-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ш.Сүхбаатар гэдэг. Тэтгэвэртээ гараад удаагүй байгаа. Геологич мэргэжилтэй хүн. Гэтэл өнөөдөр сүлжээний бизнесийн хохирогч болчихоод зогсож байна.
-Та энэ сүлжээний бизнесийн тухай анх яаж мэдсэн юм бэ?
-Би энэ сарын 7-нд автобусанд явж байхдаа нэг эмэгтэй энэ тухай ярьж байхыг сонссон юм. Тэгээд “Байгаль эрдэнэ сан” төрийн бус байгууллагын хаягийг нь заалгаж аваад очсон. Телевиз, радиогоор үйл ажиллагааных нь талаар маш их зар гарсан. Хохирогчдын ихэнх нь тэндээс сонсож ирсэн юм шиг байна лээ. Намайг анх ирэхэд албан тасалгаа нь “Тэнгис” кино театрын хажууд байрлаж байсан юм. Тийшээ нь яваад орсон чинь “Байгаль эрдэнэ сан”-гийн ажилтнууд сууж байсан. Тэд надад маш олон тамга, тэмдэгтэй бичиг, баримт үзүүлээд мөнгөө сүлжээнд оруулбал дараа нь ашигтай гэдгийг нотлох батламж хүртэл өгсөн. Энэ бүхнээс нь болоод тэдэнд итгэж болмоор ч юм шиг санагдаж эхэлсэн. Тэгэхээр нь би тэднээс “Та нар арай нөгөө хадгаламж, зээлийн хоршооны хүмүүстэй адилхан залилан хийх гэж байгаа юм биш биз” гэж асуусан. Тэд ч “Үгүй” гэсэн. Түүнээс хойш гурав хоногийн дараа би дахиж ирэхэд маш олон хүн мөнгөө өгөх гээд дараалалд зогсож байсан. Тэгэхээр нь би авчирсан 650 мянган төгрөгөө тэр дор нь тушаачихсан.
– Анх яг юу гэж амлаж байсан юм бэ?
-Эхэндээ 650 мянган төгрөг авч, хүмүүст суудлын машин өгөхөөр амласан. Харин өнгөрсөн пүрэв гарагт хүмүүсээс нэг сая гурван зуун мянган төгрөг авч, бага оврын жийп авах боломжтой гэж зарласан. Тэгээд маргааш нь бүгд алга болцгоосондоо. Уг нь зохион байгуулагчдынх нь нэг болох Г.Мэндсайхан “1.3 сая төгрөгийн сүлжээг дэмий гаргаж ирсэн юм. Түүнээс болж бүх тооцоо алдагдаж, буруутлаа” гэж ярьж байсан гэсэн.
-Та мөнгө тушаасныхаа хариуд ямар нэгэн барьцаа болгох зүйл авсан уу?
-Би мөнгөө өгөнгүүт баримт дээр гарын үсэг зурж, гэрээ хийсэн. Тэгэхэд тэр байгууллагын ажилтнууд надад 1030 гэсэн код өгөөд “Ирэх долоо хоногт ирж автомашинаа аваарай” гэж хэлсэн. Тэгээд сураггүй болсон. Би өнгөрсөн баасан гарагт байран дээр нь ирэхэд ажилчид нь урд шөнө нь нүүгээд алга болсон байсан.
-Та тэр үеэс л хууль, цагдаагийн байгууллагад хандаж эхэлсэн үү?
-Тэгсэн. Хохирсон хүмүүс ч бас энд тэндгүй шөнө орой болтол зогсож, “Байгаль эрдэнэ сан”-гийн ажилчдыг барьж авч, хууль цагдаагийнханд тушааж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Т.Уранчимэг нарын хэдэн хүнийг баривчилсан юм билээ. Анх энэ төрийн бус байгууллагыг энэ сарын 4-нд байгуулсан гэсэн. Иргэдийг суудлын болон жийп автомашинтай болгох хөтөлбөр гэдэг зүйлийг хэрэгжүүлж байгаа гэх сайхан үгээр хуурсан. “Байгаль эрдэнэ сан” төрийн бус байгууллагыг байгуулсан хүмүүсээс одоо Н.Содномпил, Г.Мэндсайхан нар хаана байгаа нь тогтоогдоогүй. Тэднийг эрэн сурвалжилж байгаа.
-Ийм бага мөнгөөр автомашин авна гэдэгт яагаад итгэсэн юм бэ. Хэдийгээр үнэмшилтэй баримт, бичиг гаргаж үзүүлсэн ч гэсэн болчихмоор санагдсан хэрэг үү?
-Уг нь анх мөнгөө өгч байхдаа тэдний тайлбарлахыг сонсоход их ойлгомжтой байсан юм. Хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан гэсэн. Би түүнд нь хараахан сууж амжаагүй. Хүмүүс мөнгөө тушаасныхаа дараа сүлжээндээ зургаан хүн элсүүлэх үүрэгтэй. Түүнээс гадна “Байгаль эрдэнэ сан”-гийнхний үзүүлж байсан гарын авлага, дүрэм журам энэ тэр нь их нөлөөлсөн. Хэн тэднийг луйвар хийчихнэ гэж бодох вэ дээ. Тэр тусмаа нэг эмэгтэй хүн хүрч ирээд бүх үйл явцыг нь дэлгэрэнгүй ярьж тайлбарлаад байхад хүн бүр итгэхээс өөр аргагүй.
-Та хүн элсүүлсэн үү?
-Би нэг найзыгаа элсүүлж, 650 мянган төгрөгийнхөд нь бүртгүүлсэн. Ямар азаар олон хүнийг уруу татчихаагүй байсан юм. Түүндээ баярлаж байна. Одоо тэгээд мөнгөө олж авч магадгүй гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс хавиар эргэлдэж байна. Уг нь долоон хүн нийлж, нэг бүлэг үүсгэх ёстой. Би найзыгаа элсүүлсэн. Намайг эслүүлсэн нэг хүн бий. Бусад нь эгнээндээ шинэ хүн нэгтгэсээр байгаад манайх долоон хүнтэй групп болчихсон юм. Тийм болохоор удахгүй автомашинаа авна гэдэгт итгэлтэй байсан хэрэг. Уг нь зохион байгуулсан хүмүүс нь шударгаар үйл ажиллагаагаа явуулсан бол хүмүүст хэрэгтэй, их зөв санаа байсан юмсан.
-Яагаад зөв санаа гэж?
-Автомашины ченжүүдийг шахаж, үнийг нь буулгахаас эхлээд ард түмэнд хэрэгтэй санал байсан юм шүү дээ, уг нь. Түүнээс гадна төрөөс хэрэгжүүлж буй “Байгаль орчныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байна” гэхээр нь юун түрүүнд “Тэгвэл ч найдвартай юм байна” гэх бодол толгойд орж ирсэн.
-Өмнө нь иймэрхүү сүлжээний бизнесээс болж хохирсон хүмүүстэй холбоотой хэрэг цөөнгүй гарч байсан. Та тэр талаар бодолцож үзсэнгүй юу?
-Тамга, тэмдгээ авчихсан байгаа хүмүүст итгэхээс яах юм бэ. Бас зохион байгуулагчид нь итгэж болохоор хүмүүс байсан юм. Одоо хүмүүс 108 сая төгрөг авсан гэж яриад байгаа н.Нарханд бол 805 дугаар ангийн ахмад цолтой. Мөн Тагнуулын ерөнхий газрын ажилтны эхнэр болон Цагдаагийн академид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Н.Содномпил гэх мэт бүгд өмнө нь төрийн чухал албыг хашиж байсан хүмүүс луйвар хийлээ. Тэдний ажил, албын талаар сонсохоор итгэхээс яах юм бэ. Гэтэл одоо нөгөөдүүл чинь “Та нар чаддаг юм бол мөнгөө аваарай” гэж утсаар хэлж ярьж байх жишээтэй. Аймшигтай юм.
-Та одоо юу хийх бодолтой байна вэ?
-Одоо би ямар ч төрийн бус байгууллагад итгэхгүй. Маш олон тамга, тэмдэг, гарын авлага үзүүлж байсан. Тэд бүгд ямар ч хэрэггүй зүйл. Анхнаасаа ийм хүмүүст төрийн бус байгууллага байгуулах эрхийг нь олгож, баталсан төрийнхнийг ойлгохгүй байна. Өнгөрсөн баасан гарагт хүмүүс хэрэг үүсгэж эхлэх үед зохион байгуулагчдынх нь нэг болох н.Байгал хурал зохион байгуулж, “Гадуур гарч байгаа шуугианд итгэх хэрэггүй. Бид та нарыг хуурахгүй” гэж хүртэл ярьж байсан. Тэгээд тэр шөнөдөө бүгд алга болсон. Ийм увайгүй зүйл байж болох уу. Хэрэв надад эрхийг нь өгдөгсөн бол би тэднийг буудчихмаар л санагдаж байна.
-Та мөнгөө эргүүлж авч чадна гэж бодож байна уу?
-Хэлж мэдэхгүй байна. Уг нь тэр луйварчид өөрсдөө буруугаа ойлгоод хүмүүсийн мөнгийг эргүүлээд өгчихвөл сайн байна. Хэрэв үгүй бол хууль, цагдаагийн байгууллагаар явлаа гээд алдсан мөнгөө олж авч чадах нь юу л бол. Миний хувьд, өөртөө л гомдож байна. Гэтэл энд надаас хэд дахин их мөнгө алдсан хүмүүс байгаа. Олон арван сая төгрөг гэдэг тоглоом юм уу, ямар.
-Одоогийн байдлаар хохирсон хүмүүсийн тоо хэд орчим болсон бэ?
-Нийт 3000-аад хүн хохирсон гэсэн. Тэд хамгийн багадаа над шиг 650 мянган төгрөг өгсөн. Тэгэхээр нийт хохирлын хэмжээ наад зах нь нэг тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Энэ залилан хийсэн байгууллагын нэрийг харж байгаа биз дээ. “Байгаль эрдэнэ сан” гэсэн хачин гоё үгтэй. Тэгээд цаана нь хүн хуурч, худлаа хэлж, мөнгө төгрөгийг нь залилах гэсэн хүмүүс сууж байх юм. Ийм байж болох уу. Тэр гоё нэрэнд нь хүртэл хууртчихлаа.
-Хүмүүс хамгийн ихдээ хэдэн төгрөг алдсан юм бол?
-Зарим хүн 30, 40 сая төгрөг алдсан гэж ярьж байсан. Тэд тусгай өмгөөлөгч хөлсөлж, залилан хийсэн хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгаа юм гэсэн. Бусад хүмүүсийн хувьд тиймэрхүү санал алга байна. Гэхдээ 10 мянган төгрөг хүртэл асар их хэрэгтэй болчихсон өнөө үед 650 мянган төгрөг гэдэг чамлахаар мөнгө биш.
-Зохион байгуулагчдыг нь баривчилсан гэж сонссон. Тэр үнэн үү?
-Хохирогчдын нэг нь цагдаа нарыг дагуулж яваад “Байгаль эрдэнэ сан”-гийн ажилтан н.Батцэцэг гэдэг хүнийг гэрээс нь баривчлуулсан. Гэтэл өнөөдөр тэр хүн батлан даалтад гарчихсан. Энэ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хохирогчид орохын тулд дугаарлаж байхад н.Батцэцэг чөлөөтэй орж гарч байна. Жаахан хачин л санагдаж байна.
-Би сая Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа хэд хэдэн хүнээс ярилцлага авах гэж оролдлоо. Бүгд болсон хэрэг явдлын талаар ярихаас татгалзаад байх юм?
-Би чамд дээр хэлсэн. Энэ хэрэгт хохирсон хүмүүс дунд 40 сая төгрөг алдсан хүн байна. Таван сая төгрөгөө алдсан хүн ч байна. Сая нэг эмэгтэй “Хүүхдүүдээсээ нууж байгаад хэдэн төгрөгөө шавхаад өгчихсөн чинь алдчихлаа” гэж ярьж байсан. Ер нь энэ дунд ах дүү, төрөл төрөгсдөөсөө нууж мөнгөө өгөөд алдсан хүн олон бий. Тийм болохоор тэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандаж, энэ тухай дэлгэрэнгүй ярих сонирхолгүй байна. Учир нь одоо болтол гэрийнхэндээ хэлж чадахгүй байгаа олон хүн байна. Гэхдээ энэ тухай хэдий хүртэл нууж чадах юм бол мэдэхгүй. Бараг бүгд удахгүй автомашинтай болчихоод шампанск буудуулна гээд хүлээж байсан биз.
-Сүлжээний бизнест орсон эхний хүмүүс нь ашгаа олчихсон гэв үү?
-Энэ сүлжээнд нэгдэж орсон эхний 100 гаруй хүн автомашинаа авчихсан гэж яриад байгаа. Гэхдээ миний бодлоор тэд бүгд энэ луйврын хэрэгт оролцсон. Тэгж байж хүмүүст итгүүлж чадсан. Би бол барагтай юманд итгэдэггүй хүн. Гэтэл энэ удаагийн сүлжээний бизнес их үнэмшилтэй байсан юм. Ганц надад биш, бусад 3000 хүнд ч итгэж болохуйц санагдсан байх. Хохирогчдын дунд өмнө нь иймэрхүү сүлжээний бизнесээс болж хохирсон нь ч байсан. Тэд яагаад дахиж ийм асуудалд орооцолдож байна вэ гэхээр “Байгаль эрдэнэ сан”-гийнхан маш үнэмшилтэй зүйл ярьж байсан болохоор тэр.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин