Ээлжгүй ээлжит бус чуулган

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Ээлжгүй ээлжит бус чуулган

Ээлжгүй ээлжит бус чуулган

Цагаан сарын өмнө Ерөнхий сайдаа огцруулах асуудлаар өнгөрсөн хугацаанд байгаагүйгээр ирц бүрдүүлэн хуралдаж, эрх баригчид дуу нэгтэйгээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээ авч үлдсэн УИХ өндөрлөсөн. Намрын чуулганы сүүлчийн өдрүүдэд элдэв асуудлаар завсарлага авч, зарим хуулийг дуу нэгтэйгээр “машиндсан” УИХ энэ өдрүүдэд улс оронд чухал хэрэгтэй асуудлыг цэгцэлж, нэн шаардлагатай байгаа хуулиудаа явуулахаар ээлжит бус чуулганы УИХ-ын дарга З.Энхболд зарлалаа.

Сайн малчин тэмдгийг өөрийн тойрогтоо боломжийнхоо хэрээр тарааж явсан гишүүд энэ өдрүүдэд тойргоосоо эргэн ирэх шаардлага гарч байна. Эдийн засаг хүндэрсэн, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доошилж  байна гэх үгийг амны уншлага болгосон хэрнээ аливаа асуудалд аминчхан үзлээр хандаж, болж өгвөл гацааж, боломжгүй бол өөрт ашигтайгаар эргүүлэх нийтлэг жишигтэй болсон энэ удаагийн УИХ-д ээлжит бус чуулган цор ганц үлдсэн.

Иргэдээ бодсон ч, ирэх сонгуулиар санал авахаа тооцсон ч тэр энэ удаад УИХ-ын гишүүдэд илүү хариуцлагатай, өөрийн биш өрөөлийн төлөө шийдвэр гаргах зайлшгүй шаардлага тулгарчээ.

Ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэхээр товложээ. УИХ, Цэц хоёрын ужгирсан хэрүүл яван явсаар засаглалын аль нь илүү хүчтэй вэ дээ хүртлээ газар авсан энэхүү хэрүүлийг ийнхүү эцэслэн шийдвэрлэх бололтой. Хэдийгээр энэ асуудлыг хаа хаанаа хүлээцтэйгээр учир зүйгээ олох боломж байсан ч аль аль талдаа өөрсдийн эрх мэдлийг ашиглаж, хэвлэлээр хэрэлдэж, албан бичиг үйлдвэрлэсэн цагаан сарын бууз, битүүлэгтэй золгосон юм. Тиймээс ч ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэх нь.

Араас нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гээд улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжид амин шаардлагатай байгаа багц хуулиудыг хэлэлцэнэ.

Дээр нь хууль, шүүхийн шинэчлэл ярьж эхэлснээс хойш нийгэмд хүлээлт бий болгосон Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл гээд иргэдийн амьдралд өдөр тутам үйлчилдэг шинэчлэх зайлшгүй шаардлагатай хуулийн төслүүд бий.

Төрийн албан тушаалтнууд улсын мөнгийг бодлогогүй, үр өгөөжгүй, өнөө маргаашаа аргацаасан зүйлд зарцуулдаг ч өнөөдөр хариуцлага хүлээсэн нь ховор. Хохирлыг барагдуулсан нь гэвэл бүр байхгүй. Тэгвэл өнгөрсөн чуулганаар хэлэлцэхээс хойш тавьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь.

Түүнчлэн бид цаашдаа дэлхийн улс орнуудтай хэрхэн харилцаж, ямар байр суурийг баримтлах вэ гэдэгт чухал нөлөө үзүүлэх Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл, өнөөгийн хамгийн ойлгомжгүй асуудал болон хувирсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд нийтдээ 24 томоохон хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр тогтжээ.

Энэ бүхэн хууль тогтоогчид нэн хариуцлагатай, иргэдийн өдөр тутмын амьдралаас эхлээд улс орны цаашдын хөгжил, гадаад ертөнцтэй ямар байр сууриас харилцаж, цаашид хэрхэх вэ гэдгийг шийдвэрлэх чухал асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагыг тавьжээ.

Ээлжит бус чуулганаас өөрөөр эдгээр асуудлыг хэлэлцэх цаг хугацаа, ээлж дараалал энэ удаагийн чуулганд байхгүй. Хаврын чуулган байгаа ч энэ жил сонгуулийн жил. Эхлүүлсэн болоод л өөр өөрсдийн тойрог, намын сонгуулийн штаб руугаа гүйцгээнэ. Өнгөрсөн парламентууд ч тийм л байсан. Сүүлчийн хаврын чуулганаараа ажлаа бүрэн дүүрэн хийж, асуудлыг эрүүлээр шийдвэрлэж байсан парламент үнэндээ байсангүй.

Тиймээс ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүйн тулд урьд урьдынхаасаа илүү нухацтай хандахыг УИХ-ын гишүүдээс цаг хугацаа шаардаж байна.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж