Учир нь даяаршлын нөлөөгөөр цыгануудыг гадуурхахаа больж, хүмүүсийн дийлэнх нь, магадгүй элит гэж өөрийгөө нэрлэдэг тэр хэсэг цыган болчихож. Үүний жишээг хариас, холоос эрэх хэрэггүй юм. Өнөөдөр үзэл бодлын хувьд цыганчилж, түүнийхээ үрээр оршин тогтнож яваа эмгэнэлтэй улс төрд санаархагчид цөөнгүй байна. Тэд сонгуулийн хуулийг чагнан, яавал хурааж, хуримтлуулсан хэдэн халтар төгрөгөө атгуулаад аль нэг намд нэрээ хавчуулан улс төрд шургалахаа бодохоос биш мөрийн хөтөлбөр, намын дүрэм, үзэл баримтлал гэгчийг нь сонирхдог ч үгүй.
Хэрмэл улстөрчдийн жишээг намаас нам руу дүүлж явдаг манай үеийн "шимпанзе" нараас харж болно. "Банан" үзүүлсэн нам руу байдгаа баран гүйлдэх нь дэндүү өрөвдмөөр. Тэдэнд 50, 100 сая төгрөгөөс илүү нөлөө бүхий улс төрийн нам хэрэгтэй гэнэ. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Гүндалай "АН-АТН-АН" маршрутаар яваа. Нам байгуулахад ядаж 800 хүний гарын үсэг хэрэгтэй болдог. Тэд дэмжиж байгаагаа илэрхийлж гарын үсэг зурдаг. Ард түмнээр овоглосон тэр намд насанд хүрсэн сая орчим хүнийг хамаатуулж ойлгож болох.
Гэвч Л.Гүндалай ард түмнийг ашигласан нь төдхөн илэрч, гишүүд, дэмжигчдээ хаяад өөр намд дагаар орсон анхны эмгэнэлт түүхийг үлдээсэн билээ. Иргэний хөдөлгөөнийхний туг нь болж явсан зарим хүн "Бидэнд улс төрд орох, эрх мэдэлд тэмүүлэх өчүүхэн ч зорилго байхгүй" хэмээн байснаа хэрхэн мартаж, "ИЗН-АН" маршрутаар хэрэн тэнүүчилж явааг ч мартаагүй.
Мөн Ардын намын буянд чуулганы дугуй танхимд суух эрхээ олж авсан Ц.Шинэбаяр МАХН-ын дэд даргаар ажиллаж, "Миний ажлын гол талбар бол чуулганы танхим биш" гэчихээд санал асуулга зохион байгуулагч болж хувирсан. Сонгогчид нь үүнийг хүссэн бол нэрийг нь дугуйлах байсан гэж үү. Өнөөдөр тэрбээр "Сонгуулийн тогтолцоо пропорциональ байна уу, мажоритари байна уу, ялгаагүй" хэмээн өгүүлж сууна. Яг үнэндээ ялгааг нь мань гишүүн мэдэж байгаа юм болов уу даа.
Ямар ч байсан нам дотроо дээгүүрт жагсана гэдгээ л гадарласандаа намын дэд даргын албанд ихэнх цагаа гарзаддаг байх гэж найдъя. Дашрамд дурьдахад Ардын нам, Ардчилсан намынхан хам-тарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа нь "цыган"-уудад харьяалагдах "газар нутгаа сонгох", "өөрийгөө худалдах"-д нь хүндрэл учруулаад байгаа бололтой юм. Хонь, чоно нийлж сүрэглэн учрыг нь олоход бэрхтэй болжээ. Тиймээс хүчээ нэгтгэж байгаад "хөзрөөр барьсан" байшинг нь үлээцгээж байж жишээтэй. Ямар сайндаа л бизнесийнхэн хүртэл бие биеэсээ "Хүүе, аль нам нь дээр вэ. Хэнд итгэж болох вэ. нуулгүй хэлээч" гэж асууцгааж байх вэ.
Ардчилсан намынхан өчигдөр 50:26 хувилбар буюу холимог дотроо пропорциональ нь давамгайлах ёстой гэсэн хатуу байр суурийг баримталж байгаагаа илэрхийллээ. Үүний цаана дээрх цыган-уудаас салах шийдвэртэй алхам хийх давхар мэх агуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Тэгэх нь ч зөв. Уг нь намаас гарах, орох нь хүний эрх. Харамсалтай "эрхээ эдэлж" буй эрх баригчдын энэхүү үйлдлээс хувийн ашиг хонжоо л харагдаад байгаа юм.
Түүнээс биш дээрх эрхмүүд намаа сольсноор ард түмний амьдрал дээшлээд байгаа бол адлаад байх хэрэггүй л дээ. Тэдний араас "Дүү нар" нь гарч ирж байна. Урлаг соёл, спортынхонд улс төрд аль нам ноёрхож байх нь хачин их хамаатай болж. Сонгуулийн тухай хууль хэрхэн батлах вэ, аль тогтолцоог дэмжих нь вэ гэдэгт онцгой анхаарал хандуулж байна. Нийгмийн зүтгэлтний хувьд идэвхтэй амьдарч байгааг нь сайшаах гэтэл цаанаа улстөрч болох өөртөө л "аугаа" зорилт тавьснаа нуухаа ч больж.
"Хүүе, бүлгийн хурал юу гэж шийдэв", "Аль тогтолцоогоор сонгууль явуулах нь вэ" хэмээн асуух дуучин, жүжигчин, бөхчүүд ажиглаад байхад бидний эсэргүүцээд байгаа мажоритари тогтолцоонд тун таатай ханддаг ажээ. Тэгэхгүй бол улс төрд, тухайн нам дотор тэд хэнсэн билээ. Ёстой л негөө "Сухомлинский гэдэг чинь кино жүжигчин билүү" гэгч болж байгаа юм чинь. Манайхан аливаад түргэн дасч зохицдог болохоор хэдхэн жилийн өмнө мөрөө хавчин, гараа алдалж хүлээж авсан Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг эдүгээ хэзээ язааны улстөрч чигээрээ төрсөн мэт хүндэлдэг нь ч шинээр төрөн гарч ирэхээр "дуншиж" буй хүмүүст ихээхэн итгэл төрүүлдэг бололтой.
Үүнийг "Хүн эхээс төрөхдөө улстөрч чигээрээ төрдөггүй юм" гэж тайлбарлах байх л даа. Гэхдээ хууль тогтоох байгууллага УИХ-д хуульчдийн оролцоо багассаар байгаа нь "муу хууль" үйлдвэрлэх нөхцөл болж буйг олон нийт харж байна. Өөрсдөө ч үүнийг мэдрээд хууль, эдийн засгийн "дамжаа"-нд идэвхтэй элсдэг болж. Зохиомол аргаар бэлтгэсэн хууль тогтоогчид Монголын төрийг жолоодож, хийж бүтээсэн ажилтай, олон жилийн туршлагатай жинхэнэ улстөрчдииг "Та нарын үе өнгөрсөн" хэмээн адлах нь бүр ч адармаар.
Наад зах нь улс орны эдийн засаг мэдэхгүй хүмүүс Төсвийн хуулийг баталж, түүнээс болж нэр төр горилсон, инфляцийг хөөрөгдсөн хуулиуд төрж байна. Ирэх жил Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнөөдөр хэлэлцэж буй. Тэдний ямар санал гаргаж, тайлбарлаж байгааг сайн хар. Тэгвэл дараагийн сонгуульд хэнийг сонгох вэ гэдгээ ултай бодохоос аргагүйд хүрнэ. Таримал улстөрч, төрмөл хуульчид олшрохын цагт сонгууль явуулахаас илүү Ерөнхийлөгчийн засаглалтай болчих юмсан гэж гаслах нь олширдог юм байна.
Ингэснээр ардчиллын зарчмаасаа, өнгөрсөн хугацаанд олж авсан үнэт зүйл бүхнээсээ залхдаг. Тэр бүхнээсээ урвахыг хүсдэг ажээ. Тэгэхээр сонгогчид ч гэсэн "цыганжсан" үзэлтэй байгаа биз. Дэлхий нийт цыган үндэстнийг адлахаа больсон. Харин Монгол дахь цыганууд л төрийг мөхөөж мэдэхээр байна.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин