэсэн үг үү?
-УИХ-ын даргын зөвлөл дээр тухайн ээлжит болоод ээлжит бус чуулган хуралдуулахад ямар асуудал хэлэлцэх талаар дараалал тогтоодог. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар ямар нэг сайдын томилгооны асуудал оруулаагүй. Оруулах боломж байхгүй. Хэрвээ уг асуудлыг Засгийн газраас албан ёсоор өргөн баривал дахиад ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй.
-Энэ удаагийн УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн дарга оролцсон байсан. Тус бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн үү?
-УИХ-ын даргын зөвлөлийн хуралд өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар байсан. Бүлгийн гишүүд нь ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.
-Ээлжит бус чуулганыг зарлаад хойшлогдсон тохиолдол өмнө нь байдаг уу?
-Үүнийг одоогоор хэлж мэдэхгүй байна.
-Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 4 нь гадаадад томилолттой яваа гэсэн. Өчигдрийн байдлаар 24 гишүүн байна гэсэн мэдээлэл бий. Үлдсэн гишүүд хаагуур юу хийгээд явна вэ?
-Ардчилсан намын бүлгээс 4-өөс бусдынх нь ирц бүрдсэн. Өнөөдөр гадаадад байгаа гишүүдээ дуудсан. Зарим нь билетээ шилжүүлж байна. Пүрэв гаригт ажлаа амжуулаад бүгд ирэх ёстой.
-УИХ-ын ээлжит бус чуулган товлоод нээж чадсангүй. Энэ тохиолдолд гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт дэгийн хуульд байдаг уу?
-УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой. Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.
Г.ДАРЬ