АНУ хамгаалах системээ Солонгосын хойгт байршуулав

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

АНУ хамгаалах системээ Солонгосын хойгт байршуулав

 

Пхеньян холын тусгалын пуужин харваж хиймэл дагуул хөөргөснөөр АНУ баллистик пуужингийн эсрэг “Patriot” системийг Солонгосын хойгт байршуулжээ. Түүнчлэн энэ долоо хоногт АНУ-ын зүгээс нэмж баллистик пуужин угтан сөнөөх дэвшилтэт хамгаалах системийг Өмнөд Солонгост байршуулахаар төлөвлөж байна. Харин Бээжингийн АНУ-ын пуужингаас хамгаалах систем Солонгосын хойгт байрших нь Хятадын аюулгүй байдлын заналхийлэл болж байна хэмээн эсэргүүцжээ. Түүнчлэн ОХУ-ын зүгээс АНУ-ын үйлдэл бүс нутагт зэвсгийн өрсөлдөөнийг өдөөнө хэмээн санаа зовниж буйгаа учирласан байна.

 

Өмнө нь АНУ-ын пуужингийн систем Өмнөд Солонгост байрлах талаар яриа гарч байсан ч Сөүлийн талаас худалдааны гол хамтрагч Хятадтай харилцаагаа бодоод татгалзаж байсан юм. Гэвч Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун илүү олон пуужин хөөргөх тушаал өгснөөр Сөүлийн албаныхан бодлоо өөрчилжээ.

 

Пхеньян өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр барахгүй энэ сарын эхээр хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн нь  Солонгосын хойг төдийгүй Азийн хөрш орнуудад түгшүүрт байдал үүсгэсэн юм. Энэ хэргийн улмаас хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэдэл Кесоны аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. Өмнөд Солонгосын талаас Кесоны аж үйлдвэрийн цогцолборын орлогын талаас илүү хувь нь Пхеньяны цөмийн зэвсэг, пуужингийн технологийн санхүүжилт болж байгааг мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: US NEWS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж