14.4 их наяд хөрөнгө илэрсэн

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

14.4 их наяд хөрөнгө илэрсэн

-Чуулган хуралдахгүй бол эдийн засагт хийх реформ гацах гээд байна-

Монголын худалдаа аж үйдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэх ёстой. Ялангуяа эдийн засагт нэн чухал гурван хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Гэтэл МАН-ынхан улс төрийн бойкот зарлачихлаа?

-Яг үнэнийг хэлэхэд “миний” гурван хуулийг яаралтай хэлэлцээд батлаад өгөөч ээ гэж Ардын намынхнаасаа гуймаар байна. Ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулаад, эдийн засаг нэн чухал байгаа Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг шинэчлэн батлаад өгөхгүй бол эргээд төвөгтэй байдал үүсч болзошгүй байгаа юм. Тиймээс л тэр улстөржилтөө орхиод дээрх гурван хуулийг баталж, эдийн засгийнхаа реформыг хийгээд өгөөч гэж МАН-ынхаа бүлгийнхнээс  танхимынхаа гишүүдийн өмнөөс гуйж байна. Хэрэв дээрх хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлахгүй бол хаврын чуулганаар батлагдаж чадахгүй. Тэгвэл санхүүгийн системд хийж байгаа шинэчлэл маань дахиад нурж унана.  

-Та МАН-ын гишүүн. Таны байр суурь танай намынханд таалагдахгүй байж магадгүй юм?

-Надад аль нэг намын хийж байгаа улс төр чухал биш ээ. Монголын эдийн засагт үүссэн гажуудлыг засч, санхүүгийн зөв системд орох нь намуудын хийж байгаа улс төрөөс илүү улс оронд чухал асуудал юм л даа. Ийм л өнцгөөр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаад татварын гурван хуулийн төслөө шинэчлэх батлах нь Ардчилсан намын ч, Ардын намын ч үүрэг.  “Ажил хийвэл дуустал” гэсэн үг байдаг. Эхлүүлсэн ажлаа дуусгах нь энэ парламентын  хийх ёстой ажил. Тиймээс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг шинэчлэн батлах ажлыг нэг өдөр, нэг цаг, нэг минутаар хойшлуулмааргүй байх юм.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын санхүүгийн систем маш буруу явж ирсэн. Үүнд МАН ч буруутай. Тиймээс Ардын нам алдаагаа засах хэрэгтэй.

-Цэцийн асуудлаас болоод Ардын нам “ажил хаялт” зарлаад байгаа юм биш үү?

-Цэцийн хэрүүл хоёрдугаар асуудал. Эдийн засагт хийх ёстой санхүүгийн реформоо үргэлжлүүлэх нь миний хувьд хамгийн чухал нь. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нийтдээ 14.4 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, хөрөнгө ил боллоо. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 25-ны байдлаар ДНБ-ийн 60 хувьтай тэнцэх их хөрөнгө ил болсон гэсэн үг. Ил гарч байгаа хөрөнгийн хэмжээ ДНБ-ийн 80 хувьтай тэнцэж магадгүй байна.  Манай эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө 24 их наяд төгрөг гэвэл сүүдрийн эдийн засагт бараг 80 хувьтай тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө нуугдаж байжээ гэдгийг энэ хууль гаргаж өглөө.  Ингэснээрээ Монголын татварын орчин өнгөрсөн 25 жилийн хугацаанд таагүй байсныг, хууль эрх зүйн орчин гажиг байсныг харуулж өгсөн. Тиймээс л энэ алдааг үр үндсээр нь засахын тулд өнөөдөр миний дахин, дахин хэлээд байгаа гурван хуулийг батлах нь чухал байна.

Дээр нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль шинээр хэрэгжиж байгаа. Энэ том шинэчлэлийг эхлүүлчихээд дунд нь гацаачихаж болохгүй.

-Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг шинэчлэн батлахгүй бол санхүүгийн системд хийх шинэчлэл зогсоно гэлээ, яагаад?

Наад гурван хуулийг чинь батлахгүй л бол дахиад л хуулийн цоорхой үүсч, санхүүгийн ситемд гажуудал гарна. НӨАТ-ын шинэ хуультай уялдуулж, ААНОАТ-ын хуулийг шинэчлэх төсөлд жилийн орлого нь 50 сая хүртлэх аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа 500 мянган төгрөг төлөөд ганц удаа тайлан гаргахаар суулгаж өгсөн. 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, 10 хувиар төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авахаар, 1.5 тэрбумаас 10 тэрбум хүртэлх нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж, 10 хувиар татвар төлөх 10 тэрбумаас дээш нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж, 25 хувиар татвар төлөхөөр суулгасан.  НАӨТ-ын шинэ хуультай уялдуулж гаргаж ирсэн бодлого. Энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй бол НӨАТ-ын тухай хуулийг шинэчилсний утга учир гарахгүй. НӨАТ-ын шин хууль хэрэгжих болсонтой холбоотойгоор патентын хуулийг хүчингүй болгосон. Гэтэл ААНОАТ-ын хуулийг шинэчлэхгүй бол жижиг дунд үйлдвэрүүд хаана, хэнд ямар хуулиар татвар төлөхөө мэдэхгүй үлдэнэ. Үүний үр дүнд дахиад л сүүдрийн эдийн засагт багагүй мөнгө үлдэж таарах юм.

-ДНБ-ийн 60 хувьтай тэнцэх хөрөнгө илэрсэн гэхээр манай эдийн засаг тэр чигтээ сүүдэрт  нуугдаж байсан юм биш үү?

-Ийм алдаатай бодлогыг өнгөрсөн 25 жил хэрэгжүүлж иржээ гэдгийг л Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль харууллаа. Тиймээс нэгэнт эхлүүлсэн бол үр дүнг нь үзээч ээ, өнгөрсөн 25 жил хэрэгжүүлж ирсэн алдаагаа засаад, эдийн засгийн реформоо дуусгаачээ гэж Ардын намынханд хэлээд байгаа хэрэг шүү дээ.

-Цэцийн асуудлаас болоод УИХ тэг зогсолт хийлээ. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм бол?

Улс төрийн хэрүүл болгох чухал сэдэв биш шүү дээ. Аль, аль тал нь зорилготой улс төр хийгээд байгаа болохоос. АН, МАН ч энэ асуудал дээр хэрүүл хийгээд байх  зүйл биш. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг би зөв гэж үзж байгаа. Тэр ипотекийн зээлтэй холбоотой Цэцийн шийдвэрийг дэмжиж байна.  Тэр шийдвэр бол иргэний өмчлөх эрхийг хамгаалсан шийдвэр байсан. 20 жил барьцаанд тавьсан хөрөнгө хүн ашиглаж эрхгүй байна гэдэг хүний эрхийг зөрчсөн асуудал.  Банкууд дээр эрсдэл үүсгэхгүй гэвэл ипотекийн гэрээг заавал даатгуулах ёстой. Зах зээлийн нийгэмд бол аливаа эрсдлээс хамгаалах арга бол даатгал. Манайд л “соц” нийгмийн арга барилаар хэрэгжээд байгаа болохоос.  Энэ асуудлыг улс төрийн маргаан болгох  ёсгүй юм л даа. Эрх баригчид, сөрөг хүчин энэ асуудлыг улс төржүүлээд дэвэргээд байх юм.

-Ээлжит бус  чуулганыг ингэж бойкотлосоор байгаад хуралдахгүй бол яах вэ?

-Тэгвэл эдийн засагт хийж байгаа энэ том шинэчлэл гацна. Санхүүгийн системээ зөв гольдролд оруулахгүй  цаг алдаж байгаа нь харамсалтай байна.  Дээрх хуулиуд батлагдаад гарчихвал нийтийн мөнгийг буюу татвар төлөгчдийн мөнгийг татвар төлөгчид өөрөө хянадаг болно. Төсвөөс санхүүждэг тендер ил тод хяналттай болно. Өөрөөр хэлбэл, улсын төсөв ч хяналтад орох юм шүү дээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж