Шууд нислэг үйлддэг болсон нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд аялал жуулчлал, хүмүүс хоорондын болон бизнесийн төлөөлөгчийн харилцан солилцоонд чухал нөлөө үзүүлэх боломж бүрдэж байна. Далай дээр байрлах энэхүү боомт хот нь байшин барилга, дэд бүтцийн хөгжлийн хувьд БНХАУ-ын нийслэл Бээжингээс илүү гэхэд болно.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Хонкогт байрлах манай улсын консулын газрыг нээсний дараа Бээжин хотод хүрэлцэн ирсэн юм. Ерөнхий сайдын айлчлалын цөм нь Бээжинд үргэлжилсэн юм. Айлчлалын үеэр хоёр улс бие, биеийнхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ нотолсон. Хятад хүн гэхээр эгдүүцэж, эвгүйцдэг монголчууд олон. Чухам юунаас болоод ингэж дургүйцдэг талаар асуухад “Мэдэхгүй, яагаад ч юм дургүй хүрээд байдаг” гэж хариулах нь элбэг. Харин Хятадад очоод хүнээс зам асуухад англи хэл мэддэг байсан ч хэлдэггүй, зарим нь бүр худлаа хэлдэг гэх явган яриа байдаг. Иймээс хоёр улсын иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд Элчин сайдын яам болон консулын газрууд ихээхэн анхаарч ажилладаг байна. Хоёр улсын иргэдийн дунд соёлын өв, ёс заншлийн маргаан үүсдэг нь нууц биш. Жишээ нь хөөмийг хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь хоёр улсын соёлын харилцаанд таатай байдал үүсгээгүй юм. Иймээс Ерөнхий сайдын айлчлалаар Соёлын өвийг хамгаалах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын солилцоог эхлүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал уламжилсан. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболд, гэргий Х.Отгонтуяа болон албаны хүмүүсийн хамт Хятадын үндэсний их театртай танилцаж, Бенневитзийн хийлийн дөрвөлийн тоглолтыг үзэж сонирхов. Хятадын үндэсний их театр нь тал бөмбөрцөг хэлбэртэй, 46.68 метр өндөр. Энэхүү театрын барилгад бөөрөнхий, дөрвөлжин дүрс огт ороогүй. Харин оливийн жимсний хэлбэр зонхилжээ. Тэд мөн Хятадын түүх, соёл, заншлийг хадгалж үлдсэн Чамингийн гудамжаар аялсан юм. Уг гудамж нь Хубилай хааны үед Ли-Жи мэнь нэртэй байснаа Мин, Чин гүрний үед өргөжин тэлж өнөөгийн Чиэн-мэнь хэмээн нэрлэгджээ. Чиэн-мэнь гэдэг нь өмнөд хаалга гэсэн утгатай бөгөөд монголчууд “Чамин” гэж нэрлэдэг байна. Чамингийн гудамжинд түүх, соёлын зүйл худалдаалдаг төдийгүй дэлхийд алдартай бээжин шарсан нугасыг амталж болох юм билээ. Монголчууд Чамингийн гудамжнаас бараа авч ирж худалдаалдаг байсан аж. Түүнээс улбаалан Чамингийн бараа гэж хэлж заншсан бөгөөд энэ нь явсаар одоо бидний хэлдэг чамин, ганган гэсэн утгыг илэрхийлэх болжээ. Энэ гудамж нь 600 гаруй жилийн түүхтэй, нийт хоёр орчим километр үргэлжилдэг юм байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний албан ёсны айлчлал нь хоёр орны хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдлийг гаргаснаараа түүхэн хэмээн нэрлэгдээд байгаа юм. Манай улс Хятадтай түүхэн харилцаатай боловч энэхүү харилцаа нь сүүлийн 20 жилд илүү эрчимтэй өргөжин, хөгжиж буй. Манай уул уурхайн томоохон ордууд дэлхийн хараанд хэдийнэ өртсөн, хөгжлийн гараан дээр ирчихсэн ийм үед бид хүчирхэг гүрнүүд болох хойд, урд хөршөө түшиглэх нь хамгийн зөв бөгөөд оновчтой сонголт болохыг Ерөнхий сайд С.Батболд айлчлалын үеэр онцолж байлаа. Х
ятад улс өдийг хүртэл АНУ, ОХУ, Япон, Казахстан зэрэг улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон байдаг аж. Томоохон хөрштэй ийм том харилцаа тогтоож буй нь биднийг тоож байгаа хэрэг ч байж мэдэх юм. Гэвч нөгөө талаас манай улсын уул уурхайн баялагт Хятадын нүд унаснаас тэд өнөөдөр ингэж дуугарч ч болох. БНХАУ бас Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ч дээгүүрт ордог. Нэг үгээр хэлбэл 1990-2010 оны байдлаар Хятадаас 2.468.235 мянган ам.долларын хөрөнгө оруулалт татсан 5303 компани манайд бүртгэгджээ. Энэ он бидний хувьд их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьсан түүхэн жил болж буй. “Шинэ бүтээн байгуулалт”, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Оюутолгой, Тавантолгой гэх мэт. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын талаар Хятадын төр засгийн удирдлагуудтай Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал солилцсон. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцав. Үүгээр зогсохгүй ирээдүйд Улаанбаатар Бээжинг холбосон хурдан галт тэргийг байгуулах хүсэлтэй байгаагаа ч талууд илэрхийлсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлалын гол ач холбогдол нь Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноороо түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэж буй юм.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин