АНУ Афганистанаас цэргээ татна

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

АНУ Афганистанаас цэргээ татна

АНУ Афганистанаас цэргээ татах тухай асуудлын эцсийн шийдвэр хараахан гараагүй байна хэмээн Цагаан ордноос мэдээлж байсан. Харин энэ асуудлаар Ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригт буюу маргааш албан ёсны мэдэгдэл хийхээр болжээ. Одоогийн байдлаар АНУ-ын 100,000 орчим цэрэг Афганистанд алба хааж байгаагийн дотор 30,000 орчим нь 2009 оны сүүлээр Афганистанд улам хурцдаж байгаа хүчирхийллийг хяналтанд оруулах үүрэг авч томилогджээ. АНУ тэдгээр цэргүүдийг ирэх долдугаар сараас эхлэн эх нутагт нь эргүүлэн татах тухай хэлэлцэж эхэлсэн ч хэчнээн тооны цэргийг татах эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.

Афганистаны аюулгүй байдалд ноён ерөнхийлөгчийн баримталж байгаа гол баримтлал нь АНУ тус улсын аюулгүй байдлыг сулруулалгүйгээр цэргийн хүчээ татах явдал аж. Энэ хүрээнд АНУ-ын батлан хамгаалах болон засгийн газрын албаныхан Афганистаны батлан хамгаалах хүчний бэлэн байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Афганистанаас цэргийн хүчээ буцаан татах асуудлаар Америкчуудын дунд явуулсан санал асуулгын дүнд нийт оролцогчдын дөрөвний гурав нь цэргүүдийг буцаан татахыг дэмжсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж